Чингисийн чулууны бичгийг шинээр тайлан уншихуй...

Монгол бичгийн дурсгалуудаас хамгийн анхных нь Чингисийн чулууны бичиг. Энэ бол Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд газар харваж оносны дурсгалд зориулж босгосон гэрэлт хөшөө юм. Монголчууд Дундад Ази руу аян дайн хийж, Сартуул иргэнийг дагуулж ирээд Алтайн Буха Сочихай гэдэг газар өргөн их найр хийж, эрхий мэргэнээ сорин сур харвахад Есүнгэ мэргэн ийнхүү цолгорон тодорч, өвөг Чингис хаандаа сайшаагдсан аж. Энэ үйл явдал хэзээ болсон бэ гэдэгт судлаачид яг таг тогтоогүй.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Цолмон

“Энэ цаг хугацааг судлаачид гол төлөв 1224 он гэж үздэг. Зарим судлаач 1225 он гэж үзсэн байдаг нь тэр үеийн монгол тоолол өнөөгийнхөөс зөрүүтэй, мөн Цагаан сарын өмнө, хойно болсон гэдэгтэй холбоотой байж болох юм.”

Энэхүү дурсгалыг Чингисийн чулууны бичиг гэж яагаад нэрлэх болов? 1802 онд Хархираа, Үрлүнгүй голын бэлчирт орших Хондуйн балгаснаас нэгэн бичигт хөшөө олдсоныг нутгийн хэлмэрч нар эхний мөр тэтгэн бичсэн хоёр үгийг Чингис хаан хэмээн тайлж уншсанаар дээрх нэрээр алдаршжээ.

Уг гэрэлт хөшөөнд сийлэн үлдээсэн түүхэн үйл явдал өрнө зүгт Алтайд болсон атал уг дурсгал дорнод Сибирээс буюу Монгол нутгийн зүүн хойд талаас олдсон. Учир нь, Чингис хаан дүү Хасартаа соёрхон өгсөн газар нь Аргун мөрөн, Хайлаар, Хөлөн нуур хавийн нутаг бүхэлдээ багтаж байжээ. Хасарын эзэмшлийн төв нь Нерчинск хот орчим байсан аж. Энэхүү Нерчинск хотыг буриад монголчууд Нэршүү гэж нэрлэдэг. Эдүгээгийн ОХУ-ын Өвөрбайгалийн районы төв Чита хотоос зүүн тийш 273 км зайд оршдог.

Сонирхуулахад, 1689 онд Оросын хаант улс болон Манж Чин гүрний хооронд хилийн зурвас тогтоох анхны гэрээг Нерчинскт байгуулсан нь Нэршүүгийн гэрээ хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2019 онд ОХУ-д айлчлах үеэр Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский Чингисийн чулууны бичгийн хуулбарыг гардуулан өгсөн юм. Уг хуулбар эдүгээ “Чингис хаан” музейд хадгалагдаж буй.

Чингисийн чулууны бичгийн өндөр нь 202 см, өргөн нь 74 см, зузаан нь 22 см. Боржин чулуун дээр 21 үгийг таван мөрөөр, уйгуржин монгол бичгээр ухаж сийлжээ. Хөшөөний бичээсийн агуулга нь, “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг Монггул улус-ун арад-и Буха Сочихай хуригсан дур Есүнггэ хонгодорун гурбан загуда гучин табун алда дур онтудалу-га” хэмээсэн ганц өгүүлбэр юм.

1818 онд Сибирийг судлаач Г.И.Спасский “Сибирийн мэдээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд уг хөшөөний тухай анх мэдээлснээр судалгааны эргэлтэд оржээ. Хэсэг хугацаанд Нерчинск хотод хадгалж байгаад 1829 онд Санктпетербургт хүргэгдэж ШУА-ийн Азийн музейд, 1936 оноос Эрмитажид хадгалах болжээ. 1830 аад оны үеэс уг хөшөөний бичээсийг монгол судлаач Оросын эрдэмтэн Я.И.Шмидт, Д.Банзаров, И.Н.Клюкин, Японы эрдэмтэн С.Мураяма, Францын эрдэмтэн Л.Амбис, Монголын эрдэмтэн Х.Пэрлээ, Унгарын эрдэмтэн Л.Лигети, Австралийн Игорь де Рахевильз нарын зэрэг олон эрдэмтэн судлаж дэлхийн монгол судлалд Чингисийн чулууны бичээсийг судлах чиглэл буй болсон байна.

Есүнгэ бол Хасарын хоёр дахь хүү бөгөөд Хасарыг нас барахад том хүү Егү, мөн түүний хүү хаан ор залгамжилсан боловч тун удалгүй Есүнгэ эцгийнхээ эзэмшил нутгийг захирах болжээ. Оросын эрдэмтэн Н.Я.Бичурин, “Юань улсын судар”-т буй Есүнгэгийн намтрыг хятад хэлнээс орчуулсан байдаг. Уг намтраас үзвэл Есүнгэ нь Хубилай хааныг дэмжиж байсан бөгөөд хэсэг хугацаанд Хархорумыг захирч байгаад 1261 онд Аригбөхийн цэрэгт ялагдан ухарчээ. Аригбөх Хубилайд бууж өгөхөд тэдний бурууг хүлээлгэх хуралдай дээр Есүнгэ шагнуулсан тухай мэдээ Юань улсын сударт байдаг аж. Мөн Персийн түүхч Рашид ад Дины “Судрын чуулган” хэмээх сурвалжид Хубилайг хаанд өргөмжилсөн 1260 оны хуралдайд оролцсон Есүнгэг 75 настай ч чилгэр сайхан нуруутай, чийрэг нэгэн байсан тухай тэмдэглэсэн бий. Тэрээр алтан ургийнхан дотроо нэр нөлөө бүхий хүн байсан бөгөөд өвөг эцэг Чингис хааныг тэнгэрт халихад Есүй хатан болон Өгөөдэй, Толуй хан хөвгүүд, Боорчи, Сүбээдэй нарын хамтаар тэргүүнийг нь түшжээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хун тайжийн бичээс буюу Дуутын хар чулууны бичээсийн 400 жилийн ойг тус тус өнгөрсөн 2024 онд тэмдэглэсэн. Энэ нь олонх судлаачийн санал нийлдэг он цагийг баримжаалан баримталсан хэрэг. Тэгвэл хятадууд Чингисийн чулууны бичгийн 800 жилийн ойг энэ жил тохиож буй гэж үзэж уг ойд зориулсан сурвалж бичиг судлалын эрдэм шинжилгээний хурлыг Бээжин хотноо саяхан зохион байгуулжээ. Хятадын Монгол хэл, бичгийн нийгэмлэг, Өвөрм монголын их сургууль хамтран зохион байгуулсан уг хуралд МУИС-ийн дэд захирал, профессор Д.Заяабаатар оролцсон байна.

БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Цэнгэл

“Чингисийн чулууны бичиг дундуураа цуурч хугарсан байдаг. Тэр хагарсан хэсэгт байгаа үгийг судлаачид “дахулиж” гэж уншсан. Бид үүнийг “хахулиж” гэж унших боломж гарч байна. Тэгвэл утгын хувьд өөр болно. Цаг хугацааны хувьд Сартуулыг дайлахаас өмнөх үед холбогдох юм. Тэгвэл энэ 1220 он болно.”

Түүхэн ой-Үндэстний ой санамж мөний тул…

Аливаа үйл явдал, сурвалж бичиг, дурсгалын ойг тэмдэглэнэ гэдэг морь уралдуулж, бөх барилдуулан, наадаж цэнгээд өнгөрөхийн нэр биш. Энэ бол үндэстний хувьд түүхэн ой санамжаа сэргээж, тодотгож буй чухал үйл хэрэг юм. Чингисийн чулууны бичиг монгол бичгийн ууган дурсгал гэдгээрээ төдийгүй Монголын түүх, хэл, бичиг, угсаатны зүй, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, үндэсний спорт зэрэг олон салбарын өргөн мэдээллийг хадгалсан дурсгалт бичиг тул үнэ цэнтэй гэдгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаа эдүгээгээс 32 жилийн тэртээ онцлон бичиж байв. Түүхэн дурсгалт бичиг, сурвалж бичгүүдээ ингэж олон талаас судалж, нээж, танин мэдэхийн ач холбогдол, үнэ цэнийг өгүүлж баршгүй.

Ирэх 2026 онд Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ой тохионо. 2027 он Чингис хааны мэндэлсний 865 жилийн ойн жил. 2029 онд Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залж, Чингис хаан цол өргөмжилсний 840 жил, харин 2030 онд “Монголын нууц товчоон”-ы 790 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ бол аль нэгэн аймаг, сум, сургуулийн 100 жилийн ойтой зүйрлэх аргагүй, Монгол Улс төдийгүй дэлхийн монгол туургатан, монгол угсаатны хэмжээнд, олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх ёстой түүх, хэл, бичиг, өв соёл, оюун сэтгэлгээний их баяр хэмээн бодно.

Монгол үндэстний ахуй, сэтгэлгээний хэв маяг, мөн чанар, ялгарал, үнэлэмж, бахархлыг бид түүхээсээ олж авч, түүхээсээ дахин “төрнө”. Энэ нь хоосон цээжээ дэлдэн омогших бус үндэстнийхээ түүхийг гүн гүнзгий танин мэдэж, ойлгож ухаарна гэсэн үг. Түүхэн ой тэмдэглэхийн утга учир үүнд оршино.

ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин 1992 оныг Оросын түүхийн жил, Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1993 оныг Казахийн түүхийн жил болгон зарлаж байв. Коммунизмын хана нуран унаж, үзэл санааны мухардал, оюун сэтгэлгээний задралд орсон тэр цаг үед түүхэн ухамсраа сэргээх, үндэстнийхээ сэргэн мандлыг эхлүүлэхэд дээрх удирдагчдын шийдвэр нөлөөлсөн нь лавтай. Үүнээс санаа авч уриалахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ирэх 2026 оныг Монголын түүхийн жил болгон зарлаасай гэж хүснэ. Засгийн газраас Монголд зочлох жилүүдийг 2023-2028 он хүртэл таван жилийн хугацаанд зарласан шиг Монгол төрийн тэргүүн Монголын түүхийн жилүүдийг 2026-2030 он хүртэл буюу Их Монгол улсаа байгуулсны 820 жилээс “Монголын нууц товчоон”-ы 790 жилийн ой хүртэлх хугацаанд зарлаж яагаад болохгүй гэж.

Монголын түүхийн жил (жилүүд) ийг зарлах аваас хийж хэрэгжүүлэх ажил тун ч их байна. Монголын түүхийн судалгааг өргөжүүлэх, Монгол судлалын олон улсын холбоо, Чингис судлалын олон улсын холбооны үйл ажиллагааг өргөжүүлж, эрчимжүүлж, Монголын түүхийг судалж, сурталчлан таниулах, “Монголын нууц товчоо” судлалыг дэмжин дэлгэрүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх гэх мэт.

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаа

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа. Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлэг, Л.Махвалын Чингис хааны гэрэлт хөшөө, Ү.Ядамсүрэнгийн “Чингис хаан” цуврал марк тэргүүтэнг Монголын ард түмний үндэсний ухамсрыг сэргээсэн түүхэн ач холбогдлыг нь үнэлж энэ гурван бүтээлд Төрийн шагнал хүртээж, Чингис хааны музейд хүндэтгэлтэй байрлуулан мөнхжүүлэх саналтай байна. Энэ гурван бүтээлийг судалж, сурталчлан таниулах талаар Монголын зохиолчдын эвлэл болон Монголын урчуудын эвлэлийн Удирдах зөвлөл, харилцаа холбооны агентлагийн удирдлагууд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна.”

Соён гэгээрүүлэгч Л.Нямаа агсны санал дэвшүүлж байсанчлан ерөнхийгөөс тодорхой руу чиглэсэн дээрх мэт санал санаачилгуудыг ажил хэрэг болгох юм бол тун өгөөжтэй байх сан. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлэг, нэрт уран барималч Л.Махвалын бүтээл Хэнтий аймгийн Дадал сумын төв Гурван нуурын хөвөөнд босгосон Чингис хааны гэрэлт хөшөө, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн бүтээл “Чингис хаан” цуврал марк гэсэн эдгээр бүтээлүүдэд Төрийн шагнал олгох, эс бөгөөс Монголын бахархалт шүлэг, бахархалт хөшөө, дүрслэх урлагийн бүтээлээр өргөмжлөх нь “Монголын нууц товчоон” хийгээд Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах тухай үе үеийн Төрийн тэргүүнүүдийн зарлиг лугаа адил ач холбогдолтой.

Бичвэрээ дүүргэж, өчүүхэн санаагаа улигдан давтахад түүхэн ой тэмдэглэх нь түүхэн ой санамж, үндэстний ой санамжаа сэргээн бадрааж буй хэрэг билээ. Монголын түүхийн жилүүд монголчуудын оюун сэтгэлгээний сэргэн мандалтын он жилүүд байгаасай.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл