
Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэлсэн мэдээлэлтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.
Сэлэнгэ аймгийн ногоочдын төлөөлөл" Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр сайтад өгсөн ярилцлагадаа Сэлэнгэ аймгийн ногоочдыг "Хятад цустай, ногоогоо хурдан ургуулдаг" гэх агуулгатай ташаа мэдээлэл түгээсэн. Сэлэнгэ аймаг Монгол Улсын нийт үр тарианы 50 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хөлс хүч, хөдөлмөрөө хөрсөнд шингээж байж үйлдвэрлэдэг. Гэтэл ард иргэдийгээ эрүүл, аюулгүй хүнсээр хангаж ирснийхээ төлөө "хятад цустай" хэмээн доромжлуулж, гүтгүүлэхийг зөвшөөрөхгүй.
Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 500 гаруй ногоочид органик аргаар, химийн бордоо ашиглахгүйгээр хүнсний ногоо үйлдвэрлэж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд бүртгэлтэй, баталгаажсан үйлдвэрлэгчид болоод байна.
Хүнсний ногоо нь цусаар биш, хөдөлмөрөөр бүтээгддэг. Гэтэл ийм энгийн зүйлийг үгүйсгэн доромжилж буйд ногоочид маань бухимдалтай байгаа.
Иймд бид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг Сэлэнгэ аймгийн ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрэв уучлалт гуйхгүй бол холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж, хариуцлага тооцуулах болно.
Мөн цаашид бид хөдөө аж ахуйн салбарт ченжийн тогтолцоог халж, шударга, тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бий болгоно" гэлээ.