Шадар сайд С.Амарсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналаа УИХ-д танилцууллаа. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсны дараа чуулганы хуралдааныг түр завсарлуулж Ерөнхий сайд Х.Ганхуягийг Шадар сайдаар томилж байгаа тухай захирамж гаргалаа. Улмаар захирамжаа УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж Х.Ганхуяг Засгийн газрын гишүүний тангарагаа өргөв. Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдож байгаатайгаа холбогдуулан Байнгын хороогоо УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа албан бичгээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид уламжилсныг нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

