
Музейд хадгалагдаж байсан эд эрхтнүүдийг 2018 онд үзүүлэнгээс хасжээ.
Тасманийн Засгийн газар задлан шинжилгээний үеэр авсан хүний эд эрхтнүүдийг ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр олон арван жилийн турш хадгалж, их сургуулийн эмгэг судлалын музейд үзүүлж байсандаа албан ёсоор уучлал хүсжээ.
Тасманийн эрүүл мэндийн сайд Бриджет Арчер мягмар гарагт парламент дээр уучлал хүссэн захидал уншжээ. Талийгаачдын төрөл төрөгсөд Хобарт хотод цугларч, хариуцлага болон тайлбар шаардаж байв.
1966-1991 оны хооронд үргэлжилсэн энэхүү практикийн хүрээнд хадгалагдсан эд эрхтнүүдийг RA Rodda Pathology Museum-д сургалт, судалгааны зорилгоор байршуулж байсан аж.
Хожим явагдсан мөрдөн шалгалтаар нийт 177 хүний эд эрхтэн хадгалж байснаас 100 орчмыг нь таньж тогтоосон байна. “Эдгээр нь зүгээр нэг сорьц, эд эрхтэн биш байсан. Тэд бол хүмүүс байсан, ээжүүд, аавууд, охид, хөвгүүд, ах эгч нар байсан” хэмээн Арчер парламент дээр мэдэгджээ.
Энэ асуудал анх 2016 онд музейд хадгалагдаж буй сорьцуудтай холбоотой асуудал сөхөгдсөнөөр олон нийтийн анхааралд орсон байна.
2023 онд эхэлсэн мөрдөн шалгалтаар эмгэг судлаачид задлан шинжилгээний үеэр эрхтэн, эд эсийг санаатайгаар авч, гэр бүлийн зөвшөөрөл болон шүүх эмнэлгийн зөвшөөрөлгүйгээр музейд шилжүүлдэг байсан нь тогтоогджээ.