Ардчиллын чуулган нь Конрад Аденауэр сангаас ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академи, МУИС-ийн Улс төр судлал, Нийтийн удирдлага, Олон Улсын харилцааны сургууль зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулж ирсэн ардчилал, засаглалын чиглэлд тодорхой үүрэг гүйцэтгэж буй уламжлалт арга хэмжээ юм. Чуулганаар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шаардлагатай сэдвүүдийг тодорхойлж Монгол Улсын төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын удирдлага, албан хаагчид, их дээд сургууль, судалгааны байгууллагуудын багш, эрдэмтэд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн оролцоотойгоор санал бодлоо нээлттэй солилцон, нарийвчлан судалж, улмаар дуу хоолойгоо нийгэм, олон нийт төдийгүй төр засгийн удирдлагын анхаарал сонорт хүргэсээр ирсэн нь нэгэнт хэлбэржин тогтжээ.
Энэ удаагийн Ардчиллын IX Чуулган нь өнөөдөр Улаанбаатар хотноо “Эрхшээлт Үндсэн хууль-Эрхшээлт ардчилал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Ардчилал бол улс төрийн аливаа үйл ажиллагаа, түүний шийдэл, хэрэгжилтэд ухамсартай бөгөөд идэвхтэй оролцож чаддаг ард иргэдээсээ хүчээ сэлбэж, бэхжиж байх учиртай тасралтгүй үйл явц байдаг. Хурлаар судлаач В.Гомбодорж “Хотын засаглал, эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал“ сэдвээр, МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, Доктор Г.Туяагэрэл “Гүйцэтгэх эрх мэдэл ба улс төрийн нам” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Э.Туулайхүү “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”(2025)-ийн шинжилгээ сэдвээр өөрсдийн судалгааны ажлуудыг танилцууллаа. Дээрх судалгааны ажлуудад Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал Профессор Б.Баясгалан, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал Профессор Х.Сэлэнгэ, Ардчилал судлалын төвийн захирал МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор Ж.Төртогтох нар зөвлөхөөр ажилласан байна. Чуулганаар дээрх сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, зочид, төлөөлөгчид идэвхтэй оролцлоо. Салбар хэлэлцүүлгүүд шинэчлэн батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд намууд дүрэм, журмаа шинэчилж бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилж буй болон Хотын хөгжил шинэчлэлийн асуудал нийгэмд шинэ тутам хэлэлцэгдэж байгаа, хэвлэл мэдээллийн салбарын гол хуулинд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах үйл явц өрнөж буй чухал үед тохиосон нь зочдын сонирхлыг ихэд татаж, идэвхтэй яриа өрнүүлэн, санал санаачлагуудаа төр засгийн төлөөллүүдэд илэрхийлсэн байна.
Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор УИХ-ын гишүүн Б.Жаргалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хелмут Кулиц, Конрад Аденауэр сангийн Европын болон Олон улсын харилцааны ерөнхий газрын дарга Доктор Герхард Валерс, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Монгол Улсын Гавьяат багш, Профессор Я.Долгоржав, Монгол Улс дахь Конрад Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Виктор Франк, МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал, Профессор С.Мөнхбат нар оролцлоо.
Ардчиллын IX Чуулганд Монгол болон Герман улсын улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, сэтгүүл зүй, шинжлэх ухааны салбар болон иргэдийн 150 орчим төлөөлөл оролцлоо.