Уран зөгнөлт зохиолын сэнтий цаг үе бүхэнд өөрийн гэх суутантай байлаа. Яг л “Хаан сэнтийн наадаан” кинонд Вестеросын хааны сэнтий хэзээд дараагийн залгамжлагчид үе дамждагтай адил.
Сэнтий хоосон байсан удаагүй. Тэгээд ч үлгэрээс эхтэй, домог амилдаг ийм төрлийн бүтээлд Ж.Р.Р.Толкины зохиолоос сэдэвлэсэн кинонууд удаан хугацаанд ноёлсны дараа Жорж Р.Р.Мартин хэмээх номын хорхойтон англи эр “Гал мөсний дуун” романаа хэвлүүлснээр өөр нэгэн шинэ ертөнцийг хүн төрөлхтний ухамсарт бүтээж өгсөн билээ. “Хаан сэнтийн наадаан”-ыг эрх мэдлийн төлөөх харгис тулаан, урвалт, цус асгаруулсан хаадын түүх гэлцдэг. Үнэндээ уг цувралд хүнээс гарч болох бүхий л шинж чанар, ёс суртахууны асуудлууд, шашин, хайр, өс хонзон, эмгэнэл зэргээс гадна ижил хүйстэн, язгуур угсаа, эрх чөлөө гэх мэтээр ухамсарт бодгалийн оноон нэрлэдэг ямар ч сэдвийг орхигдуулаагүй юм.
Харин НBO-ийн дараагийн шинэ цуврал болох “House of the Dragon” кинонд хожим хойно болох тэрхүү тулааны уг үндэс, Таргариенуудын дотоод дахь хагарал, сүйрлийн талаар өгүүлдэг. Аливаа үйл хэрэг, цаг үеийн байдал, тэнд орших дүрүүдийн зан авир, эрээ цээргүй араншин, хүнлэг чанарыг магтан дуулах бүрдээ кино уран бүтээлчид туйлын хянамгай, нягт нямбай хандсан нь тус цувралаас илтэд мэдрэгдэнэ. Хаад, хатад юунаас үүдэж, ямар шалтгаан, нөхцөл байдлын үед хананы хоёр талд зоосон хадаас аажимхан сугарах шиг унаж байгааг эл цуврал дүрүүдийн сэтгэлзүйд илүүтэй төвлөрүүлж үзүүлсэн. Гэхдээ хараахан төгсөөгүй.
Өдгөө үзэгчид Вестерост дахин хөл тавьж, анчин эрсийн өлгий болсон Шуурганы адгаас эхлэх нэгэн түүхийн гэрч болцгоож байна. Энэ бол НBO телевизийн шинэ цуврал, Долоон ханлигийн хүлэг баатар Сэр Данкан, түүний хиа Эгг буюу хожмын тавдугаар Эйгон Таргариен нарын түүхийг өгүүлэх “A Knight of the Seven Kingdoms: The Hedge Knight” юм.
Хамгийн гол нь тус бүтээлд хааны сэнтий, эрх мэдлийн төлөөх тулаан бус хүнлэг сэтгэл, хүн чанарын тухай өгүүлнэ.
Цувралын эхний дөрвөн анги цацагдсан даруйд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гэвч уг киноны үзэлт, Мартины бүтээлээс сэдэвлэсэн контентуудын хамгийн өндөр үнэлгээтэй франчайз болох эсэх талаар дүгнэлт хийхэд дэндүү эртдэнэ. Харин үйл явдлын удаан өрнөл, Өндөр сэр Данканы нинжин сэтгэлтэй боловч жаахан мулгуу гэмээр дүрийн хошигнол, Эггийн хурц ухаантай баймаар хэл яриа, киноны зураглал, хуучны танил ноёдын өвөг дээдсийн наргиа хэдийнэ үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж орхижээ. Эхний ангиуд ийнхүү үзэгч, кино шүүмжлэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд цаашид дүрүүд хэрхэн өөрчлөгдөж, бие хүний төлөвшлийг “Хаан сэнтийн наадаан” дахь Трион Грэйжойн дүр шиг ямархуу чадмагаар урлан харуулах нь онцгой анхаарал татаж байна. Мөн Таргариений удмын өв залгамжлагчдын дүрүүд ч үзэгчдийн анхаарлын төвд байгаа билээ.
Цувралын эхний анги Өндөр сэр Данкан өөрийн багш, үйл явдалд дурсамжийн хэсэг бусаг дүрээр залрах сэр Арланыг оршуулж буйгаар эхэлдэг. Бас л нэг хүлэг баатрын үхэл. Харин цааш үргэлжлэх үйл явдлууд анчин эрсийн өлгий болох Шуурганы адагт өрнөнө. Энд эртнээс Вестеросын хүчирхэг овгуудын нэг болох Баратеончууд эзэн суудаг.
Үзэгчид энэ удаад хааны ордноор алхаж, луунуудын домог яриаг сонсох бус харин эгэл ардын баяр хөөр, дайн тулаанаас хол, нам гүмхэн оршихуйд хөл тавина. Мэдээж тус цувралын үйл явдал луунуудын тулаанаас 70 орчим жил, үхдэлүүдийн арми ханыг нэвтэлж, Дейнерис гурван луутай болж, умардыг сахигч “Өвөл айсуй” хэмээхээс даруй 100 орчим жилийн өмнө өрнөнө.
Үүнээс гадна тус цувралын шүтэн бишрэгчдийн хүлээдэг томоохон тулалдаан, үйл явдлын цочирдом эргэлтүүд бус удаан хэмнэл, дүрүүдийн ажиглалт, дотоод дахь зөрчил эхний ангиудад илүүтэй давамгайлж байна. Энэ нь зарим талаар хэт бага өрнөлтэй мэт санагдавч Өндөр сэр Данканы түүхийг өгүүлэхэд тохиромжтой туйлын оновчтой найруулга гэдгийг дурдууштай. Тэгээд ч кино сэр Арланы үхлээр өрнөсөн нь хүчирхэг хүлэг баатар төрж буй мөчийг бус харин гол дүрийн баатрыг цаашид ямархан хувь заяа угтахыг зөгнөснөөрөө аливаа түүхийн уран яруу эхлэл болсон мэт сэтгэгдэнэ.
Гол нь “Хаан сэнтийн наадаан”-ы төгсгөлийн ангид урам хугарсан үзэгчдэд тус кино Вестеросыг анх хэрхэн хайрлаж эхэлснийг дахин сануулна. Учир нь гол дүрүүдийн хурц, ухаалаг диалогиуд, өөрсдийн зан авир, овгийнхоо сүлдний цаана орших удам угсааны жинхэнэ чанарыг өвлөсөн дүрүүдийн тоглолт нь үзэгчдийг анх татаж чадсан хүчирхэг шинжийг бүрнээ хадгалжээ. Шуурганы адгаас эхлэх, зохиолчийн өөрийнх нь тодорхойлсноор эл даруухан түүх эцэстээ Вестеросын хувь заяанд ямархан гүнзгий ул мөр үлдээхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Өндөр сэр Данканы дүр Сервентасын алдарт “Дон Кихот” романы гол дүрийг санагдуулна. Магадгүй түүний хажууд Санчо Пансаг бодогдуулам нэгэн хүү гарч ирсэн нь эл мэдрэмжийг төрүүлсэн ч байж болох юм. Шалтгаан нь уншсан зохиолынхоо дүрийн туулсныг амьдрал дээр хэрэгжүүлэхийг зорьдог адал сэтгэхүйтэнтэй адилаар сэр Данкан ч өөрийн хувь заяаг бүтээхийг хүснэ. Хэтэрхий гэнэн, дэндүү шударга зан, үг хэллэг нь түүнийг хэд хэдэн удаа асуудалд ороход хүргэж байна. Харин түүний цаг үед ноёд тийм ч харгис байгаагүй бололтой. Эл чанар нь Дон Кихоттой адилтган харахад хүргэнэ. Хуучин цагийн уламжлал, ёс жудагт итгэж, одоохондоо шударга ёсыг өөрийн туг, овог болгосон Өндөр сэр Данкан бодит ертөнцийн харгис үнэнтэй үргэлж мөргөлдөнө.
“Хаан сэнтийн наадаан” киноны дөрөвдүгээр улирлын эхний ангид Жоффри Баратеон хаан “Ахан дүүсийн судар” буюу агуу хаадын торгон цэргүүдийн агуу үйлсийг тэмдэглэсэн номыг уншиж байхдаа “Өндөр сэр Данканых дөрвөн хуудас байна. Сүрхий эр байжээ дээ” хэмээхэд Жэмми Ланнистер “Тийм гэлцэх юм билээ” гэж хариулдаг. Тэгэхээр цувралын гол баатар маань халз тулаанд ялж, шаггүй шан харамж авах нь тодорхой мэт сэтгэгдэл төрөх ч үзэгчдэд хүрээд буй гуравдугаар ангийн төгсгөл үйл явдлыг бүхэлд нь эргүүлж орхив.
Тэр бол Хааны хотын гудманд өссөн, харц гаралтай өнчин хүү. Хэн хүнээс өндөр том биетэй, Тормундын адил аварга биетний сүү уусан баймаар эл нүсэр эрийн хуяг дуулга хожмоо Хааны ордны харуулын танхимд хадгалагдах болно. Түүний дүрийг Ирланд гаралтай жүжигчин, регбигийн холбооны тоглогч асан Питер Клаффи бүтээж буй. Дүрийн хувьд хүчтэй атал өөртөө итгэлгүй, аварга биетэй боловч хүүхэд шиг гэнэн зан авирын эсрэгцэл уг дүрд бий. Харин жүжигчин Питер Клаффи эл хоёрдмол чанарыг тун тэнцвэртэй барьж, өөлөх зүйлгүй тоглолтыг үзүүлж байгааг шүүмжлэгчид онцолжээ.

Уг түүх дээр луугийн гал асахгүй. Гэвч тэдний талаарх яриа нь домог үлгэр мэт хуучраагүй. Таргериенуудын ноёрхол үргэлжилж байгаа боловч амар тайван цаг үе.
Данкан ийнхүү Вестеросын нутгаар гурван морины хамт тэнүүчилж явсаар морьтон баатруудын тулалдаанд оролцохоор Шуурганы адагыг зорих замдаа нэгэн буурчийн газар буудаллахад Эгг угтдаг. Хүү өөрийнх нь хиа болох санал тавихад Данкан үл зөвшөөрөх боловч Эгг түүний хойноос дагаж Шуургат нутагт иржээ.
Хурц ухаантай, өндөр боловсролтой гэмээр Эгг бол хааны бага хүү, ирээдүйн хаан, тавдугаар Аегон Таргариен байж таарна. Ийнхүү тэр бол луут хатан Дейнерисийн эцэг хэмээгдэх Галзуу хааны өвөө гэдэг нь гуравдугаар ангид тодорхой болдог. Данкан түүнийг хиа болохыг зөвшөөрснөөр хамтдаа наадмын талбайн захад босгосон асруудын дундуур алхаж явахад нэгэн зөнч тааралдаж Эггийг “Чи хаан болно. Тэгээд халуун галд шатаж, өт хорхой үнсээр чинь хооллоно. Таныг таних бүх хүн үхэлд чинь баясан цэнгэнэ” гэж хэлдэг.
Эггийн дүрийн эмгэнэл нь эндээс эхлэлтэй. Жорж Мартины зохиолд өгүүлснээр тэрээр хожмын тавдугаар Эйгон Таргариен болохдоо жирийн ард түмнийг бодсон шийдвэрүүд гаргасан нь ноёд язгууртнуудын дургүйцлийг төрүүлж, улмаар луу амилуулах зан үйлийг сэргээх гэж оролдсон нь бүтэлгүйтэж ордонтойгоо хамт шатдаг. Үнэндээ зөнчийн хэлсэн нь өөрийн хамгийн их хүсдэг зүйлээс болж шатна гэсэн утгатай.
Мөрөөдөл нь түүнд гал авчирна. Энэ бол Мартины хамгийн гунигтай парадокс.
Гол нь Вестерос бол сайн хүнд хэтэрхий харгис ханддаг ертөнц билээ.

Цувралын эхний ангиудад Инээдэг шуурга буюу Лайонел Баратеон шиг хөл хөөртэй, өөрийнхөөрөө хөгжилдөж буй хүн Вестерост байсангүй. Хожим Таргариенчуудын хаанчлалыг таслах Баратеон овгийн өвөг дээдсийн дүрийг английн жүжигчин Даниел Ингс бүтээжээ. Тэрээр тус дүрд тоглосноороо дэлхий даяар сая сая фенүүдтэй болжээ. Үнэндээ уг цувралыг ерөнхий нэг томоохон тайз гэж сэтгэвэл Даниел Ингс тус тайзыг эзэгнэж, нулимж, дээр нь бүжиглэж дүрээ босгов. Гэвч уг дүр хэзээд хүүхэлдэйн театрын алиа салбадайгаас эрс өөр байсан нь эхний ангид Данкантай өрнүүлсэн ухаалаг ярианаас анзаарагдана. Түүний сэтгэлийн дотор гэнэтэд тэсэрдэг баяр хөөртэй нь адил ганцаардлын өргөн уудам орон зай ч бий. Тиймдээ ч эхний ангиудаас үзэгчдэд хамгийн их таалагдсан дүр, шинэхэн цувралын жинхэнэ ялагч нь Даниел Ингс буюу Лайонел Баратеон байлаа.

Харин гуравдугаар ангиас эхлэн Аерион Таргариен үзэгчдийг татаж эхлэв. Түүний нэрийн эхний үе өвөг дээдэс буюу Аегон, Аемон Таргариен нарыг санагдуулна. Түүн шиг бардам агаад эрх мэдлээр заналхийлсэн солиотон тулааны талбарт байсангүй. Уг дүрийг английн залуу жүжигчин Финн Беннетт дэлгэцнээ амилуулжээ. Таргаренчуудын угсаа залгамжлагчдын “галзуу” авир, өршөөлгүй харгис зан чанарыг анх удаа дэлгэцэд тун тодоор тусган харуулсан нь Аерион байв.
Түүний хаан угсааны итгэл үнэмшлийн цаана ганцаардал, бусдад хэзээд үл хүлээн зөвшөөрөгдсөн цөхрөл ч мөн нуугдаж байх шиг санагдана. Аерион Таргариен бол үзэгчдийг татахын зэрэгцээ түгшүүр төрүүлсэн дүр. Лайонел Баратеон одоохондоо тус цувралын нар, зөөлөн сэвшээ салхи байх аваас Айреон гал, үнс нурам болно. Хуйнаас сугарах цагт ирийг нь цусаар мялаадаг илд шиг аюул заналаар дүүрэн харцыг үүтгэж чадсанаараа жүжигчин Финн Бенетт ч мөн адил Даниел Ингс шиг алдар нэр хүртэх эрхтэй.
HBO цаашид ч Вестеросыг орхих бодолгүй байгаа гэдгээ аль хэдийнэ илэрхийлсэн. Тухайлбал, нэн тэргүүнд “Хаан сэнтийн наадаан”-ы адал явдлаас мянгаад жилийн өмнө өрнөх “The Long Night” нэртэй шинэ цуврал хийхээр болсноо зарласан. Уг цувралын үйл явдал нь цагаан үхдэлүүд анх хэрхэн үүссэн хийгээд “Хана”-ыг яаж босгосон талаар өгүүлэх юм. Мөн эдгээр төслүүдээс гадна дахин хоёр шинэ цувралын талаар ч яригдаж буй.
Үүний эхний шат Арьяа Старкийн Вестеросын хилийн чинадад өрнөх аялал байх болно. Мөн Мэйси Уильямс дахин Арьяагийн дүрийг бүтээх боломжтой эсэх талаар хэд хэдэн уулзалтуудыг хийсэн байна. Гэвч одоогоор тодорхой мэдээлэл, ямар нэгэн гэрээ үзэглэсэн зүйл үгүй. Басхүү Жон Сноу хананы цаана буюу жинхэнэ умардад зэрлэгүүдтэй хамт аж төрөхөөр явсан төгсгөлийн зураг авалт дээр суурилан шинэ цуврал бүтээх саналыг ч телевизийн зүгээс гаргасан. Харамсалтай нь түүний амьдралын хэтийн түүхийг өгүүлэх зохиол, тодорхой үзэл санааг илтгэх хүчирхэг түүх үгүй гэх шалтгаанаар цувралын ажил хойшлогдсон талаар мэдээлэл гарсан. Харин зарим баттай бус эх сурвалжууд одоогоор тус цуврал хөгжүүлэлтийн шатандаа явж буй хэмээн мэдээлсээр байгаа юм.
Одоо харин өгүүлэн буй цуврал руугаа эргэж оръё. Анх цувралын ээлжит “teaser” зургийг нийтлэх үедээ тайлбар дээр нь “This Winter, Spring is Coming” хэмээн бичсэн байв. Ийнхүү шүтэн бишрэгчдийн хувьд хэдийнэ танил болсон “Winter is Coming” гэх хэлцийг өөрчилсөн нь тус бүтээл өмнөх цувралуудаас эрс өөр болохыг тодотгосон хэрэг болов уу.
Мөн уг цувралын найруулагч Айра Паркер “Зарим үзэгчид эл цувралыг уналт хэмээн тодорхойлж магад. Гэвч “A Knight of the Seven Kingdoms” бол өмнөх цувралуудад үгүй чухал орон зайг нөхөх болно. Энэ бол Вестеросын харц ардын аж байдал, ахуй амьдралыг түлхүү үзүүлэхийн сацуу, утга учиртай нөхөрлөл, хүн хоорондын харилцааны мөн чанарыг дөхүү харуулах явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Заримдаа ертөнцийг өөрчилдөг зүйл нь хаадын илд бус эгэл хүний мөн чанарт оршдог. Энэ бол ялгуусан ялалтын талаар өгүүлэх бус хүн байхын үнэ цэнийн тухай хүүрнэх түүх. Умардад хүйтэн салхи босох болоогүй агаад хавар аль хэдийнэ айсуй.