
Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнгийн талаар Засгийн газраас мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал “Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг хоёр дахин бууруулах 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 их наяд ам.доллароор нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан. Өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулж чадсанаар Оюутолгойн баялгаас өр зээлэнд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 ам доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна.
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутам эргэж хардаг болгож чадлаа. Энэ жил бид Оюутолгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар Рио Тинтотой ажиллахаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэж байна.
Бид ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно.
Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгч байна" гэв.