Сайн байна уу. Манай хоёр редакцын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та хаана явж байна вэ?
Сайн байцгаана уу. Спортын ажлаар өчигдөр Швейцарь улсын Лозанн хотод ирсэн. Олон улсын спортын байгууллагад өндөр албан тушаал хашдаг учраас байнга ийшээгээ ирж бас ажлаа амжуулдаг. Яаралтай тодруулах асуудлууд гарсан учраас би зарим зүйлийг тодруулж хэлье гэж бодсон юм.
Монголд ойрын хэдэн хоног болж байгаа үйл явдлыг Та анхааралтай харж байгаа байх. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ноцтой зүйлүүд ярьсан. Үүний нэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой асуудал. Анхны төсөвт өртөг нь 600 сая доллар байсан ч яагаад хоёр дахин нэмэгдэж 1.3 тэрбум доллар болсон бэ гэдэг асуудлыг хөндөж байна. Та энэ дээр тайлбар өгөөч?
Нэгдүгээрт миний өнөөдөр ярих бүх юм цаасаар нотлогдоно, бүгд баримттай. Хоёрт төмөр замын төсөвт өртөг 600 сая байж байгаад 1.3 тэрбум доллар болж нэмэгдсэн асуудал огт байхгүй. Тухайн үед Ерөнхий сайд хийж байсан Л.Оюун-Эрдэнэ өөрөө үүнийгээ батлах хэрэгтэй. Энэ төслийг бид 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр нь долоон жилийн дараа буюу 2019-2022 оны хооронд яг цаг хугацаанд нь хийж дуусгасан. Ажлын явцад төслийн өртгийг нэг доллароор ч нэмээгүй. Би үүнийг маш хариуцлагатайгаар хэлж байна. Анх байгуулсан гэрээ бол 792 сая доллар байсан. Энэ 792 сая долларынх нь ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсний дараа нэмж ажил өгсөн. Өөрөөр хэлбэл, төсөв бол огт нэмэгдээгүй. Харин нэмэлтээр өгсөн 213 сая долларын ажлыг нь бид мөн хугацаандаа дуусаж энэ төмөр замыг Монгол Улсын Засгийн газарт нэр хүндтэйгээр, улсын комиссын онцсайн дүнтэйгээр хүлээлгэж өгсөн.
“Бодь” групп Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт 1.3 сая долларыг хоёр хуваан авлига болгож өгсөн гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ярьсан. Ийм авлигын асуудал байгаа юу?
Үүнийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өөрөө нотлох хэрэгтэй. Би Б.Энхбаяр гэж хүнийг огт танихгүй, амьдралдаа уулзаж үзээгүй. Дээрээс нь би ямар нэгэн хүнээр болон дамжуулж тэр хүнтэй огт харьцаж үзээгүй ерөөс тийм бодол ч байгаагүй. 2022 онд нүүрсний сонсгол дээр оч гэсэн газар очиж асуусан бүх асуултад нь хариулсан. Бүтэн өдөр үргэлжилсэн сонсголын бичлэг одоо ч байгаа байх. Сонсголын өмнө болон дараа нь ч Б.Энхбаяр гэдэг хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй.
Төмөр замын төсөвт өртөг нэмэгдээгүй гэж та хэллээ. Гэхдээ яг ямар ажил нэмж өгөөд 1.3 тэрбум доллар болчихов?
1.3 тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Яагаад гэвэл тийм тоотой манайх ямар ч холбогдолгүй. Биднийг төмөр замын ажлыг авахаас өмнө ойролцоогоор 278 сая долларыг Монгол Улсын Засгийн газар хэдийнэ зарцуулчихсан байсан. Манайтай бол 792 сая долларын гэрээ байгуулж энэ ажил үүргийг гүйцэтгүүлж дуусгасан. Нэмж өгсөн ажил нь Гашуунсухайт-Ганц модны хил хүрэх төмөр зам, өртөө, зөрлөг, зүтгүүр эргэх болон дохиолол холбоо, инженерийн шугам сүлжээ, эрчим хүчтэй холбоотой ажлуудыг нэмж өгсөн. Энэ төсвийг Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллага болох ЗТЯ-ны Хөгжлийн төв өөрөө үзээд зургийг нь зураад, батлаад, олон шатны дамжлага, магадлангаар орж баталдаг. Бид гүйцэтгэгчийнхээ ажлыг л хийсэн.
Дахиад нягтлаад асууя. 272 сая доллар өмнө нь гарч, дараа нь 792 саяыг “Бодь” группийн гүйцэтгэсэн төслийн хүрээнд зарцуулсан бол нэмэлт ажил 213 сая доллар нийтдээ 1.1 тэрбум болж харагдаж байна зөв үү?
Тийм. Энэ хоёр гэрээг нийлүүлэх юм бол 1 тэрбум 5 сая долларын гэрээ байгуулсан. Гэхдээ яг хийсэн ажил нь бол 997 сая долларын ажил хийгээд гэрээ дууссан гэж ойлгож болно. Тэр өмнөх ажил манайтай ямар ч хамаагүй. 2008 оноос хойш 2019 он хүртэл 11 жил хийгдсэн ажлын өртөг энэ төсөвт хамрагдаж орж ирсэн. Олон жил яригдсан шороон овоолго гэгддэг зүйлийг зарим нэг улсууд санаатай санамсаргүйгээр бидний ажил юм шиг хольж хутгаж байгаа юм.
Нүүрсний сонсголтой холбоотойгоор тодруулахад Хууль зүйн сайд тухайн үед Голомт банкийг материал, дансны хуулгаа ирүүлтэл нь хүлээсэн гэж ярьсан. Та мэдээллээ өгөхгүй цагийг нь тулгаж зайлсхийлсэн зүйл байгаа юу?
Нүүрсний сонсголыг тэд бараг 3 сар шахуу бэлдсэн. Шаардсан материалуудыг бид цаг тухайд нь гаргаж өгч байсан. Ганцхан Голомт банкнаас ч биш “Бодь интернэшнл” компани, Үндэсний Аудитын газар гээд олон газраас баримт авч нягталсан. Ингэхдээ миний анзаарснаар хамгийн гол нь тэр их материал дээр анализ хийх чадвар нь тааруу байсан юм болов уу гэж дүгнэдэг.
Оффтейктэй холбоотой боломжит бүх гэрээг Г.Занданшатарын Засгийн газар бол ил болгоод тавьчихлаа. Эндээс 2022-2023 онд тухайн үеийн ханшаас 60-80 доллароор бага үнээр оффтейк гэрээнүүдийг хийсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ковидтой холбоотойгоор бүх юмны үнэ өсөж байсан үе таарсан байх. Гэхдээ харьцуулаад харахад 60 болон 116 доллар гэж зэрэгцүүлсэн үнэ тавьсан нь хэр бодитой байсан бэ?
Манайх инженерингийн компани. Нүүрсний үнийг бид биш худалдаж авч байгаа тал өөрсдөө тогтоодог. Монголын нүүрсийг худалдаж авдаг 4 том компаниас үнэд хамгийн нөлөөтэй нь “Чалко”-гийн гэрээ. Хамгийн түрүүнд “Чалко”-той үнээ тохирдог, одоо ч хэвээр байх гэж бодож байна. “Чалко”-той үнээ тохироод, улмаар бусад худалдан авагч нартайгаа үнээ тохирдог. Манай үнэ бол ерөөсөө үүнээс л урган гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, манайх хэзээ ч хямдхан нүүрс авч байгаагүй дандаа “Чалко”-гоос үнэтэй нүүрс авдаг байсан. Мөн өгсөн нүүрсний үнийг нь шууд цаашаагаа худалдан авагч нарт шилжүүлдэг байсан. Яагаад гэвэл бид тэр нүүрсний наймаан дээр ерөөсөө оролцдоггүй. Гэрээг нь цаашаа шилжүүлдэг л гэсэн үг.
Үзэгчдэд ойлголт өгөх үүднээс тодруулахад нүүрс дээр яригдаад байгаа хоёр төслийн нэг нь Тавантолгой, нөгөө нь Богд төмөр зам. Нийт үнийн дүнг нь харахаар 45 сая орчим тонн нүүрсийг эдгээр төслийн хүрээнд бартердаж гаргаад оронд нь бүтээн байгуулалт хийсэн гэж ойлгоод байна. Энэ хоёр төсөл дээр гаргасан үнийн дүнг хэлж болох уу?
Болно. Ерөнхийдөө энэ төсөл өөрөө маш их хэл ам дагуулсан төсөл. 2008 онд эхэлж, дараа нь удаан зогсож улстөржсөн байдаг. Манай компани төслийг хэрэгжүүлэхдээ хэзээ нэгэн цагт иймэрхүү хэл ам, хардалт сэрдэлт дагуулна гэсэн бэлтгэлтэйгээр бүх зүйлийг хууль номынх дагуу хийсэн. Санхүүгийн бүх бичиг баримтыг анхан шатын баримтаар нь бүрдүүлж байсан учраас би юунд ч санаа зовохгүй байгаа. Гэрээ байгуулсны дараа ч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсөвт өртөгт нь багтааж цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг сануулж байсан. Дээрх асуултад хариулахад манай компани 2019-2023 оны таван жилийн хугацаанд нийтдээ 12 сая тонн нүүрсийг төмөр замын төсөлд зориулж санхүүжилтээр аваад, бүтээн байгуулалт нь дууссан гэсэн үг. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани магадгүй 150-160 сая тонн нүүрс гаргасан байх. Тэгэхээр төмөр замд зориулсан санхүүжилт нийт гаргасан нүүрснийх нь 10 орчим хувь л болж байгаа. 45 сая тонн нүүрс гэдэг тоог би анх удаагаа сонсож байна. Тийм зүйл байхгүй.
Богд хан төмөр замын төслийг оруулж тооцож байгаа бол доод бүтэц болох газар шорооны ажил нь манайд хамаарахгүй. Газар шорооны ажил явагдаж байгаад зогсчихсон, үүн дээр манайх дээд бүтэц хийх байсан ч тэр ажил бас зогссон. Богд төмөр зам дээр ерөнхийдөө томоохон хэмжээний санхүүжилт гараагүй.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Нэг мэдсэн чинь улсын валютын сан хоосроод 2 тэрбум долларын нөөцтэй үлдчихсэн. Хэний нүүрс гараад байна гээд үзсэн чинь Бодийн л нүүрс гараад байсан” гэдэг асуудал ярьсан. Аль нүүрсийг түрүүлж гаргах дээр нөлөөлж байсан уу?
Ковидын үеэр Монгол Улсын экспорт бараг тэг зогссон. Нүүрс гарахгүй хил хаагдаж “Эрдэнэс Тавантолгой” компани бараг жил илүү үйл ажиллагаа нь зогссон. Энэ хугацаанд Хятадын дөрвөн том худалдан авагчтай гэрээ байгуулж урьдчилгаа болгон олон зуун сая доллар аван валютын нөөцөө бүрдүүлсэн байдаг. Улмаар ковид дуусаж гэрээний үүргээ биелүүлээд эхлэхээр хилээр гарч буй нүүрс, орж ирсэн долларын хэмжээ зөрөөд эхлэхээр манайхыг авсан гэж хардсан. Угтаа 2021-2022 онд хил хаагдчихсан үед Сангийн яам, “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулж аваад зарцуулсан нь тодорхой болсон.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ковидын үед манай компанид санхүүжилтээ өгч чадахгүй болоод бид бусад эх үүсвэрээс өндөр хүүтэй зээл авч төслийг нь дуусгасан. Нүүрсний сонсголын үеэр би хаанаас ямар үнийн дүнтэй зээл авч төслийг дуусгасан гэдгээ тодорхой хэлсэн. Тийм учраас манай нүүрс түрүүлж гардаг гэдэг яриа ор үндэслэлгүй.
Нүүрсний компанигүй хэрнээ яагаад энэ арилжаанд зуучлагч болчихов?
-Түрүүн хэлсэнчлэн манайх бол инженерингийн компани. Нэг ёсондоо энэ төмөр замыг барь гэсэн үүргийг бидэнд өгсөн. Гэхдээ санхүүжилтээ нүүрсээр өгөхөөр тохирсон. Манайд өгсөн үнээр нь л цааш нь дамжуулаад өгчихөж байгаа юм. Энэ санхүүжилтээр нь төмөр замын төслийг дуусгасан гэж ойлгож болно. Үүнээс гадна манайтай байгуулсан оффтейкийн ганцхан гэрээ бий. Энэ ганцхан гэрээний дагуу бид “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын бүтээн байгуулалтад зориулж өгсөн нүүрсийг нийтдээ 36 хавсралтаар 29 худалдан авагчид нийлүүлсэн байдаг. Гэтэл тэр компаниудад өгсөн хуваарилалтыг нүүрсний гэрээ гэж ойлгоод байгаа юм.
Заримдаа компаниуд нүүрсээ худалдан авч мөнгөө өгч чадахгүй болно. Илүү санхүүгийн чадвартай нь манайд өгч байгаа нүүрсийг худалдаж авч чадна. Нийтдээ 29 компани гээд байгаа боловч үнэн хэрэгтээ цаанаа 4, 5 компани л байгаа юм. Оффтейкийн гэрээ бол нэг л бий.
Норенко зэрэг компаниудтай холбоотой гэрээг Засгийн газар ил болгохдоо нууцад хамааруулчихсан гэдэг зүйлийг яриад байсан. Цаашаагаа зарж байсан юм бол яагаад нууцад хамааруулсан юм бол?
-Худалдан авалтын асуудлыг Засгийн газраас асуусан нь дээр байх. Энэ талаар өмнө нь бараг бүтэн өдөржин сонсголоор ярьж байсан. Өнөөдөр ярилцлага өгөх шалтгаан нь оффтейк гэрээ, нүүрстэй холбоотой асуудал биш. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн намайг авлига, хээл хахууль өгсөн гэж гүтгэсэн учраас би тэрэн дээрээ илүү анхаарал тавьж хариулж байгаа юм.
Та Б.Энхбаяр гишүүнтэй харьцаж байгаагүй гэлээ, тэгвэл Д.Мөнх-Эрдэнийг таних уу. Танай компанид ажиллаж байсан, мөн таныг ЗГХЭГ-т хүнээ оруулаад нууц мэдээлэл авч ийм ажил хийсэн гэж хэлсэн.
-Д.Мөнх-Эрдэнэ манай компанид огт ажиллаж байгаагүй. Хоёрдугаарт Д.Мөнх-Эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хэлсэн хүн нь үүнийгээ батлах хэрэгтэй. Мөнх-Эрдэнэ ч өөрөө хэлсэн байх шиг байна лээ.
-Та 2013 оны ТЭЗҮ-ээр төсөвт өртгөө нэмэхгүйгээр төслөө цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн гэгдэг. Гэтэл Ерөнхий сайд таны хэрэгжүүлсэн энэ төсөл дээр ам муутай байх юм. Энэ төмөр замаар чинь нэг вагон нүүрс гараагүй шүү дээ. Тийм учраас яг бүрэн дууссан гэж хэлэх үү?
-Энэ асуулт дээр хэдэн тодруулга хэлье. Төмөр замыг 2022 оны сүүлээр хүлээлгэж өгсөн. Миний мэдэж байгаагаар өнгөрсөн онд буюу 2025 онд нийтдээ 6 сая тонн нүүрс тээвэрлэгдсэн. Өнөөдөр өдөр болгон 8-10 цуваа вагон Гашуунсухайтын төмөр замаар тээвэрлэгдэж байгаа. Энэ бол Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр зэрэглэлийн, хамгийн сайн чанартай баригдсан төмөр зам. Хэрвээ энэ төмөр замыг манай компани бариагүй байсан бол өнөөдөр манай улстөрчид нөгөө л овоолсон шороо, нөгөө л юм нь зөрсөн гэдэг хий дэмий юмаа яриад л хэрэлдэцгээж байгаа гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Мөн хэрэв манай компани төмөр замыг бариагүй бол өнөөдөр хил холболтын асуудал ч яригдахгүй байсан. Цаашлаад Харбиний гэрээ ч гэж яригдахгүй. Өөрөөр хэлбэл юу ч хийгдэхгүй байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Нөгөө талаар сэтгүүлчид, зарим улстөрчид овоолсон шороо гэдэг юмыг зөндөө ярьсан. Тэнд бол ямар ч овоолсон шороо байгаагүй. Овоолсон шороо гээд байсан зүйл нь хаа байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хийгдсэн өөр ажлын зураг. Үүнийг сэтгүүлчид эрэн сурвалжлах биз.
Улстөрчид миний тухай элдэв юм ярьдагийг би бол тоодог ч үгүй. Харин улс төрийн тэмцэлд намайг татан оролцуулж хээл хахууль авсан гэж ярьж байгаа явдалд бол эгдүүцэн дургүйцэж байна.Түүнээс гадна тэр Б.Энхбаяр гэдэг хүн чинь бас над руу их дайрдаг шүү дээ. Тэр хүн одоо асуудлуудаа ярина биз. Миний хувьд гэрчийн мэдээлэл өгөхөд асуудал алга.
Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын хуулиар хүн гүтгэх чинь Эрүүгийн хэрэг биш болсон юм билээ. Хэнийг юу ч гэж гүтгэж болохоор болчихсон гэдгийг би сая л мэдэж авлаа. Уг нь бол гүтгэсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээх ёстой баймаар.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ таныг гэрээ байгуулсан анхны өдөр “Тавантолгой төмөр зам” компанийн Голомт банкан дахь данснаас “Бодь интернэшнл” компанийн данс руу 110 сая доллар шилжүүлээд бэлнээр гаргаад тараасан гэдэг асуудал яриад байгаа. Үүн дээр танд тайлбар байна уу?
-Манай компанийн энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага ямар ч мөнгөний зөрөөгүйгээр таарч байгаа. Дээрээс нь түрүүн хэлсэнчлэн хэл амтай төсөл учраас бид үүн дээр маш цэгцтэй хандсан. Тиймээс ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлж байгаа зүйл бол огт ор үндэсгүй, боломжгүй зүйл. Дээрээс нь Монгол Улс одоо маш хатуу хяналттай болсон. Та нар мэдэж байгаа 20 сая төгрөгөөс дээш хэмжээний гүйлгээ бүгд Монголбанканд мэдэгддэг, тийшээ очиж тайлагнадаг болсон. Тиймээс ийм зүйл байх бололцоогүй. Тэр хүн хаанаас ийм юм олж сонссон юм мэдэхгүй байна. Үнэхээр сонсож, харсан юм бол түүнийгээ өөрөө гэрчлэх байлгүй дээ. Би бол тэр Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй. Сонсгол дээр л таарч байсан.
-Таныг ҮАБЗ-ийн муудалцсан гишүүдийг нийлүүлдэг эвлэрүүлэгч нөлөөтэй гэсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг тангараг өргөхийн өмнө Х.Баттулгатай эвлэрүүлсэн, ер нь бол аль нэгэнд нь үйлчилдэг гэж цаагуураа хэлээд байгаа юм. Үүнд тайлбар байна уу.
-Наадах чинь намайг магтаж байгаа юм уу, муулж байгаа юм уу. Ер нь бол өмнөх Ерөнхийлөгч, ирж байгаа Ерөнхийлөгч хоёр хүссэн хүсээгүй уулзах байлгүй дээ. Ер нь бол манай төмөр зам эхлэхэд энэ хоёр хүний нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө ЗГХЭГ-ын дарга, Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байсан. Энэ хүмүүс энэ төслийг мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ач холбогдлыг маш их гадарлаж байсан. Энэ төслийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр бүгд санал нийлсэн. Би бол тэгж ойлгосон. Надад бол энэ төслийг яг хугацаанд нь хийх ёстой гэсэн хатуу үүргийг л хэлж байсан. Би тэр үүргээ нэр хүндтэй, ёс төртэй хийж дуусгасан. Би тэр ажлаараа бахархаж байгаа. Ганц би ч биш, энэ төсөлд оролцсон мянга мянган инженер техникийн ажилтан, зуу зуун туслан гүйцэтгэгч компанийнхан энэ ажилдаа асар их бахархалтай байгаа. Өнөөдөр Тавантолгой төмөр зам гэдэг энэ компани Монгол Улсын хамгийн их орлоготой, хамгийн их ашигтай компанийн нэг болчихсон байгаа шүү. Тэгэхээр янз бүрийн мэдэгдэл хийхээсээ өмнө өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс статистикийн тоо баримт харж байгаарай. Хүний хов жив, амаар биш баримтад тулгуурлаж юмаа ярихыг би хүсэж байна.
-Хүнтэй холбоотой дахиад нэг юм асуухад А.Амундра гэж хүн танай группийн захирлаар ажиллаж байсан. Энэ хүн хамаг улс төрийн зургийг нь зураад байсан гэдэг. Энэ А.Амундра гэдэг хүнтэй ямар холбоотой вэ?
-Би ямар ч хүний улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг үгүйсгэдэггүй, харин ч хүндэтгэдэг. Тэр хүмүүсийн гаргасан шийдвэрт огт нөлөөлдөггүй. А.Амундра манай компанийн захирал хийж байгаад зургаан жилийн өмнө ажлаас гарч Ерөнхий сайдын зөвлөх болсон. Өөрийнх нь сонголт. Нэгэнт тэр хүн ажлаас гарсан учраас түүнээс хойш хийсэн ажил, улс төрийн сонголт, үйл ажиллагаанд нь би ямар ч хамааралгүй.
Түүнээс гадна би хэнд ч ямар нэгэн үүрэг даалгавар өгдөггүй. Хэнийг ч ингэ, тэг гэж зааж, чиглүүлдэггүй. Хүн бүр өөрийнхөө итгэл үнэмшлээр ажлаа хийдэг гэж би үздэг. Тиймээс А.Амундрагийн улс төрд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн ажил, хэнтэй хэрхэн ажилласан талаар би тайлбар өгөх боломжгүй. Харин манай компанид ажиллаж байх үед нь байгуулсан гэрээ, контрактууд бол компанийн хууль, журмын дагуу хийгдсэн. Тэр хүрээнд холбогдох асуудал байвал энэ нь миний хариуцах асуудал болохоос бусдынх биш.
-Та бараг бүх асуудлуудыг няцааж үгүйсгэлээ. Ингэж няцааж, үгүйсгэж байгаа юм чинь ирээд энэ хүмүүсийг хуулийн байгууллагад өгөх үү?
-Энэ чинь хуулиар шийдэгдэхгүй юм байна шд. Хүн гүтгэлээ гээд яах ч үгүй л юм байна шүү дээ. Хүн гүтгэсэн ч тэр хүнд ямар ч хариуцлага хүлээлгэхгүй юм билээ. Тэд цаашдаа ер нь ямар ч муухай юм гаргахад бэлэн байх шиг байна. Тэгж ард түмнийг хооронд нь талцуулах л чухал юм байна гэж ойлголоо. Ер нь бол хойшдоо үнэн бодит байдал гэдэг юм алга болох юм шиг байна.
-Хамгийн эцэст нь асуухад, үндэсний томоохон компаниудаа руугаа улстөрчид нь үргэлж бурууг чихэж байна. Одоо Монголд нэр хүндтэй групп, компаниудыг үлдээхгүй болтол нь хутгаж, бүгдийг нь муухай харагдуулах ажил явж байна гэж харж байна.
Магадгүй энэ бол бидний туулах ёстой зам байх. Монгол бол ардчилсан, чөлөөт орон. Үүнийг би бол тойрч гарах биш, туулж гарах ёстой зүйл гэж үзэж байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.