
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 700 орчим цэцэрлэг зургаадугаар сарын 1-нээс амарсан. Үүний улмаас олон хүүхэд цоожтой хаалганы цаана цөөнгүй эрсдэлтэй хамт үлдэж буй. Бага насны хүүхдийг ах, эгчтэй нь үлдээсний улмаас анхаарал, сэрэмж алдаж, бэртэж, гэмтэх тоо, тохиолдол цөөнгүй гардаг. ГССҮТ-ийн Хүүхдийн тасгийн эмч Т.Батнарангийн өгсөн мэдээллээр, цэцэрлэг амарснаас хойш хоногт 200 орчим хүүхэд гэмтэж, бэртсэний улмаас тусламж, үйлчилгээ авч байна. Тэрээр энэ талаар “Бага насны хүүхдүүд түлэгдэлтэд түлхүү өртөж байна. Он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 1300 орчим хүүхэд зөвхөн түлэгдэлтээс болж эмнэлэгт хандсан байна. Үүний ихэнх хувийг халуун тогооны түлэгдэлт эзэлж байна. Мөн улирал дагаад хүүхдүүд гэртээ байгаатай холбоотой гэмтэж ирэх нь элбэг байна. Тиймээс бага насны хүүхдийг гэрт нь орхихгүй, хүүхдийг хүүхдээр нь харуулж гадагш гаргахгүй байх хэрэгтэй” гэсэн юм.
Хүүхдийг хүүхдээр харуулах эрсдэл, аюулаас сэргийлж, зуны хугацаанд эцэг, эх, асран хамгаалагчдад ажлаа тайван хийх боломж олгож буй байгууллагууд бол зуны цэцэрлэгүүд юм. Энэ зуны тухайд нийслэлийн хэмжээнд 93 цэцэрлэг зун үйл ажиллагаа явуулж буй. Хүүхдүүдийг аюулгүй орчинд хөгжүүлэн, зуны турш үйл ажиллагаа явуулах цэцэрлэгүүдийн нэг “Бөмбөөхөн” зуны цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, сурвалжиллаа.
11.00 цагийн үед “Бөмбөөхөн” цэцэрлэгт очлоо. Цэцэрлэгийн гаднах өнгө нүдэнд шууд тусах бөгөөд барилгыг бүдэг ягаан, цайвар шаргал өнгөөр будсан нь хүүхэд суралцаж, хөгжихөд зориулагдсан орчин гэдгийг нь илтгэнэ. Барилгын нүүрэн талд тод ногоон өнгө бүхий “БӨМБӨӨХӨН ЦЭЦЭРЛЭГ” гэсэн хаягийг хаджээ. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс барилгын урдуур бетонон суурьтай, хар төмөр, сараалжин хашаа татсан байлаа. Үндсэн хаалга руу хөтлөх саарал чулуун шатны хоёр талын төмөр бариул нь хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлжээ. Тус цэцэрлэг эрүүл ахуй, ариун цэвэрт онцгой анхаардгийг үүдний хэсгээс нь харж болохоор байлаа. Хана дагуу байрлуулсан модон тавиур дээр хүүхэд бүрийн гутлыг тус, тусад нь агааржуулалтын нүхтэй, тунгалаг хайрцагт хадгалдаг. Энэ нь цэвэр орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ нян, бохирдол дамжихаас сэргийлэх соёлтой, шинэлэг шийдэл болжээ. Өнгө, өнгөөр алагласан шатаар өгссөөр гурван давхарт гарахад хүүхдүүдийн цангинасан инээд, баяр хөөртэй дуу унтав. Анги танхимын үүдээр өнгөрөхөд багш нар хүүхдүүдээ “Миний охин”, “Миний хүү” хэмээн өхөөрдөн дуудаж, эелдэг найрсгаар харилцана. Энэ нь зөвхөн хүүхдүүдэд мэдлэг олгохоос гадна тэднийг хайр халамж, анхаарал дунд өсгөж хүмүүжүүлэхийг эрхэмлэдэг болохыг илтгэж байлаа.


“Бөмбөөхөн цэцэрлэг” үйл ажиллагаагаа явуулаад 20 жил болж буй. Тус цэцэрлэг нийт долоон бүлэгтэй бөгөөд зуны цэцэрлэгтээ 50 орчим хүүхдийг хоёр бүлэгт хуваан хамруулж байна. Эцэг эхчүүдийн ажлын цагийн онцлогт нийцүүлэн өглөөний 08:00-18:00 хүртэл ажилладаг аж. Хүүхдүүдээ өдөрт таван удаа хооллодог бөгөөд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт шаардлагыг тогтмол хянадаг аж. Хичээлийн жилийн хугацаанд хүүхдүүдийг соробан сампин, төгөлдөр хуур, балет зэрэг төрөл бүрийн сургалтад хамруулж, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхаардаг гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч Б.Баттуяа онцолсон юм. Харин зуны амралтын хугацаанд эдгээр сургалтын үйл ажиллагаа түр завсарладаг байна.
“Бөмбөөхөн” цэцэрлэгийн эрхлэгч Б.Баттуяа
Зуны элсэлтийн тоо өмнөх жилүүдээс буурсан. Энэ нь санхүүжилттэй холбоотой. Учир нь зуны цэцэрлэгт төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй бөгөөд үйл ажиллагааны зардлыг эцэг эхчүүдийн төлбөрөөр бүрдүүлдэг. Тухайн төлбөрөөр хүүхдүүдийн хоол хүнсийг хангаж, үлдсэн хэсгээр нь багш, ажилтнуудын цалинг олгодог. Зуны хөтөлбөр өмнө нь мөрдөж байсан сургалтын төлөвлөгөөний дагуу хэрэгждэг. Жишээ нь, хүүхдүүдийг тоглуулах, зураг зуруулах, шоо эвлүүлэх, гарыг нь зүгшрүүлэх зэрэг хөгжүүлэх үйл ажиллагаанд түлхүү хамруулдаг. Зуны улиралд зарим асран хамгаалагч ажилтай байх үедээ хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь үлдээх тохиолдол бий. Энэ нь хүүхэд гар, хөлөө гэмтээх, цахилгаанд цохиулах, өндрөөс унах, дэлгэцийн хэт хамааралтай болох зэрэг олон эрсдэлийг дагуулдаг. Иймээс хүүхдүүдийг аюулгүй орчинд хөгжүүлж, хараа хяналттай байлгах нь манай цэцэрлэгийн зуны хөтөлбөрийн зорилго.
Тус цэцэрлэг нь хүүхдүүдийг зөвхөн харж хамгаалахаас гадна тэдний хөгжил, хүмүүжилд бодитой анхаарч ажиллахыг зорьдог нь орчин нөхцөл, ажилчдын хандлага, хүүхдүүдийн аж байдлаас тодорхой харагдаж байлаа.
Арга зүйч багш Б.Наранжаргал
Энэ цэцэрлэгт 11 дэх жилдээ ажиллаж байна. Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр сайхан. Бага насны хүүхдүүд маш цайлган, үнэнч, аливаад чин сэтгэлээсээ ханддаг учраас тэдэнтэй харилцахад амар байдаг. Би мэргэжилдээ маш их дуртай. Хүүхдүүдийнхээ инээмсэглэл, баяр хөөрийг харах бүрд ажлын бүх ачаалал мартагддаг. Тийм болохоор ядарлаа гэж нэг их боддоггүй. Харин ч хүүхдүүдээсээ эрч хүч авдаг. Өдөр бүр хүүхэд бүртэйгээ ажиллаж, хүүхдүүдийхээ хөгжил төлөвшилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй.
Түүний хүүхдүүдийн тухай ярихдаа гаргаж буй халуун дулаан өнгө аяс, нүдэнд нь гэрэлтэх баяр хөөрөөс багш хүн хүүхдүүдээсээ эрч хүч авч, тэдний инээд хөөрөөр урамшин ажилладаг болохыг харж болохоор байв. Анги танхимд хүүхдүүдтэйгээ инээлдэн тоглож, нэг бүрчлэн анхаарч буй багш нарыг харахад энэ цэцэрлэгийн хамгийн том давуу нь хүүхэд бүрд хүрч ажиллах сэтгэл гэдэг нь ойлгогдож байлаа.
Гал тогооны өрөөнөөс шинэхэн хоолны анхилуун үнэр ханхалж, тогооч эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж байсан нь хүүхдүүдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдгийн илэрхийлэл байлаа. Хүүхдүүд амтархан хооллож буй дүр зураг, тогоочийн нямбай ажиллаж байгааг харахад тэдний өдөр бүрийн хөдөлмөр хүүхэд бүрийн эрүүл өсөлт хөгжилд үнэтэй хувь нэмэр болж байгаа нь тодорхой байв.
Ахлах тогооч Ч.Цогзолмаа
Манай цэцэрлэг хүүхдийн хоол хүнсний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч ажилладаг. Бид хоол үйлдвэрлэлийн бүх шатанд холбогдох стандарт, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрддөг. Хүүхдүүдийн нас, өсөлт хөгжилд тохирсон шим тэжээлтэй хоол бэлтгэхийг зорьдог хоолондоо элдэв хиймэл амтлагч, амт сайжруулагч хэрэглэхгүй байх зарчмыг баримталдаг. Өдөр бүр шинэ, чанартай хүнсний бүтээгдэхүүн ашиглан хоолоо бэлтгэж, хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчинд хооллох нөхцөлийг бүрдүүлэхийг хичээдэг. Мөн хоолны цэсээ төрөлжүүлж, хүүхдийн биед шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг хангахуйц байдлаар төлөвлөн ажилладаг. Хүүхдүүд амтархан идэж, эрүүл өсөж бойжиж байгааг харах нь бидний ажлын хамгийн том урам байдаг.
Олон асран хамгаалагч ажлаа хийхийн зэрэгцээ хүүхдээ аюулгүй орчинд үлдээх нь чухал байдаг. Ийм үед зуны цэцэрлэгүүд хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалж, үе тэнгийнхэнтэйгээ тоглон хөгжих боломжийг бүрдүүлдэг чухал орон зай болж байна. “Бөмбөөхөн” цэцэрлэгийн үйл ажиллагаа үүний нэг тод жишээ бөгөөд хүүхэд бүрийн ирээдүйн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хамт олны хөдөлмөрийн үнэ цэнийг энэхүү сурвалжлагаас харж болохоор байна.


А.Цагааншүхэрт