
ХБНГерман улсын Варендорф хотноо зохион байгуулагдсан байт харвааны Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 орны 200 гаруй цэргийн тамирчид өрсөлдлөө. 5 дахь удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас дэд хурандаа Л.Батсайхан, хошууч Б.Ганзориг нараар удирдуулсан Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны тамирчид дөрвөн медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Н.Мөнхбаатар алтан медаль хүртсэн бол холимог хосын төрөлд Т.Бат, Б.Мөнгөнчимэг нар мөнгөн медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн хувийн төрөлд Б.Мөнгөнчимэг, холимог хосын төрөлд Н.Мөнхбаатар, О.Халиунсайхан нар хүрэл медалийн болзол хангаж медалийн тавцанд зогслоо.
