
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийх чухал айлчлалдаа дэлхийн хамгийн баян бизнес эрхлэгчдийн нэг хэсгийг дагуулан явж байна. Трамптай хамт явж буй тэрбумтнуудын нийт хөрөнгө хэдэн зуун тэрбум ам.доллароор хэмжигдэнэ.
Ши Жиньпинтэй хийх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Трампыг дагалдан явж буй технологи, санхүүгийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийн дунд Илон Маск, BlackRock-ийн гүйцэтгэх захирал Ларри Финк, Apple-ийн тэргүүн Тим Күүк нар багтаж байна.
Маск лхагва гарагт Air Force One онгоцноос сошиалд нийтлэл оруулж, Бээжин рүү явж байгаагаа мэдэгдсэн. Мөн тухайн орой онгоц газардсаны дараа улаан хивсэн дээр албаны хүмүүстэй мэндчилж буй зураг нь мөн нийтлэгдсэн байна.
Трамп өмнө нь өөрийн Truth Social платформ дээр урт мэдэгдэл нийтэлж, айлчлалд оролцох хэд хэдэн өндөр түвшний бизнес эрхлэгчдийн нэрийг баталгаажуулсан ч Тим Күүкийг “Tim Apple” хэмээн нэрлэсэн байна.
Тэрээр “Женсен, Илон, Tim Apple, Ларри Финк, Стивен Шварцман, Келли Ортберг (Boeing), Брайан Сайкс (Cargill), Жэйн Фрейзер (Citi), Ларри Калп (GE Aerospace), Дэвид Соломон (Goldman Sachs), Санжай Мехротра (Micron), Кристиано Амон (Qualcomm) болон бусад олон хүн агуу Хятад улс руу надтай хамт явж буй нь нэр төрийн хэрэг” гэж бичжээ.
Мөн “Би Ерөнхийлөгч Шигээс Хятадыг “нээж өгөхийг” хүснэ. Ингэснээр эдгээр гайхалтай хүмүүс чадвараа ашиглан БНХАУ-ыг бүр өндөр түвшинд хүргэхэд тусална”хэмээн онцолсон байна.
Forbes-ийн тооцоолсноор энэ багийн нийт хөрөнгө Женсен Хуанийг оруулахгүйгээр 870 тэрбум ам.долларт хүрч байгаа аж.
Харин Nvidia-ийн гүйцэтгэх захирал Хуанийн 190.6 тэрбум ам.долларын хөрөнгийг нэмбэл нийт хэмжээ нь 1.06 их наяд ам.доллар давна.
Илон Маск дангаараа ойролцоогоор 819 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцогдож байгаа бол Тим Күүкийн хөрөнгө 2.9 тэрбум ам.доллар аж. Сүүлийн үед Apple-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөхөөр төлөвлөж байгаагаа Күүк мэдэгдсэн.
Хиймэл оюуны өрсөлдөөнд чухал байр суурь эзэлдэг Nvidia-ийн тэргүүн Хуан мягмар гарагийн орой Air Force One онгоцонд сууж буй нь харагдсан байна.
The New York Times-ийн мэдээлснээр анх Хуан айлчлалд оролцохгүй гэсэн мэдээлэл гарсны дараа Трамп мягмар гарагийн өглөө түүн рүү утасдаж, биечлэн урьсан аж.
Мөн:
Технологи, санхүүгийн салбараас гадна Бретт Ратнер мөн Трампын Бээжин рүү ниссэн онгоцонд байсан талаар сурвалжлагчид мэдээлжээ.
The Washington Post-д өгсөн тайлбартаа Ратнерын төлөөлөгч түүнийг “Rush Hour” цувралын дөрөв дэх киноны зураг авах байршил хайхаар явж байгаа гэж мэдэгдсэн байна.
Трампын айлчлалд оролцож буй компаниуд: