
Цалин буумагц өр, зээлээ төлнө, хоол, хүнсээ базаана. Үлдсэнээр нь дараагийн цалин болтол өрхөө, өөрийгөө болгоно. Хэмнэнэ, гамнана, хэрэгцээ гарвал хэн нэгнээс аль эсвэл ямар нэг аппаас зээлнэ. Орлого орохоор авсан зээлүүдээ тушаагаад, ахиад л мөнгөгүй хоцорно. Дахиад л зээлнэ. Үе давдаг тоглоом шиг энэ тойрогт ихэнх монгол иргэн, цөөнгүй монгол өрхийн аж амьдрал, ахуй нөхцөл эргэлдэж буй. Улсын хэмжээнд зээлтэй өрхийн эзлэх хувь сүүлийн хоёр жил тасралтгүй өсөж, 2025 оны эцэс гэхэд нийт өрхийн 70.8 хувийг эзэлжээ. 10 өрх тутмын долоо нь зээлтэй байна гэсэн үг. Нийт зээлийн 40.9 хувь нь цалингийн зээл. Уг нь өрхийн орлого нэмэгдэж буй сайн мэдээтэй. Гэвч сүүлийн нэг жилд өрхийн орлого 14.1 хувиар өссөн ч зээлийн сарын эргэн төлөлт 26.9 хувиар буюу орлогоосоо давж нэмэгдсэн байна. Хамгийн сонирхолтой нь, хэрэглээний болон цалин, тэтгэврийн зээл хамгийн өндөр хувиар өссөн байгаа юм. Харин орон сууц болон бусад зээлийн өсөлт 1 хувьд ч хүрэхгүй байна. Энэ нь өрхийн санхүү өрөөс улам хамааралтай болж буйн тод нотолгоо. Өмнө нь хүмүүс зөвхөн томоохон худалдан авалт хийхдээ л зээл тавьдаг байсан нь хувьсаж, өдөр тутмын хэрэглээний өр нь олонх иргэний “амьсгалын аппарат” болжээ.
Өрхийн амьдрал ийн туйлдаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх систем нутагшиж буйн хамгийн гол шалгаан бол үнийн өсөлт. 2026 оны дөрөвдүгээр сард өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхээс эрс өссөн байгааг ҮСХ өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд барааны бүлгийн үнэ 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.3 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар тус тус өсжээ. Орон нутагт ч ялгаагүй. Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 12.1 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.7 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 20.9 хувь, Баруун болон Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлох нөлөө үзүүлсэн нь мах, махан бүтээгдэхүүн юм. Өнгөрсөн сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар өссөн байна. Үхрийн махны үнэ 42.9 хувиар, хонь, ямааны махны үнэ 41.5 хувиар тус, тус өсжээ. Ийн малын мах хүчрэх аргагүй болсон тул иргэд тахиа, гахай зэрэг импортын мах түлхүү хэрэглэх болсон байна. энэ оны дөрөвдүгээр сард тахиа, гахайн мах, өөхний импорт 28.2 хувиар өссөн нь дээрхийн нотолгоо. Махнаас гадна талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөөд буй.
Ердөө нэг сарын өмнө 7 хувьтай байсан инфляц хоёр оронтой тоонд хүрч, 10 хувийг давав. Ингэснээр иргэдийн авсан цалин, олсон орлого улам л хумигдана. Өрөөр өрхийн хэрэглээгээ залгуулж байсан олон өрх өрөө төлж чадахгүйд ч хүрч болзошгүй юм. Ийн цаашид инфляц өндөр хэвээр үргэлжилж, хэрэглээний зээлийн өсөлт саарахгүй бол өрхийн чанаргүй зээл нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нь зөвхөн айл өрхийн асуудал биш, банк санхүүгийн тогтвортой байдалд ч нөлөөлж болзошгүй. Өөрөөр хэлбэл, өрхийн санхүүгийн эмзэг байдал макро эдийн засгийн эрсдэл болж хувирах шатандаа оржээ.
Өнөөдөр монгол өрхүүд ирээдүйн орлогоо урьдчилан, зээлэх зарчмаар амьдарч байна. Үнийн өсөлт иргэдийн орлогыг давсан учир өрийн циклд нийтээрээ орчихжээ. Ийнхүү “цалинтай ядуурал”-ын хэлбэр рүү нийгмээрээ гулсаж, өр нь амьдралын түр зуурын түшиц бус, өдөр тутмын оршин тогтнолын үндэс болж эхэлжээ