
Энэтхэгийн армийн техникч асан Мухаммад Дауд Али саяхан өөрийн төрөлх муж болох Баруун Бенгалд сонгогч байхаа больсноо мэджээ.
Түүний нэр болон гурван хүүхэд паспорт, албаны баримт зэрэг хүчинтэй бичиг баримттай байсан ч сонгогчдын жагсаалтаас хасагдаж, зөвхөн эхнэрийнх нь нэр л жагсаалтад үлджээ.
65 настай Али болон түүний хүүхдүүд нь 2026 оны сонгогчдын жагсаалтаас хасагдсан есөн сая хүний нэг хэсэг бөгөөд энэ нь Баруун Бенгал мужийн 76 сая сонгогчийн ойролцоогоор 12 хувь гэсэн үг юм. Энэ нь SIR) нэртэй ажиллагааны хүрээнд хийгджээ. Тус зүүн мужид шинэ мужийн засгийн газрыг сонгох санал хураалт энэ сарын сүүлээр болно.
Эдгээр есөн сая хүний зургаан сая гаруй нь оршин суудаггүй эсвэл нас барсан гэж тодорхойлогдон жагсаалтаас хасагдсан бол үлдсэн 2.7 сая хүний хувь заяа Алигийн гэр бүлийнхний адил тодорхойгүй бөгөөд зөвхөн шүүх л шийдвэрлэх аж.
Одоогоор 13 муж болон холбооны захиргаатай бүсэд “Тусгай эрчимжүүлсэн шинэчлэл” хэрэгжсэн ч Баруун Бенгалд л нэмэлт “онцгой шалгалт” давхар явагдсан байна.
Энэтхэгийн Сонгуулийн комисс энэ шинэчлэл нь давхардсан болон хуучирсан бүртгэлийг устгаж, жинхэнэ сонгогчдыг нэмэх зорилготой гэж мэдэгдсэн. Гэвч уг ажиллагаа өнгөрсөн жил Бихар мужид эхэлснээс хойш маргаан дагуулж, шүүхэд энэ төрлийн зарга олон иржээ.
Ялангуяа Баруун Бенгалд энэ асуудал илүү хурц маргаан үүсгэж, эрх баригч Тринамул Конгресс нам болон сонгуулийн байгууллагын хооронд зөрчилдөөн бий болсон байна.

Сонгуулийн ерөнхий комиссар Гианеш Кумар “шинэчлэлийн зорилго нь ямар ч эрх бүхий сонгогчийг хасахгүй, эрхгүй хүмүүсийг оруулахгүй “цэвэр жагсаалт” бүрдүүлэх” гэж мэдэгджээ.
Маргааныг улс төрчдийн мэдэгдэл улам хурцатгасан бөгөөд Ерөнхий сайд Нариндра Моди сонгуулийн кампанит ажлын үеэр “Бангладешийн хууль бус нэвтрэгчдийг илрүүлэх” зорилготой гэж хэлсэн нь Тринамул Конгрессын үзэж байгаагаар мусульман иргэдийг онилсон үг хэллэг юм. Гэвч мусульманчуудаас гадна олон хиндү сонгогч мөн хасагдсан байна.
Энэтхэг Бангладештай 4096 км урт, ихэнхдээ нээлттэй хилтэй бөгөөд түүний ихэнх хэсэг Баруун Бенгалаар дамждаг тул шилжилт хөдөлгөөн, сонгогчдын бүртгэлийн асуудал улс төрийн хувьд эмзэг зүйл юм.
Баруун Бенгал нь мөн Энэтхэгийн мусульман хүн амын хоёр дахь том төв бөгөөд 2011 оны тооллогоор 172 сая мусульманы 14 орчим хувь нь энд амьдардаг гэсэн тоо гарчээ.
70 гаруй сая сонгогчтой тус мужийг 2011 оноос хойш Ерөнхий сайд Мамата Банержи тэргүүтэй Тринамул Конгресс нам удирдаж ирсэн бөгөөд Нариндра Модигийн Бхаратия Жаната нам гол өрсөлдөгч нь юм.
Парламентын суудлын тоогоор Энэтхэгт дөрөвт ордог энэ муж нь Бхаратия Жаната намын одоог хүртэл бүрэн авч чадаагүй чухал бүс хэвээр байна. 2021 оны сонгуулиар тус нам 294 суудлын дөрөвний нэг орчмыг л авчээ.
Банержигийн нам энэ шинэчлэл сая сая хүнийг, ялангуяа мусульман иргэдийг санал өгөх эрхгүй болгож, Бхаратия Жаната намд ашигтай нөхцөл бүрдүүлсэн гэж буруутгаж байгаа ч уг нам болон Сонгуулийн комисс үүнийг үгүйсгэдэг.
Олон удаагийн шүүхийн маргааны дараа Дээд шүүх сонгуулийг 4-р сард явуулахыг зөвшөөрсөн ч 2.7 сая хүний асуудлыг бүрэн шийдээгүй хэвээр үлдээжээ. Эдгээр сонгогчид 2002 оны сонгогчдын жагсаалттай холбоотой баримт өгсөн ч Сонгуулийн комисс хиймэл оюун ухаанд суурилсан шинэ аргаар “логикийн зөрчил” илрүүлсэн гэж үзэн тэднийг эргэлзээтэй гэж ангилсан байна. Дахин шалгалт хийсэн ч Али шиг хүмүүс хасагдсан хэвээр байна.
Улс төрийн намуудын мэдээллээр тодорхойгүй байгаа 2.7 сая хүний 65 орчим хувь нь мусульман байж магадгүй. Нийт хасагдсан есөн сая хүний 3.11 сая буюу 34 хувь нь мусульман байгаа нь хүн амд эзлэх 27 хувиас өндөр үзүүлэлт юм.
Али болон түүний хүүхдүүд шүүхэд хандах ёстой болсон ч саналын жагсаалт хаагдаж, 4-р сарын 23, 29-нд сонгууль болох тул тэд эрхээ сэргээх боломж бага гэж үзэж байна.
“Надад хэлэх ч үг алга. Маш их гомдож, доромжлогдсон мэт санагдаж байна. Манай асуудлыг шийдээгүй байхад яаж сонгууль явуулж болох вэ?” гэж Али BBC-д ярьжээ.
Олон хүний нэрийг ийнхүү хассан нь алдаа, ялгаварлан гадуурхалт, “жинхэнэ” сонгогчийг тодорхойлох шалгуурын талаар ноцтой асуулт үүсгэсэн юм.
Улс төр судлаач Сибажи Пратим Басу “Энэтхэгт сонгогчдын эрх түдгэлзсэн байдалтай сонгууль болж байсан тохиолдол байхгүй” гэж хэлжээ. Тэрээр 2.7 сая хүнийг хассан нь “утгагүй” гэж үзээд “энэ бол ардчиллын хувьд ичгэвтэр хэрэг” гэж нэмж хэлсэн.
Харин холбооны сайд, Бхаратия Жаната намын гишүүн Сукaнта Мажумдар “Үндсэн хуулиар зөвхөн Энэтхэгийн иргэд Ерөнхий сайд, мужийн удирдагчдыг сонгох эрхтэй тул иргэн биш хүмүүсийг хасах нь зөв” гэж мэдэгджээ.
Энэ асуудал сонгуулийн гол сэдэв болж, Мамата Банержи Дээд шүүхэд дахин хандана гэж мэдэгдсэн бөгөөд Шүүх 4-р сарын 13-нд хэргийг хэлэлцэхээр болсон.
Лондонгийн Эдийн засгийн сургуулийн антропологич Мукулика Банержи “зарим бүлгийг зориуд онилсон байж магадгүй” гээд “Санал өгөх эрх бол зөвхөн процедур биш, харин ялангуяа эмзэг бүлгийн хувьд чухал эрх. Энэ эрхийг хасах нь тэдний дуу хоолойг үгүй хийж байна” хэмээн тодорхойлжээ.