
Алс Дорнодын бүсэд болсон дэлбэрэлтийн халдлага нь “Бучагийн махчин” хэмээн нэрлэгддэг цэргийн командлагчийг онилсон байж магадгүй гэж Орос, Украины хэвлэлүүд болон цэргийн блогерууд мэдээлжээ.
Оросын эрх баригчдын мэдээлснээр, мягмар гарагт Хабаровск мужид болсон дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.
Оросын хэвлэлүүд болон цэргийн блогеруудын мэдээлснээр, амь үрэгдсэн хүн нь дэд хурандаа цолтой цэргийн албан хаагч байсан бөгөөд халдлага хаалттай цэргийн ангийн дотор болсон аж.
Оросын нэр хүндтэй цэргийн блог VChK-OGPU-ийн мэдээлснээр, жинхэнэ бай нь хошууч генерал Азатбек Омурбеков байсан бөгөөд түүнийг Украинд энгийн иргэдийн эсрэг үйлдэгдсэн ноцтой хядлагуудтай холбоотой гэж сэжиглэдэг.
Тэрээр Киевийн бүсэд Оросын бүрэн хэмжээний довтолгооны эхний долоо хоногуудад ажиллагаа явуулж байсан 64 дүгээр тусгай гвардын мото буудлагын бригадийг удирдаж байсан.
Оросын цэргүүд тус бүсээс ухарсны дараа энгийн иргэдийн цогцос, олноор нь булсан булш илэрсэнтэй холбоотойгоор Украины Батлан хамгаалах яам энэ ангийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж нэрлэсэн. Үүнээс удалгүй Оросын ерөнхийлөгч Владимир Путин тус ангид хүндэт цол олгосон байна.
Дараа нь Азатбек Омурбеков болон уг анги нь “хүний эрхийн ноцтой зөрчил”-д оролцсон гэж үзэн АНУ, Европын Холбоо болон Украины холбоотон хэд хэдэн орноос хориг арга хэмжээнд өртсөн.
Хабаровск хотын шүүх пүрэв гарагт дэлбэрэлтэд холбоотой гурван хүнийг баривчлан саатуулсан бөгөөд тэднийг “төрийн байгууллагыг тогтворгүйжүүлэх” оролдлого хийсэн гэж буруутгажээ. Тэдний нэгийг эзгүйд нь яллагдагчаар татсан байна.
Украины тал энэ халдлагын талаар тайлбар хийгээгүй байна.
Хэрэв энэ мэдээлэл батлагдвал Азатбек Омурбеков нь Оросын цэрэг, аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд руу чиглэсэн сүүлийн үеийн халдлагуудын нэгний бай болсонд тооцогдох юм.
Тухайлбал, хоёрдугаар сард Оросын цэргийн тагнуулын байгууллагын дэд дарга Москва хотод буудуулж хүнд шархадсан бол өнгөрсөн жил арванхоёрдугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард Москва хотод болсон автомашины дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдсан байна. Оросын тал эдгээр халдлагад Украиныг буруутгасан ч Киев тайлбар хийгээгүй байна.