Эдийн засаг, амьжиргааны өртгөөс эхлээд цагаачлалын асуудал хүртэлх гол сэдвүүдээр Америкийн сонгогчид юун дээр санал нийлж, юун дээр санал зөрөлдөж байгааг санал асуулгууд харуулав.
Америкчууд маргааш АНУ-ын завсрын сонгуульд саналаа өгнө. Эдийн засаг, амьжиргааны өртөг, цагаачлалын асуудал сонгогчдын анхаарлын төвд байна. Ардчилсан болон Бүгд Найрамдах намын сонгогчид амьжиргааны өртөг нэмэгдэж байгаад ижилхэн санаа зовниж байгаа ч сүүлийн үеийн санал асуулгуудаас харахад эдийн засаг, Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад гол асуудалд хандах хандлага нь харин ялгаатай гарчээ.
Тодруулбал, Ням гарагт нийтэлсэн NBC телевизийн санал асуулгаар оролцогчдын 75 хувь нь АНУ-ын эдийн засгийн өнөөгийн байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бол 51 хувь нь хувийн санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ.
Мөн аравдугаар сард явуулсан өөр санал асуулгууд хоёр намын сонгогчид санхүүгийн нөхцөл байдлаа хэрхэн үнэлж байгаа болон ямар асуудлыг хамгийн чухалд тооцож байгааг харуулсныг тоймлон хүргэе.
Ардчилсан болон Бүгд Найрамдах намын сонгогчдын хувьд ямар асуудал хамгийн чухал вэ?
Эдийн засаг АНУ-ын сонгогчдын хамгийн гол анхаарал хандуулж буй асуудал хэвээр ч эрүүл мэндийн үйлчилгээ, цагаачлал, гэмт хэрэг зэрэг асуудлын ач холбогдлыг хоёр намын сонгогчид өөр өөрөөр үнэлжээ.
Pew Research Center-ийн есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 4-ний хооронд явуулсан судалгаагаар бүртгэлтэй сонгогчдын 84 хувь нь эдийн засгийг завсрын сонгуульд саналаа өгөхөд нь маш чухал нөлөөтэй асуудал гэж үзжээ. Энэ үзүүлэлт Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжигчдийн дунд 82 хувь, Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжигчдийн дунд 88 хувь байв.
Гэхдээ бусад асуудлын хувьд хоёр намын сонгогчдын байр суурь ялгаатай гарчээ.
Бие даасан ашгийн бус байгууллага болох Кайзерын гэр бүлийн сан (KFF)-гийн есдүгээр сарын 16–21-ний хооронд явуулсан судалгаагаар бүртгэлтэй сонгогчдын 42 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг шийдвэрлэхэд Ардчилсан намд илүү итгэж байгаагаа илэрхийлсэн бол Бүгд найрамдах намд итгэж буйгаа илэрхийлсэн нь 22 хувь байжээ.
Амьжиргааны өртгийн асуудлаар сонгогчдын 39 хувь нь Ардчилсан намд илүү итгэж байсан бол 25 хувь нь Бүгд найрамдах намыг илүүд үзсэн байна.
Сонгогчид Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааг хэрхэн үнэлж байна вэ?
Ерөнхийлөгч Трамп болон түүний эдийн засгийн бодлогын талаарх байр суурь намын харьяаллаас хамааран эрс ялгаатай хэвээр байна.
Pew Research Center-ийн судалгаагаар Ардчилсан намын сонгогчид болон тус намыг дэмжих хандлагатай хүмүүсийн 91 хувь нь Трампын эдийн засгийн бодлого нөхцөл байдлыг дордуулсан гэж үзжээ. Харин Бүгд найрамдах намын дэмжигчдийн 39 хувь нь түүний бодлого эдийн засгийг сайжруулсан гэж хариулсан бол 35 хувь нь нөхцөл байдлыг дордуулсан, 25 хувь нь төдийлөн нөлөө үзүүлээгүй гэж үзсэн байна.
Арваннэгдүгээр сарын 1-нд нийтэлсэн NBC News телевизийн санал асуулгаар бүртгэлтэй сонгогчдын 40 хувь нь Трампын ерөнхийлөгчийн ажлын гүйцэтгэлийг сайшаасан бол 60 хувь нь сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.
Ардчилсан болон Бүгд Найрамдах намын сонгогчид эдийн засгийг хэрхэн үнэлж байна вэ?
Америкчууд үнийн өсөлтөд санаа зовниж байгаа ч Ардчилсан намын сонгогчид эдийн засгийн нөхцөл байдлыг Бүгд найрамдах намын сонгогчдоос илүү сөргөөр үнэлэх хандлагатай байна.
Pew Research Center-ийн аравдугаар сарын судалгаагаар Бүгд найрамдах намын сонгогчдын 36 хувь нь АНУ-ын эдийн засгийг маш сайн эсвэл сайн гэж үнэлсэн бол Ардчилсан намын сонгогчид болон тус намыг дэмжих хандлагатай хүмүүсийн ердөө есөн хувь нь ийм үнэлгээ өгчээ. Гэхдээ хоёр намын сонгогчдын дийлэнх нь өдөр тутмын хэрэгцээт бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд санаа зовниж байв.
Pew Research Center-ийн мэдээлснээр:
Харин Аравдугаар сарын 14-нд нийтэлсэн Fox News телевизийн санал асуулгаар бүртгэлтэй сонгогчдын 74 хувь нь эдийн засгийн нөхцөл байдлыг сөргөөр үнэлсэн бол 60 хувь нь амьжиргааны өртгийн өсөлтийг эдийн засгийн хамгийн том асуудал гэж нэрлэжээ.
Арваннэгдүгээр сарын 1-нд нийтэлсэн NBC News телевизийн санал асуулгаар Бүгд найрамдах намын сонгогчдын 53 хувь нь эдийн засгийн өнөөгийн байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна.
Pew Research Center мөн 2022 оны завсрын сонгуультай харьцуулахад Ардчилсан намын сонгогчдын хувьд үр хөндөлт болон галт зэвсгийн бодлогын асуудал ач холбогдол багатай болсон гэж дүгнэжээ. Харин Бүгд найрамдах намын сонгогчдын хувьд боловсрол болон эрчим хүчний бодлогын асуудал дөрвөн жилийн өмнөхөөс бага ач холбогдолтой болж өөрчлөгджээ.
Америкчууд хувийн санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байна уу?
NBC телевизийн санал асуулгаар бүртгэлтэй сонгогчдын 51 хувь нь хувийн санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн бол 49 хувь нь сэтгэл хангалуун гэж хариулжээ. Энэ нь NBC телевизийн 30 жилийн турш явуулсан санал асуулгын түүхэнд хувийн санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус хүмүүсийн эзлэх хувь сэтгэл хангалуун хүмүүсийнхээс анх удаа давсан тохиолдол болж байна.
Аравдугаар сарын 19-20-нд NPR/PBS News/Marist байгууллагуудын хамтран явуулсан санал асуулгаар сонгуульд оролцох магадлалтай сонгогчдын 38 хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүгийн нөхцөл байдал нь дордсон гэж хариулжээ. Харин 44 хувь нь бараг өөрчлөгдөөгүй, 15 хувь нь сайжирсан гэж үзсэн байна. Ардчилсан намын сонгогчдын 51 хувь нь санхүүгийн нөхцөл байдал нь дордсон гэж хариулсан бол Бүгд найрамдах намын сонгогчдын дунд энэ үзүүлэлт 21 хувь байжээ.
Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 5-нд явуулсан Reuters/Ipsos агентлагийн судалгаагаар Ардчилсан намын сонгогчдын 71 хувь, Бүгд найрамдах намын сонгогчдын 57 хувь нь орлого нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байгааг хэлсэн байна.
Сонгуульд оролцох идэвх хэр байна вэ?
Ардчилсан намын сонгогчид сонгуульд оролцох хүсэл эрмэлзэл илүү өндөр байгаагаа илэрхийлжээ.
Marist байгууллагын санал асуулгаарАрдчилсан намын сонгогчдын 91 хувь нь сонгуульд оролцох хүсэлтэй эсвэл маш их хүсэлтэй гэж хариулсан байна. Харин Бүгд найрамдах намын сонгогчдын дунд энэ үзүүлэлт 86 хувь, бие даагчдын дунд 76 хувь байжээ.
Бүгд найрамдах намын Конгресс дахь хуучин ажилтан Жон Фьюри сонгуулийн кампанит ажлын сүүлийн өдрүүдэд сонгогчдыг санал хураалтад оролцуулахад гол анхаарлаа хандуулж байгааг онцолжээ. “Энэ бол сонгогчдын байр суурийг өөрчлөх сонгууль биш. Харин намынхаа үндсэн дэмжигчдийг санал өгөхөөр дайчлах сонгууль юм” гэж Фьюри хэлсэн байна.
Арваннэгдүгээр сарын 1-нд нийтэлсэн NBC News телевизийн санал асуулгаар сонгуулийн талаарх сонирхол мөн өндөр байжээ. Бүртгэлтэй сонгогчдын 70 хувь нь сонгуульд оролцох сонирхлоо 10 онооны шатлалаар ес эсвэл 10 гэж үнэлсэн байна.
Америкчууд хэнд саналаа өгөхөөр төлөвлөж байна вэ?
Сонгуулийн өмнөх сүүлийн долоо хоногуудад явуулсан санал асуулгууд сонгогчид Бүгд найрамдах намаас илүү Ардчилсан намын нэр дэвшигчид болон Конгресс дахь Ардчилсан намын хяналтыг илүүд үзэж байгааг харуулжээ.
Аравдугаар сарын 28-30-нд явуулж, арваннэгдүгээр сарын 1-нд нийтэлсэн NBC телевизийн санал асуулгаар бүртгэлтэй сонгогчдын 52 хувь нь Конгрессын хяналтыг Ардчилсан нам эзэмшихийг илүүд үзсэн бол 45 хувь нь Бүгд найрамдах намыг дэмжжээ.
Үүнтэй адил аравдугаар сарын 22-26-ны хооронд явуулсан Reuters/Ipsos агентлагийн санал асуулгаар сонгуульд оролцох магадлалтай сонгогчдын 53 хувь нь өөрийн тойрогт Ардчилсан намын нэр дэвшигчид саналаа өгөх эсвэл тэднийг дэмжих хандлагатай байгаагаа илэрхийлсэн бол 44 хувь нь Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжсэн байна.