
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай улсын шатахууны өдрийн дундаж хэрэглээ 2300 тонн. Үүний 1200 орчим тонн нь Улаанбаатар хотын хэрэглээ. Сүүлийн 10 хоног шатахууны импортыг нэмэгдүүлсэн. Багахан зэрэг тасалдал үүсэхэд л иргэд маань сандраад ердийн хэрэглээнээсээ хоёр дахин ихийг аваад байна. Өчигдөр оройноос эхлээд шатахуун түгээх станцуудын ачаалал багасаж байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 54 вагон шатахуун бууж байна. Нэг нь 60 тонн байдаг юм. Тэгэхээр өдрийн хэрэглээнээс илүү буюу 3000 гаруй тонн гэсэн үг. Өнөөдөр 71 вагон шатахуун ачигдаж байгаа. Гурав хоногийн дараа орж ирнэ.
Мөн БНХАУ-аас шатахуун авч байгаа. Сард 3000 тонныг авдаг байсан бол 7000 тонн болгож авсан. Нэмээд БНХАУ руу 14000 тоннын захиалга өгсөн. Өнөөдөр ачигдаж байгаа. Энэ шатахуун ирэх лхагва гаригт орж ирнэ.
Шатахуун түгээх станцуудын цэнэглэлтийг шөнийн цагаар хийдэг. Өдөр 14:00 цаг гэхэд шатахуун түгээх станцуудын шатахуун дуусчихаад байна. Тиймээс өдрийн цагаар цэнэглэхээс өөр аргагүй болж байна. Шатахуун зөөж байгаа том оврын машинууд маань түгжрэл дундуур явахад эрсдэлтэй байна. Түгжрээд удаж байх хүрэх газраа хүрч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл, замын цагдаатай яриад өдрөөр явуулсан" гэв.