
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээлээ
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Усны Компактын хүрээнд Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээлээ.
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Энэ үйлдвэр нийслэлийн ус хангамжийн хамгийн том эх үүсвэр бөгөөд хотын цэвэр усны нэг жилийн хэрэглээтэй дүйх хэмжээний усыг цэвэршүүлэх юм.
Мянганы сорилтын II Компакт гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн.
Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.
Энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцад нийлүүлдэг. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж байна.
Хөрөнгийн зах зээл сайн мэдээтэй
Голомт банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдах, 3 жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг 7.95 хувийн хүүтэй гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас томоохон хэмжээний эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ. Бондын нийт захиалга 2.1 тэрбум ам.долларт хүрч, анх төлөвлөсөн хэмжээнээсээ 7 дахин давж биелсэн нь олон улсын хөрөнгө оруулагчид Голомт банканд өндөр итгэл үзүүлж буйн тод илрэл юм.
Орон нутагт төсвийн эрх олгосноор бие даан бонд гаргах эрхтэй болсон. Аймгуудаас Өмнөговь аймаг анх удаа 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж дулааны цахилгаан станц байгуулах хөрөнгөө амжиллтай босголоо. Хөрөнгө оруулагчдын 80 хувь нь нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд байжээ.
Түүнчлэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах “MTZ" бондын арилжаагаар 300 тэрбум төгрөгийг дотоодын хөрөнгийн зах зээлээс амжилттай татан төвлөрүүллээ.
Есдүгээр сарын 1-нээс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно
Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ есдүгээр сарын 1-нээс фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөхийг хориглож, сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хална гэв. Мөн ирэх хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээл нэгдүгээр ангиас орох бол бага ангид үзэх хичээлийн тоог цөөрүүлэн гэрийн даалгавар хийх хугацааг богиносгох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр ангийн хүүхдийн хэл ярианы хөгжил маш муу байгаа судалгаан дээр үндэслэн цэцэрлэгүүд дээр хэл зүйч ажиллуулахаар болжээ.
Хээрийн түймэр Хятадын хилд тулав
Өнгөрсөн долоо хоногт Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн түймэр гарлаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хогийн цэгээс алдсан хээрийн түймэр Монгол Хятадын хилд 16 километр орчим тулж очсон болохыг сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлж байв. Хээрийн түймэртэй 28 цаг тэмцэлдсэн онцгой байдлын алба хаагчид баасан гаргийн 14 цагийн үед бүрэн унтраасан. Түймэрт Сүхбаатар болон Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн 291 мянган га талбай өртжээ.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Хөвсгөл, Архангай, Булганы өмнөд, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зүүн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хуурайшилт их болон нэн их хуурайшилттай байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.