
АНУ болон Иран улс дайныг дуусгах тохиролцоонд ойртсон гэх мэдээллийн дараа газрын тосны үнэ буурч, дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй хаагдлаа.
Дэлхийн жишиг болох Brent төрлийн газрын тосны фьючерс үнэ мэдээлэл гарсны дараа нэг баррель нь 97 ам.долларт хүрч буурсан ч удалгүй 101 ам.доллароос дээш түвшинд эргэн өсөв. Өдрийн эхэнд үнэ 108 ам.доллараас давж байсан юм.
Лондоны хамгийн том олон нийтийн компаниудын хувьцааг багтаадаг FTSE 100 индекс болон Германы Dax индекс тус бүр 2%-иас дээш өсөлттэй хаагдсан бол Францын Cac 40 индекс 3%-иар өсөв. Азийн индексүүд мөн өсөлттэй хаагдсан бөгөөд АНУ-ын S&P 500 индекс өдрийн турш 1%-иас дээш өсөлт үзүүлжээ.
Эдгээр зах зээлийн хөдөлгөөн нь Axios агентлаг АНУ дайныг дуусгаж, цөмийн асуудлаарх дэлгэрэнгүй хэлэлцээг эхлүүлэх нэг нүүр бүхий баримт бичигт ойртсон гэж мэдээлсний дараа гарсан байна.
Үүнээс хэдхэн цагийн дараа Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ираны Оюутны мэдээний агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын дэвшүүлсэн дайныг зогсоох санал одоогоор хэлэлцэгдэж байгаа гэж мэдэгджээ.
Гэвч удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээр байгуулагдах хүртэл хугацаа хэрэгтэй байж магадгүй гэсэн байр суурь илэрхийлэв.Тэрээр Truth Social хуудсандаа иранчууд тохиролцоог зөвшөөрнө гэдэг нь “том таамаглал”. Хэрэв хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Operation Epic Fury”-ийн үеийнхээс “хамаагүй өндөр түвшин, эрчимтэй” бөмбөгдөлт хийнэ гэж анхааруулжээ.
Газрын тосны үнэ Ирантай хийж буй АНУ-Израилийн дайн эхлэхээс өмнөх нэг баррель нь ойролцоогоор 70 ам.долларын түвшнээс хавьгүй өндөр хэвээр байна. Дайн бүс нутгийн газрын тосны олборлолт болон тээвэрлэлтийг огцом сааруулжээ.
Мөргөлдөөний гол төвд Иран улс 2-р сарын 28-наас хойш үргэлжилсэн АНУ-Израилийн цохилтын хариуд тус улсын өмнөд хэсэгт байрлах Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудад халдана гэж сүрдүүлсэн асуудал байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд Европын гол биржүүд 2-р сарын сүүл үеийн түвшнээс доогуур хэвээр байгаа бол S&P 500 индекс 1%-иас дээш өссөн байна.
Лхагва гарагт Азийн гол зах зээлүүд бүгд өсөлттэй хаагдсан бөгөөд Өмнөд Солонгосын Kospi индекс 6.45%-иар өсөж, Хонконгийн Hang Seng индекс 1.22%-иар нэмэгдэн, Японы Nikkei индекс 0.38%-иар өсжээ.
Hang Seng индекс дайн эхэлснээс хойш буурсан хэвээр байгаа бол бусад хоёр индекс өссөн үзүүлэлттэй байна.
4-р сарын 8-нд АНУ болон Иран гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь газрын тосны үнийг огцом унагаж, хөрөнгийн зах зээлийг өсгөсөн юм. Гэвч ням гарагт Ерөнхийлөгч Трамп АНУ-ын арми Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцуудыг хамгаалан чиглүүлнэ гэж мэдэгдэж, үүнийг “Project Freedom” хэмээн нэрлэсэн нь Иран болон АНУ-ын зүгээс хоолойн бүсэд халдлагууд нэмэгдэхэд хүргэсэн.
Үүний дараа Трамп мягмар гарагт сошиал сүлжээндээ уг ажиллагааг “хэлэлцээр эцэслэн байгуулагдаж, гарын үсэг зурагдах эсэхийг харахын тулд богино хугацаанд” зогсооно гэж мэдэгдсэн.
Тэрээр мөн “Ираны төлөөлөгчидтэй бүрэн, эцсийн хэлэлцээр байгуулах чиглэлд ихээхэн ахиц гарсан” гэж бичжээ. Гэхдээ АНУ Ираны боомтуудад орж, гарч буй хөлөг онгоцуудыг үргэлжлүүлэн хориглоно гэж мэдэгдсэн нь Ираны эдийн засагт дарамт үзүүлэх зорилготой алхам гэж үзэж байна.
Axios агентлаг АНУ дайныг дуусгах нэг нүүртэй харилцан ойлголцлын санамж бичигт ойртсон гэж мэдээлсэн бөгөөд үүнд АНУ-ын хоёр албан тушаалтан болон хэлэлцээрийн талаар мэдээлэл авсан өөр хоёр эх сурвалжаас иш татжээ.
Уг баримт бичиг нь бүс нутаг дахь дайныг дуусгавар болсныг зарлаж, Ормузын хоолойг дахин нээх, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, мөн АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах асуудлаарх 30 хоногийн хэлэлцээ эхлүүлэхээр тусгасан гэгдэж буй. Эдгээр мэдээлэл нь мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр тал тохиролцоонд хамгийн ойртсон үе болж магадгүй юм.
Ойрын 48 цагийн дотор Иран хэд хэдэн гол асуудлаар АНУ-д хариу өгөхийг Вашингтон хүлээж байгаа гэж шинжээчид дүгнэж байна.