
Эрчим хүчний сайд Б.Найдалаа СОР17 хурлын үеэр эрчим хүч, дулааны хангамжийн талаар хэвлэлд мэдээлэл өгчээ.
Тэрээр "Энэ өвөл хүссэн, хүсээгүй эрчим хүчний чадлын дутагдалтай байх болно. Цахилгаан, дулааны хэрэглээ жилд 10 хувиар өсөж байгаа. Гэтэл нэмэгдэж байгаа эх үүсвэр энэ эрэлтийг гүйцэхгүй байгаа. Ид шидтэн шиг хурдан хугацаанд цахилгаан станц барих боломжгүй. Тиймээс энэ өвөл эрсдэлтэй нөхцөлд байна. Чадлын дутагдалд орох магадлалтай. Манай эрчим хүчний систем нөөцгүйгээр ажиллаж байгаа. Жишээлбэл, улс орнууд цахилгаан станцынхаа нэг зуухыг нөөцөд байлгаж саатал гарсан тохиолдолд ашигладаг. Гэтэл манайх ямарч нөөцгүй. Засвар үйлчилгээгээ боломжоороо хийгээд бүх хүчин чадлаа тултал нь ашиглаж байгаа. Ийм эрсдэлтэй олон жил явж ирсэн нь харамсалтай. Энэ жил ч цахилгаан хязгаарлах эрсдэл бий. Гэхдээ үүнийг даван туулахын тулд тодорхой ажлууд хийж байгаа. БНХАУ-аас түр хугацаанд эрчим хүч импортлох боломжийг бүрдүүлж байгаа. Эрдэлтэй ч өвлийг давна. Монголчууд олон мянган жилийн турш хахир өвлийг давсаар ирсэн" гэжээ.