
Австралийн иргэн 35 настай эрэгтэйг терроризмтой холбоотой баримт бичиг цуглуулсан буюу бэлтгэсэн, хүчирхийллийн хэт даврагч үзэл суртал агуулсан материал эзэмшсэн хэргээр буруутгаж, батлан даалтад гаргах хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.
Австралийн Холбооны цагдаагийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд комиссар Хилда Сирек хэлэхдээ, тухайн эрэгтэй автомашиныг өөрчилж, болзошгүй террорист халдлагад ашиглах зориулалттай гар хийцийн тэсрэх төхөөрөмж болгон хувиргах заавар бүхий материал эзэмшиж байсан гэж цагдаа нар үзэж байгааг мэдэгджээ.
“Одоогийн байдлаар бид түүнийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байна. Сэжигтэн халдлагын бай, байршлыг сонгосон эсвэл автомашинд суурилуулсан гар хийцийн тэсрэх төхөөрөмж бүтээх чадвар, хэрэгсэлтэй болсон гэх ямар нэгэн мэдээлэл бидэнд байхгүй” гэж хэлжээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой өөр хоёр эрэгтэйг буруутгасан байна. Нэгийг нь цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, нөгөөг нь галт зэвсэгтэй холбоотой хэрэгт буруутгажээ.
Цагдаа нар эдгээр эрэгтэйчүүдийн нэрийг зарлаагүй, мөн өмгөөлөгч авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Цагдаагийн мэдээлснээр, олон нийтийн аюулгүй байдалд одоогоор үргэлжилж буй ямар нэгэн аюул заналхийлэл байхгүй аж.