
Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд тавих хувийн хамгаалалтыг эрс нэмэгдүүлж, ойрын хүрээний ажилтнуудынх нь гэрт тандалтын систем суурилуулсан талаар Европын тагнуулын агентлагийн тайланд дурдсан байна. CNN-ийн мэдээлснээр энэхүү арга хэмжээ нь Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудын эсрэг гарсан цуврал аллага болон төрийн эргэлт хийх оролдлогоос урьдчилан сэргийлсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Ерөнхийлөгчтэй ажилладаг тогооч, бие хамгаалагч, гэрэл зурагчдыг нийтийн тээврээр зорчихыг хориглосон байна. Путинтай уулзах зочдыг хоёр удаа шалгах бөгөөд түүний ойрын ажилтнууд зөвхөн интернетгүй утас ашиглах ёстой гэж уг тайланд дурджээ.
12-р сард өндөр албан тушаалтай генерал алагдсаны дараа Оросын аюулгүй байдлын дээд түвшинд маргаан үүссэн. Энэ нь дотоод болон гадаад асуудлууд нэмэгдэж, эдийн засгийн хүндрэл, дотоод эсэргүүцэл, Украинд тулгарч буй саад бэрхшээлээс шалтгаалан Кремлийн доторх түгшүүр нэмэгдэж байгааг илтгэнэ.
Оросын аюулгүй байдлын албаныхан Путин тогтмол очдог газруудын тоог эрс багасгасан байна. Путин болон гэр бүлийнхэн нь Москва орчим, Санкт-Петербург, Москва хотын хооронд байрлах Валдай дахь зуны ордондоо очихоо больжээ.
Мөн тэрээр энэ онд цэргийн байгууламжид огт зочлоогүй байна. Харин Кремль урьдчилан бичсэн дүрс бичлэгийг олон нийтэд цацах болсон гэж тайланд дурджээ.
2022 онд Украинд халдлага эхэлснээс хойш Путин олон долоо хоногийг шинэчилэн сайжруулсан хоргодох байруудад өнгөрөөх болсон бөгөөд ихэвчлэн Хар тэнгисийн эрэгт байрлах Краснодар бүсэд байдаг болсон талаар тайланд дурдсан байна.
Барууны орнуудын тооцооллоор Орос сар бүр 30 000 орчим хүн амь үрэгдсэн болон шархадсан хохирол амсаж байгаа төдийгүй фронтын ахиц хязгаарлагдмал байна. Украин Оросын гүнд дрон довтолгоо удаа дараа хийж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Дайны эдийн засгийн өртөг ч мэдрэгдэх болж, томоохон хотуудад гар утасны сүлжээ тасалдах зэрэг асуудал гарч, Путинд дэмжлэг үзүүлэгч дунд давхаргыг хүртэл бухимдуулав.
Тайланд Москва дотоод аюулгүй байдлын доройтлоос болгоомжилж буйг онцолж, цэргийн дээд командлал дунд хариуцлагын асуудлаар маргаан гарсныг дурдсан байна. Үүний дараа Путин өөрийн Холбооны хамгаалалтын албаны (FSO) хамгаалалтыг 10 гаруй өндөр албан тушаалтнаар өргөтгөжээ.
Төрийн эргэлтийн эрсдэл
2026 оны 3-р сараас хойш Кремль болон Путин өөрөө нууц мэдээлэл алдагдах, төрийн эргэлт эсвэл хуйвалдааны оролдлого гарч болзошгүйд санаа зовниж байгаа аж. Тэрбээр Оросын улс төрийн элитийн доторх хүмүүс дрон ашиглан халдлага үйлдэхээс онцгой болгоомжилж байна.
Тайлангийн хамгийн анхаарал татсан хэсэг нь Путинд ойр байсан Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгугийн талаар байв. Одоо Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Шойгу нь цэргийн дээд командлалд нөлөөтэй хэвээр байгаа тул “төрийн эргэлтийн эрсдэлтэй холбоотой” гэж дурджээ.
Шойгугийн орлогч асан Руслан Цаликов 3-р сарын 5-нд баривчлагдсан нь элитүүдийн хоорондын хамгаалалтын бичигдээгүй гэрээг зөрчсөн явдал гэж үзэж байна. Түүнийг хөрөнгө шамшигдуулах, мөнгө угаах, авлигын хэргээр буруутгасан юм.
Гэхдээ Шойгугийн эсрэг эдгээр мэдэгдлийг батлах нотолгоо тайланд байхгүй. Ийм төрлийн мэдээллийг тараах нь Кремлийг тогтворгүй болгох зорилготой байж магадгүй гэж ажиглагчид үздэг. Путин өмнө нь 2023 оны 6-р сард Евгений Пригожины удирдсан бослогыг даван туулж байсан удаатай.
Кремлийн дотоод маргаан
2025 оны 12-р сарын 22-нд дэслэгч генерал Фаниль Сарваров Москва хотод алагдсаны дараа Кремльд болсон уулзалтаар ширүүн маргаан өрнөсөн байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортниковыг офицеруудыг хамгаалж чадаагүй гэж буруутгасан бол Бортников нөөц, хүний хүч дутмаг байгаа гэдэг тайлбар өгчээ.
Эцэст нь Путин тайван байхыг уриалж, долоо хоногийн дотор тодорхой шийдэл гаргахыг үүрэг болгож, хамгаалалтыг өргөтгөсөн гэж тайланд дурджээ.
Сүүлийн үед Москва 5-р сарын 9-ний Ялалтын баярын жагсаалд ч өөрчлөлт оруулж, хүнд зэвсэг, танк, пуужин харуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг Украины алсын зайн довтолгооны аюултай холбон тайлбарлажээ.