
Дубай зэрэг нисэх онгоцны буудлууд дөрөв дэх өдрөө хаалттай эсвэл хязгаарлагдмал ажиллагаатай байгаагаас мянга мянган зорчигч гацжээ.
АНУ, Израилийн Иран руу хийж буй агаараар довтолгооны улмаас 20 000 гаруй нислэг цуцлагдсан бөгөөд аялал, нисэхийн салбарын компаниуд болон аялал жуулчлалын салбар эрчимтэй арга хэмжээ авч байна.
Дубай, Доха, Абу Даби зэрэг долоон гол нисэх онгоцны буудлаас хөөрөх ёстой байсан 21 300 нислэг цуцлагдсан гэж Flightradar24 мэдээлж байна. Энэхүү нөхцөл байдал нь Дунд Дорнод дахь бизнес, аялал жуулчлалын чухал төвүүдэд нөлөөлж, Европ-Ази чиглэлийн урт зайны нислэгийн маршрутыг хязгаарлаж, дэлхийн агаарын тээврийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Emirates, flydubai, Etihad компаниуд хязгаарлагдмал нислэг хийж, ихэнхдээ гацсан зорчигчдыг нутаг буцахад тусалж байна. АНУ-ын Төрийн департамент болон бусад улсууд иргэдээ яаралтай буцахыг зөвлөж, цэргийн болон чартер нислэгээр татан авч байна. Гэсэн хэдий ч нислэг хаалттай, хязгаарлагдмал тул олон зорчигч хаашаа явахаа мэдэхгүй байдалд оржээ.
Газрын тосны үнэ өсөж, нисэхийн компаниудын түлшний зардлыг нэмэгдүүлж байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй. Delta Air Lines-ийн тайланд дурдсанаар түлшний нэг галлон тутам 1 центийн өсөлт жилд 40 сая долларын нэмэлт зардал үүсгэх бөгөөд 10 хувийн өсөлт 2026 онд 1 тэрбум ам.долларын нэмэлт зардал авчрах аж. Дэлхийн агаарын компаниудын хувьцаа буурсан ч АНУ-ын зах зээл өдрийн сүүлд алдагдлаа багасгаж чаджээ.
Мэргэжилтнүүдийн дүгнэснээр, Дунд Дорнод дахь энэхүү мөргөлдөөн нь аялал, ачаа тээвэр, газрын тосны зах зээлд шууд болон шууд бус нөлөө үзүүлж, олон улсын эдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлж байна.