
Ираны дайны нөхцөл байдал болон эрчим хүчний үнийн огцом өсөлт нь зах зээлийг донсолгож, зөвхөн хувьцаа бус “аюулгүй” гэж үздэг хөрөнгүүдэд ч сөргөөр нөлөөлж байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчдын эрсдэлээс хамгаалах боломж улам хумигдаж байна.
АНУ-ын гол индексүүд болох Dow Jones Industrial Average, S&P 500 болон Nasdaq Composite нь сүүлийн нэг жилийн хамгийн муу сарыг “туулж” байна. Эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэх үед ихэвчлэн алт, төрийн бонд зэрэг “аюулгүй боомт” хөрөнгө хамгаалалт болдог ч энэ сард тэдгээр нь мөн буурч, хамгаалалтын үүргээ төдийлөн гүйцэтгэж чадсангүй.
Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл уналтаар хаагдсан байна. Dow индекс 469 нэгж буюу 1.01%-иар буурсан бол S&P 500 индекс 1.74%-иар унаж, сүүлийн хоёр сарын хамгийн муу үнэлгээг үзүүлжээ. Харин Nasdaq индекс 2.38%-иар буурч, аравдугаар сарын оргил үеэсээ 10%-иас дээш унаж, “засварын бүс”-д орсон байна.
Алтны үнэ 4%-иар буурсан бол хөрөнгө оруулагчид бонд зарснаар өгөөж нь өсжээ.
Intersecting Wealth компанийн үүсгэн байгуулагч Митч Хэймерийн хэлснээр, тодорхойгүй байдал өндөр үед зах зээлийн хэлбэлзэл нэмэгддэг бөгөөд “хувьцаа, бонд гээд хаа сайгүй хэлбэлзэл өндөр байна” гэжээ.
Зах зээлийн огцом хариу үйлдэл нь газрын тосны үнийн өсөлт болон дайны үргэлжлэх хугацааны тодорхойгүй байдалтай шууд холбоотой байна. Пүрэв гарагт нефтийн үнэ өссөн бөгөөд Brent 5.7%-иар өсөж баррель нь 108.01 ам.долларт хүрсэн бол АНУ-ын түүхий нефть 4.6%-иар өсөж 94.48 ам.доллар болсон байна.
LPL Financial компанийн стратегич Адам Турнквист “бүх зүйл нефтийн зах зээл болон инфляцад үзүүлэх нөлөөнөөс шалтгаалж байна” гэдгийг онцолж, дайны хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр байгааг тэмдэглэжээ.
S&P 500 индекс нэгдүгээр сарын дээд түвшнээсээ 7%-иас дээш унасан бөгөөд Ормузын хоолой хаалттай хэвээр байх хугацаанд тодорхойгүй байдал үргэлжлэх төлөвтэй байна.
Алтны үнэ энэ сард бараг 17%-иар буурч, 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлтэд хүрэх магадлалтай байна. Газрын тосны үнэ өсөж, эрчим хүчний инфляц нэмэгдэх төлөв нь дэлхийн төв банкуудын бодлогод нөлөөлж, хүүг удаан хугацаанд өндөр байлгах нөхцөл үүсгэж байна. Энэ нь орлого өгдөггүй алт эзэмших “боломжийн өртөг”-ийг нэмэгдүүлдэг.
Бондын үнэ буурч, өгөөж өссөн нь инфляцын хүлээлт нэмэгдэж, хүү буурах магадлал багассантай холбоотой. Oxford Economics-ийн шинжээч Жон Канаван “дэлхийн бондын зах зээлийн уналт үргэлжилж байгаа бөгөөд төв банкууд нефтийн үнийн өсөлтөд хэрхэн хариу үзүүлэх нь анхаарлын төвд байна” гэжээ.
Урт хугацааны бондын өгөөж өсөж буй нь мөн АНУ Ираны дайны санхүүжилтэд 200 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байгаатай холбоотойгоор төсвийн алдагдлын талаарх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Энэ нөхцөлд ам.доллар тодорхой хэмжээнд “аюулгүй” хөрөнгө болж, энэ сард 2.4%-иар чангарсан байна. Мөн богино хугацааны мөнгөний зах зээлийн сангууд болон бэлэн мөнгөтэй дүйцэх хөрөнгүүд хэлбэлзлээс хамгаалах нэг хувилбар болж байна.
Хөрөнгө оруулагчид Төв банк энэ онд бодлогын хүү бууруулахгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хадгаламж болон мөнгөний зах зээлийн өгөөжийг удаан хугацаанд өндөр хэвээр байлгах магадлалтай.
Ameriprise Financial компанийн стратегич Энтони Саглимбене “Ормузын хоолой үндсэндээ хаалттай хэвээр, мөргөлдөөн дуусаагүй, бодит дипломат яриа хэлэлцээ шаардлагатай хэвээр байна” гэж мэдэгдсэн. Тэрээр мөн “ихэнх хөрөнгө оруулагчдад мэдээлэлтэй байж, гарчиг мэдээнүүдэд хэт автахгүй, тэнцвэртэй хөрөнгө оруулалтын стратегиа хадгалахыг зөвлөж байна” гэж онцолжээ.