
ОХУ-ын арми Украины зүүн хэсгийн Харьков хотод шөнийн цагаар нисгэгчгүй онгоц, пуужин болон удирдлагатай бөмбөгөөр цохилт өгчээ.
Цохилтын улмаас гурван хүн амиа алдаж, 22 хүн шархадсан гэж тус хотын захирагч Игорь Терехов мэдээлэв. Шархадсан хүмүүсийн дунд нэг сар хагас хүрээгүй нярай хүүхэд байжээ.
Украины томоохон хотуудын нэг болох Харьков нь ОХУ-ын хилээс холгүй оршдог бөгөөд гурван жил гаруй үргэлжилж буй дайны хугацаанд ОХУ-ын пуужин, их бууны цохилтод тасралтгүй өртөж ирсэн юм.
“Харьков хот бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй халдлагад өртөж байна” гэж Терехов бямба гарагийн өглөө Telegram мессенжерээр мэдээлжээ.
Түүний хэлснээр, шөнийн турш хотод олон арван дэлбэрэлтийн чимээ сонсогдож, ОХУ-ын цэргүүд пуужин, нисгэгчгүй онгоц болон удирдлагатай агаарын бөмбөгийг нэгэн зэрэг ашиглан цохилт өгсөн байна.
Олон давхар болон хувийн орон сууцны барилга, боловсролын байгууллага, дэд бүтцийн байгууламжууд халдлагад өртсөн гэж Терехов мэдээлжээ.
Харьков мужийн захирагч Олег Синегубовын мэдээлснээр, хотын иргэний зориулалттай аж үйлдвэрийн байгууламжуудын нэг рүү 40 нисгэгчгүй онгоц, нэг пуужин, дөрвөн бөмбөгөөр цохилт өгсний улмаас гал гарсан аж. Түүнчлэн нурангин дор хүмүүс байгаа байх магадлалтай гэдгийг тэрээр хэлжээ.
Украины Зэвсэгт хүчин ОХУ шөнийн турш Украины нутаг дэвсгэр рүү 206 нисгэгчгүй онгоц, хоёр баллистик болон бусад долоон пуужин харвасан гэж мэдээлжээ.
Украины агаарын довтолгооноос хамгаалах ангиуд 87 нисгэгчгүй онгоцыг устгасан бол өөр 80 нисгэгчгүй онгоц “алга болсон” гэж цэргийнхэн мэдээлсэн. Энэ нь Украины арми электрон байлдааны хэрэгслээр тэдгээрийн чиглэлийг өөрчилсөн, эсвэл цэнэгт хошуу тээдэггүй, сургалтын зориулалттай хуурамч нисгэгчгүй онгоц байсан гэсэн утгатай ажээ.
ОХУ-ын халдлагын улмаас 10 байршилд цохилт өгсөн гэж Украины Зэвсэгт хүчин мэдээлсэн байна.