Тунис улсад олон жил үйл ажиллагаа явуулсан хуучны химийн үйлдвэрийг хаахыг шаардаж, ойролцоо оршин суудаг иргэд нь жагсаж эхэлжээ. Габес хотын уг жагсаалд хэдэн мянган иргэн нэгдсэн байна.

Тунисийн Химийн группын эзэмшил үйлдвэрийн үйл ажиллагаа нь эргэн тойрон дахь оршин суугчдаа хордуулж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байгааг иргэд мэдээллээ.

Үүнийг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн төрийн өмчит Тунисын Химийн группын удирдах байранд хүрч жагсаалаа үргэлжлүүлсэн байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацжээ.

Ойрын долоо хоногт Габес хотод олон иргэн эмнэлэгт хандсан байна. Оршин суугчид фосфат боловсруулах химийн үйлдвэрийн хог хаягдлаас хорт хавдар үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг буруушаалаа.

Химийн үйлдвэрийн ойролцоо амьдардаг нэгэн гэр бүлийн хоёр хүн хорт хавдраар өвчилж нас баржээ. Мөн гурван хүүхэд нь багтраа өвчтэй болсон байна.

Жагсаалыг анх “Бохирдлыг зогсоо” нэртэй сайн дурын бүлэг зохион байгуулжээ. Химийн үйлдвэрээс гарсан хортой хог хаягдлыг Газар дундын тэнгис рүү цутгаж байгаа нь Габес хотын оршин суугчдад олон талаар хохирол учруулж байна хэмээн буруутгаж байна. Далайн эргийн бохирдол, загас агнуурын нөөцийг устгах, амьсгалын замын өвчлөл, хорт хавдрын үүсэл болж байна гэж үзжээ.

Өнгөрсөн сард химийн үйлдвэрийн орчимд амьдардаг 122 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Тэдгээр хүмүүс үйлдвэрээс гаралтай шалтгаанаар өвчилсөн гэж буруутгажээ.