
Монголын говийн дархан цаазат газрын экосистем болон дэлхийд нэн ховор мазаалай баавгай, түүнийг эрэн судлаж, өсгөж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдын тухай өгүүлэх "Их говийн манаач" баримтат кино Энэтхэг, БНСУ-ын кино наадмуудын "Official Selection" хэсэгт шалгарчээ.
Энэхүү баримтат кинонд Монголын Их говийн салшгүй хэсэг-Алтайн өвөр говийн үзэсгэлэнт төрх, онгон дагшин байгаль, түүнийг оршоогч сахиус савдаг ч гэгддэг мазаалай баавгай тэргүүтэй Төв Азийн унаган төрөл зүйлүүдийг залуу биологчийн амьдралтай холбон өгүүлсэн билээ. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн сүүдэрт эх байгалиа онгон дагшин, оршин буй байдлаар нь ирээдүй хойчдоо өвлүүлэхээр тэмцэж буй иргэний нийгмийн дуу хоолойг ч тусгаснаараа онцлог юм.
Ийнхүү тус бүтээл Энэтхэг улсын Колкот хотод ирэх сарын 20-24-нд зохион байгуулагдах "Fest5" олон улсын кино наадмын албан ёсны үзвэрийн хэсэг толилуулагдахаар шалгарав. Мөн Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо энэ сарын 23-26-нд болох “Seoul Whistler” олон улсын кино наадамд өрсөлдөхөөр болжээ.