
Олон улсын олимпын хорооноос Сенегалд залуучуудын олимпын наадмыг зохион байгуулж байна. “Дакар-2026” наадамд 204 орны 14-17 насны хүүхэд, залуучууд өрсөлдөж, олимпын аваргууд тодорч эхэллээ. Манай тамирчдаас өчигдөр усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Оргилмаа өрсөлдлөө. Тэрээр гараандаа зургадугаар байр эзэлсэн юм. Б.Оргилмаа маргааш 100 метрийн зайд уралдана.
Энэ наадамд багийн төрлөөр 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг оролцож байгаа. Манай сагчид В хэсэгт Венесуэл болон Аргентины багуудтай багтсан. Энэ хэсгийн тоглолт маргааш болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодрох юм. Энэ удаагийн багт Д.Сүхбат, М.Мөнх-Эрдэнэ, Х.Билигт, Н.Дэлгэрмөрөн нар багтсан бөгөөд дасгалжуулагч Г.Ундрахын удирдлага оролцож байна.
Манай тамирчид 3х3 сагсан бөмбөгөөс гадна бокс, дугуй, элсний бөхийн төрлөөр өрсөлдөнө.
“Дакар-2026” наадмыг Японы баг зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл, нийт есөн медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол БНХАУ, ОХУ, Египет, Хорват, Шинэ Зеланд, Бразил, Турк, АНУ зэрэг 28 орон алтан медалийн тоогоор удаалж байна. Монгол Улсын багаас жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртсэнээр өнөөдрийн байдлаар Беларус, Белги, Болгар, Унгар зэрэг орны хамтаар 50-р байрт жагсаж байна.