2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ хичээлийн жил бүх түвшний 2458 боловсролын сургалтын байгууллагад 1 сая 283 мянга 986 суралцагч суралцах аж. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь боловсорч, хүмүүжин, төлөвшиж байгаа энэ салбар эх орны ирээдүйд нэн чухал талбар.
Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмших, мөн өндөр боловсролыг зохих шалгуурын дагуу үнэ төлбөргүй эзэмших эрхтэй" гэж заасан байдаг. Гэвч манайд, ялангуяа нийт хүн амын талаас илүү нь суралцаж байгаа Улаанбаатар хотод хүссэн хүүхэд бүрийг үнэ төлбөргүй сургууль, цэцэрлэгт хамруулах боломж, бололцоо алга. Олонх улсын сургуулийн нэг ангид 50-иас дээш хүүхэд хичээллэж, гурван ээлжээр орж, заримд нь сандал, ширээ, байр сууц ч олдохгүй байна. Багш ажилчдын цалин, багш нарын мэдлэг, ур чадвар, сурагчдын сурлагын чанар гэхчлэн олон асуудал “улсын сургууль” гэх тодотголын ард эгнэж байгаа нь ч нууц биш. Төрийн ачааллаас үүрэлцэж, эх орныхоо ирээдүй болсон багачуудад ээлтэй, чанартай боловсрол олгохоор мэрийж буй нэг субъект бол хувийн сургууль юм. Хэдийгээр хувийн сургууль хамгийн ашигтай бизнест тооцогддог гэлцдэг ч тэнд л эрүүл орчин, чанартай боловсрол цогцолж, багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцоо бий болоод байна.
Гэвч манай улсад хувийн сургуулийг, төрийн өмчийн бус сургуульд хүүхдээ сургаж, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйд нь хөрөнгө оруулж байгаа эцэг эхчүүдийг илүү үзэх хандлага давамгайлдаг. Үрж дийлэхгүй мөнгөтэйдөө эсвэл илүүрхэж, ихэрхсэндээ төлбөртэй сургууль сонгодог мэт олонх хүн аяглана. Нийтийн энэ хандлага сүүлдээ төрд ч “халдварлаж”, өндөр төлбөртэй хувийн сургуулиудад улсаас өгдөг хувьсах зардлыг танах тухай хөндөх болов. Танасан нь ч бий. Тодруулбал, 2021 онд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгох журмыг шинэчилж, 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог нэг тэрбум төгрөгийн хувьсах зардлыг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Улмаар тус мөнгийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулахаар болсон юм.
Харин сүүлийн үед 10 саяас бага төлбөртэй хувийн сургуулиудад ч хувьсах зардал олгохгүй байх хэрэгтэй гэх эсэргүүцэл олон нийтийн дунд бий болоод байна. Түүнчлэн Төсвийн тухай хууль дагалдуулсан УИХ-ын тогтоол дээр хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоох чиглэл ч орж ирсэн. Ийнхүү сургууль, цэцэрлэгүүдэд хувьсах зардал олгохгүй болчихвол төрийн өмчийн боловсролын байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрч, хүнд байдалд орно гэдгийг салбарын сайд мэдээлээд буй. Уг асуудалд Боловсролын сайд П.Наранбаяр “Хувийн сургууль, цэцэрлэг хувьсах зардал төсвөөс авч, төрийн ачааллыг үүрэлцэж байсан. Энэ нь үр дүнгээ өгч, сугалааны цэцэрлэг байхгүй болсон. 2025 оны сүүлийн хагас жилд энэ хувьсах зардлыг зогсоох шаардлагатай нүүр тулж байна. Хувийн ерөнхий боловсролын сургуульд 71 мянган хүүхэд суралцаж байна. Хувийн сургуулиудын төлбөр нь 10 сая төгрөгөөр дээш бол хувьсах зардал олгохгүй байгаа. Хувийн сургууль цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлыг зогсоочихоор цэцэрлэг хүндрэхээр байна. Төрийн ачааллаас үүрэлцэж, хамт явж байгаа учраас хүнд байдал учирч магадгүй. Төсөв сайжрахаар эргээд хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байна” гэсэн юм.
Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг хасчихвал эцэг, эхчүүдэд санхүүгийн ачаалал ирнэ. 10 хүртэлх сая төгрөгийн төлбөртэй сургуульд хувьсах зардал олгож байгаа нь хувийн сургуулийн төлбөрийг барих зорилготой гэдгийг ч салбарынхан мэдээлдэг. Хэрэв эл ажлыг шууд зогсоовол хувийн сургуулийн төлбөр эрс нэмэгдэж, эцэг, эхчүүд санхүүгийн хүнд нөхцөлд орох юм. Улмаар хүүхдээ улсын сургуульд суралцуулах сонголт хийж, хамгийн том ачаа эргээд төрийн нуруун дээр буух юм.
Цэцэрлэгийн хувьд нөхцөл байдал бүр ч хүндэрнэ. Хувийн цэцэрлэгүүдтэй хамтарч, төлбөрийн тодорхой хувийг төр дааж, үлдсэн хэсгийг нь эцэг, эхчүүд өгөх байдлаар сугалааны цэцэрлэгийг халсан. Гэтэл одоо гэнэт төлбөртэй цэцэрлэгт хувьсах зардал олгохгүй болчихвол хүүхдээ хувийн цэцэрлэгт өгсөн эцэг, эхчүүд хүнд байдалд орох нь дамжиггүй.
Хувьсах зардал гэж юуг хэлдэг талаар нийтлэлийн энэ хэсэгт сийрүүлье. Тун товчхондоо, сургуульд сурч буй нэг сурагчид ногдох зардлыг тооцож, улсын төсвөөс сургууль, цэцэрлэгт олгодог мөнгийг ийн нэрийддэг аж. Улмаар Боловсролын тухай хууль, Сангийн яамны журамд заасны дагуу сургуулиуд тус мөнгийг зарцуулж, тайлагнадаг байна.
Хувьсах зардал нь:
- Багшийн цалин
- Сургалтын хэрэглэгдэхүүн
- Цахим хэрэглээ
- Багшийн тасралтгүй хөгжил
- Тоног төхөөрөмж
- Хүүхэд хамгаалал
- Эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
Эндээс хувьсах зардал бол хувийн сургуулийг дэмжиж өгч байгаа мөнгө бус суралцагч бүрийн суралцах эрхийг хангахаар олгож байгаа санхүүжилт гэдгийг олж харж болохоор байна. Гэтэл чанартай боловсрол эзэмшиж, чадварлаг боловсрон хүчин болох зорилго өвөртлөн төлбөртэй сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн үндсэн эрхийг зөрчиж, “Төлбөрөө төлөөд суралцах боломжтой бол төр чамд хувьсах зардал олгохгүй” гэж хандах нь учир дутагдалтай. Монгол Улсын хүүхэд бүхэн тэгш эрхтэй. Гэтэл хувийн сургуульд суралцаж байгаагаасаа шалтгаалаад алаг үзэгдэх хандлага ганц хувьсах зардлаар ч зогсохгүй. Улсын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилтийг нь төр 100 хувь хариуцдаг. Харин төлбөртэй сургуулийн сурагчдын хоолны зардлыг эцэг, эх бүрэн төлдөг. Хэрэв улсын сургууль хүртээмжтэй, багш нар нь чадварлаг, хөтөлбөр нь чамбай, сургалт нь чанартай бол хэн ч өндөр зардал гаргаж, хүүхдээ хувийн сургуульд өгөх гэж шамдахгүй. Цэцэрлэгийн хувьд бүр ч бэрх. Нийт хүүхдийн маш бага хувь нь л улсын цэцэрлэгт хамрагдах боломжтой. Үлдсэн нь гэрээр эсвэл хувийн цэцэрлэгт хамрагдах хоёр л сонголт бий. Тиймээс төрийн, хувийн гэж ялгахгүйгээр төр хүүхэд бүхэнд эрх, тэгш хандах учиртай.