
Холливудын нэрт жүжигчин Дензел Вашингтон, Роберт Паттинсон, Дэйзи Эдгар-Жонс нарын гол дүрд нь тоглосон "The Take" нэртэй гэмт хэрэг, сэтгэл зүйн триллер киноны анхны дүрс зургуудыг Netflix танилцууллаа.
“City of God”, “The Two Popes” киногоороо танигдсан найруулагч Фернанду Мейреллесийн найруулсан уг бүтээлийн зохиолыг Саймон Кинберг бичжээ. Кинонд Манхэттэний хамгийн баян банкыг дээрэмдэхээр төлөвлөсөн бүлэг этгээдийн аюултай тоглоом, урвалт, хуурмаг явдлыг өгүүлнэ.
Роберт Паттинсон армийн ахмад асан Ноагийн дүрд тоглох бөгөөд тэрээр иргэний амьдралд дасан зохицох гэж яваа нэгэн юм. Түүнийг Дензел Вашингтоны бүтээсэн харизмтай, туршлагатай дээрэмчин Кристиан Картер томоохон банк дээрэмдэх ажиллагаандаа татан оролцуулна. Гэвч Ноагийн найз бүсгүй Роуз буюу Дэйзи Эдгар-Жонсын дүр дээрэмдэхээр төлөвлөсөн банкинд теллерээр ажилладаг нь төлөвлөгөөг улам ээдрээтэй болгоно.
Найруулагчийн тайлбарласнаар үйл явдал зөвхөн Ноагийн өнцгөөс өрнөх бөгөөд үзэгчид түүний мэдэж буй зүйлээр дамжуулан үнэнийг аажмаар тайлах аж. "The Take" кино 2027 оны нэгдүгээр сарын 15-нд сонгогдсон кино театруудаар болон Netflix платформоор нээлтээ хийнэ.