УИХ-ын petition.parliament.mn цахим хуудсанд аливаа асуудлаар санал асуулга явуулахад 33 мянган иргэн дэмжсэн тохиолдолд парламентаас ажлын хэсэг байгуулдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдөл 33 мянган иргэний санал авсан. Улмаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гаргах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Заяабал,Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан, Т.Аубакир нар ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Улаанбаатар хотын зам дээр судалгаа хийгээд үзэхэд нийт замын 82.2 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хэрэв зам ашигласны төлбөрийг нэмэхгүй хуучин төсвөөрөө байх юм бол 10 жилийн дараа 95 хувь нь чанарын шаардлага хангахгүй болно. Анх 2013 онд зам ашигласны төлбөр батлагдахад Улаанбаатар хот 400-хан км авто замтай байсан. Одоо 1231 км замтай болсон. Зам дээр нэг мкв нөхөөс хийх зардал 55 мянга байсан бол одоо 110 мянган төгрөг болсон. Замын урт нь нэмэгдэж, засвар хийх зардал нь нэмэгдчихээд байхад хурааж авч байгаа мөнгө нь хэвээрээ байвал жилд нийт замынхаа 1.5 хувийг л засах боломжтой" гэв.