.png)
Урлаг зөвхөн түүнд хүрэлцээтэй түвшин, ойлгогддог хүрээгээр л хязгаарлагддаг зүйл биш. Хэн ч хүртэж, таашааж болох зүйл. Гол нь урлагийг тодорхой хүрээн дэх нөхцөлд оруулан таашаадаг далдын ямар нэгэн зөн совинлог төсөөлөл, эсвээс зэрэгцээ ертөнцийн хуулбар байх ёстой гэж санадаг хэм хэмжүүрийг л өөрийн бодлоос арчих хэрэгтэй болов уу. Үнэндээ урлаг ч тэр, энэ амьдрал ч тэр биднээс заримдаа юу ч нэхдэггүй шүү дээ. Заримдаа...
Ингээд энэ онд тайзнаа тависан онцлох зургаан жүжгийг нэрлэж байна.
СҮҮЛЧИЙН БОРОО (мета драмын жүжиг)

Про
театр
Найруулагч: Б.Анхбаатар
Сэдэвлэсэн зохиол: Александр Вампилов “Нугасны ан”
Жүжиг бүхэлдээ нэг л хавтгайд өрнөх ч дүрийн хоёр туйлт сэтгэл зүйг тун бодитой, дэлгэмэл ном шиг бүрэн гүйцэд илчлэн харуулж чадав. Зилов байнга л ан хийх, нугас буудах тухай боддог. Гэвч эцэстээ суманд оногдох золгүй нугас тэр өөрөө байв. Энэ удаад буудах ёстой тэр нугасыг “БИ” гэж нэрлэвэл зохино.
Зилов олон талаасаа жигшмээр дүр. Гэвч оршихуйн уналтыг хүний сэтгэл зүйн дотоод ахуйд төвлөрүүлэн зангидаж, сонголтынх нь ямар эсрэг чиглэлд хөдөлж буй бусдыг илчлэн гаргахад чухам ийм л хүн зохиолчид хэрэгтэй. Найруулагч Б.Анхбаатар үүнийг олж харжээ. Тиймээс л “Сүүлчийн бороо” жүжиг үйл явдлын хурдтай өрнөлөөс гадна, гол оршихуйн амьдралын зураглалыг жүжгийн эхлэлээс төгсгөл хүртэл бусад дүрээс салангид, дурсамжуудаа эргэн санах байдлаар зохиомжлоход хүргэсэн хэрэг. Тэнд Зилов өөртэйгөө л харилцана. Харин бусадтай утсаар ярилцах бөгөөд гадаа үргэлжлэн орох борооны шаагих чимээ сонстоно. Бороо бол саад. Учир нь Зиловт буудах ёстой нугас олон бий. Тэр анд гарч, нугас буудах туйлын хүсэл нь нэг ёсондоо өөрийгөө бүхнээс чөлөөлөх оролдлого. Гэвч тэрээр хүсэх тусам мөнөөх хуурмаг, заль мэх, зугаацлаар дүүрэн амьдралын цүнхээлд гүн гүнзгий живсээр л байдаг. Тийнхүү живэх тусам агнах ёстой нугаснууд нуураар дүүрнэ. Тэрхүү нугаснууд болж Зиловын гаргасан алдаанууд.
Тэр аав, ээжтэйгээ гурван жил уулзаагүй. Аавынх нь бие муудсан захиаг авсан ч төдийлөн санаа зовдоггүй. Эхнэрээсээ гадна нууц амрагтай, мөн дахин нэг охинд дурлаж, түүнтэйгээ романс үүсгэнэ. Үүнээс гадна ажлынхаа чухал үйл хэргийг буруугаар үйлдэж, дараа нь засаж залруулчихна хэмээн хялбараар сэтгэж хамтран зүтгэгчээ шалж гардаг. Бүх зүйл түүний хүслээр болох тусам алдаа улам олширно. Жүжигт гарах нугасны дүр Зиловын алдаатай сонголт хийх болоод түүнийгээ мэдэж, мэдэрч, дотроо давчдан хашхирах тэдгээр мөчүүдэд тайзнаа гарч ирдэг. Түүн дээр ямагт ногоон гэрэл тусна. Үхлийн өмнөх зурвас гэгээ мэт...
ОДИССЕЙ (пластик, хүүхэлдэйн жүжиг)

Хүүхэлдэйн
театр
Найруулагч: Б.Анхбаатар
Зохиолч: Б.Анхбаатар
Сэдэвлэсэн зохиол: Хомэр “Одиссей”
Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү пластик хүүхэлдэйн жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлдэг. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө.
Үггүй жүжгийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн өнгө төрхөөр дахин амилуулж байна. Эртний домгийн гүн утга, орчин цагийн тайзны урлагийн нийлэмж нь үзэгчдийн төсөөллийг шинэ түвшинд хүргэжээ.
ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР (уянгын драмын жүжиг)

Улсын Драмын
Эрдмийн театр
Найруулагч: Н.Наранбаатар
Зохиолч: Б.Лхагвасүрэн
Зохиолыг шинэтгэн бичсэн: Я.Баяраа
“Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн хүсэлтээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан түүний сонгодог бүтээл “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театр дахин сэргээн тайзнаа амилуулав.
Уг жүжгийг дахин тавих санал, санаачилгыг “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гаас гаргасан бөгөөд энэхүү уран бүтээл нь монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр, үгүйлэл, уучлалын уран яруу илэрхийлэл болсон бүтээл юм.
Энэхүү бүтээл нь яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэх онцгой уран сайхны үйл явдал болов.
ГЭМ ЗЭМ (постдрамын жүжиг)

Орфей
театр
Найруулагч: М.Батболд
Зохиолч: Я.Баяраа
Сэдэвлэсэн зохиол: Ф.М.Достоевский “Гэм зэм”
"Гэм зэм" постдрамын жүжиг нь судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртэж, өндөр үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг.
Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, "Орфей" театрын найруулагч М.Батболд тайзнаа дэглэжээ. Тэрээр Гётегийн "Фауст", Жон Патрикийн "Опал", Жорж Оруэллийн "1984", Үй Хуагийн "Амьдрахуй" зэрэг жүжгүүдийг үзэгчдэд хүргэсэн билээ.
Уран зохиол, театр хоёр бие биетэйгээ төгс зохицсоны үндсэн дээр жинхэнэ жүжгийг бид таашаан хүртдэг. Нэг ёсондоо жүжгийн зохиолч, найруулагч хоёрын харилцан ойлголцол тун чухал гэсэн үг. Жүжгийн хэл нь жүжигчдээ хамгийн сайн хөтөлж, үйл явдлыг уйтгартай байдлаар бус уран шийдлүүдтэй хамтатган авч явах ёстой. Энэ зарчим “Гэм зэм” жүжигт хамгийн тод туссаныг онцлууштай.
“Гэм зэм” бол ямар ч сул дүргүй зохиол. Бүх л дүрүүд нь өөрсдийн гэсэн сэтгэл зүйн онцлог шинжтэй, зан авиртай, хүнлэг болоод ашиг сонирхлын үүд хаалгаа цэлийтэл нээчихсэн “Нохойн зүрх”-тэй ч байх нь бий. Гэтэл энэхүү нүсэр романыг жүжгийн зохиол болгохдоо үйл явдлууд гэхээс илүүтэй дүрүүдийн ёс зүй, дээр өгүүлсэн олон зан авир, сэтгэл зүйн үйлдлүүдийг орхигдуулсангүй. Гэхдээ зохиол нь романаасаа тэс ондоо, өөрийн гэсэн хэлтэй, басхүү үзэл санаатай тул найруулагчийн шийдлүүдтэй тун сайн зохицож илүү шинэлэг, орчин үеийн болгож чадсан юм.
ААРУУЛЫГ АМТЛАХ МӨЧИД (хүүхэлдэйн жүжиг)

Хүүхэлдэйн
театр
Найруулагч: Жон Со Ёон
Сэдэвлэсэн зохиол: Ли
Санг Хи “Ааруул амтлах мөчид”
Энэхүү жүжгийг Монгол, Өмнөд Солонгос хоёр орны хүүхэлдэйн уран бүтээлчид хамтран туурвисан гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, Монгол Улсын хүүхэлдэйн театр Бүгд Найрамдах Солонгос Улсын Чунчон хотын хүүхэлдэйн театртай хамтран БНСУ-ын Азийн үндэсний соёлын төвийн дэмжлэгтэйгээр “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг бүтээжээ.
Цаг хугацаа, орон зайн аялал ааруулын ганц хазалтаас эхэлдэг! Орчин үеийн нисэх онгоцны буудалд нэгэн эрэгтэй зурагт ном нээтэл хоёр охин гарч ирээд хэн унших вэ гэж маргалдана. Тэрээр тэднийг хамтдаа ном уншихыг урьж ааруул санал болгоно. Тэд ааруулыг хазах агшинд өнгөрсөн үйл явдал руу буцаж, эртний Монголын их ордонд очих болно. Ордонд Гүрёогийн ханхүү Жиү, Монголын Хутулун гүнж, Жиүгийн үнэнч шивэгчин Шар нар байх аж.
Жиү ханхүү ааруулаас өөр юу ч идэхгүй, гэрээ санан шаналсаар бие нь өвдөж, түүний идэх ааруул дуусдаг. Ингэснээр түүнийг эдгээхээр шийдсэн Шар алс холын аялалд гарч, илүү их ааруул олж авахаар хөдөлдөг бөгөөд Хутулун түүнтэй хамт энэхүү зоримог адал явдалд явахаар морддог.
“ЩЕЛКУНЧИК – ЦӨМӨГЧ ЦЭРЭГ БА ХУЛГАНЫ ХААН” (хүүхдийн жүжиг)

Про
театр
Найруулагч: Б.Анхбаатар
Сэдэвлэсэн зохиол: Э.Т.А.Гофман
“Цөмөгч цэрэг ба хулганы хаан”
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ дахин тайзнаа амилуулав.
Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм.