
Мягмар гаргийн орой Лос-Анжелес хотын худалдааны бүсэд мэдээний нисдэг тэрэг осолдож, туршлагатай нисгэгч болон агаараас зураг авдаг сэтгүүлч зэрэг гурван хүн амиа алдаж, бусад хүмүүс гэмтсэн талаар албаныхан мэдээллээ.
NBC4 болон Telemundo 52 телевизүүдэд ажилладаг Eurocopter AS350 нисдэг тэрэг хотын төвөөс баруун хойд зүгт 25 милийн зайд орших захын дүүрэг Чатсвортод гарсан автобусны мөргөлдөөний талаар сурвалжилж байхдаа осолдсон байна.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Нисдэг тэрэг газарт буух үед гаднах орчныг харуулсан бичлэгт хөдөлгүүрийн хүч буурч буй чимээ, үндсэн сэнсний эргэлт удааширч байгааг нисгэгчид анхааруулсан бололтой дохиоллын дуу сонсогдож байгааг CNN-ийн нисэхийн сурвалжлагч Пит Мунтений хийсэн дүн шинжилгээнд дурджээ. “Бидний олж илрүүлсэн нотлох баримтуудаас энэ бичлэг одоогоор хамгийн чухал нь байж магадгүй” гэж Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн (NTSB) мөрдөн шалгалтыг хариуцсан ажилтан Фабиан Салазар хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Ослын мөрдөн шалгалтыг удирдаж буй NTSB-ийн мөрдөгчид лхагва гарагт хэргийн газарт ажиллав. Холбооны нисэхийн захиргаа (FAA) мөн мөрдөн шалгалтад оролцож байгаа гэж гал түймэртэй тэмцэх албаныхан мэдээлсэн байна.
NTSB мөн автобусны ослыг шалгаж байгаа юм. Тээврийн хэрэгслийн мөргөлдөөнд оролцсон SUV машины жолоочийг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан гэж Associated Press мэдээлжээ.
Мэдээний сурвалжилгад, ялангуяа агаарын хөдөлгөөн ихтэй бүсэд нисдэг тэрэг ашиглах нь үргэлж аюул, эрсдэл дагуулдаг. АНУ-ын олон хотод мэдээний сурвалжилгын салшгүй хэсэг болсон нисдэг тэрэгнүүд Лос-Анжелест, ялангуяа өндөр хурдтай автомашины хөөцөлдөөнөөс шууд дамжуулалт хийхэд өргөн ашиглагддаг.
Ослын дараа NBC телевизийн салбар NBC4 нисдэг тэрэгний багийн гишүүдийг нисгэгч Жорж Марцинив, агаараас зураг авдаг сэтгүүлч Элиана Морено гэж тодорхойлжээ. Мөн зогсоол дээр байсан явган зорчигч Эди Гутьеррес Мехиа амиа алдсаныг Лос-Анжелес дүүргийн Шүүх эмнэлгийн байгууллага баталсан байна.
Наад зах нь хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газрын ахмад Бранден Силверман болон бусад албаныхан мэдээлжээ.
Мягмар гарагийн орой NBC4 телевизийн хөтлөгч Коллин Уильямс станцынхан нисдэг тэрэгний багтай холбоо тасарсан гэж мэдэгдсэн байна. Дараа нь тэрээр осол тус телевизийн нисдэг тэрэгний багтай холбоотойг шууд эфирээр баталж, үзэгчдэд “Бид хэдэн минут бодож, болсон явдлыг хүлээн авч, дахин зохион байгуулах хэрэгтэй байна” гэж хэлсний дараа станц түр хугацаанд өөр нэвтрүүлэгт шилжжээ.
Ослын газарт хоёр худалдааны барилгын хооронд гал гарч, өтгөн утаа суунаглаж байсныг бичлэгүүд харуулсан байна. Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр хоёр агуулахын чингэлэг, дөрвөн тээврийн хэрэгсэл гэмтжээ.
70 гаруй гал сөнөөгч ажиллаж, галыг унтраасан гэж тус газрын ахмад Рико Гросс хэлсэн байна. Нисдэг тэрэг “бараг бүрэн сүйдсэн” аж.
Ослын урьдчилсан тайлан 30 хоногийн дотор гарах ч ослын магад шалтгааныг дэлгэрэнгүй тусгасан эцсийн тайланг гаргахад 18 сар хүртэл хугацаа шаардагдаж магадгүй.
Нисдэг тэрэгний бичлэг одоогоор хамгийн чухал нотлох баримт болж байгаа ч мөрдөгчид ойролцоох барилгуудын эзэдтэй хамтран ажиллаж, хяналтын камерын бичлэгүүдийг авч байна.
Нисдэг тэрэг Лос-Анжелесийн телевизийн мэдээний чухал хэсэг
Энэхүү осол нь мэдээний үйл явдлыг агаараас өргөн хүрээнд, өрсөлдөөнтэй сурвалжилдаг Лос-Анжелесийн хэвлэл мэдээллийн салбарынхныг цочирдууллаа.
Мэдээний зориулалттай нисдэг тэргийг Лос-Анжелесийн телевизийн станц зохион бүтээсэн бөгөөд KTLA 1958 онд “Telecopter”-оо анх танилцуулжээ. 1992 онд автомашины хөөцөлдөөнөөс нисдэг тэргээр анх удаа шууд дамжуулалт хийсэн байна. Los Angeles Magazine сэтгүүлийн мэдээлснээр, зугтаж буй сэжигтнийг сурвалжилсан нэвтрүүлэг алдартай болж, станц энгийн хөтөлбөртөө буцаж шилжихэд үзэгчид гомдол гарган утасддаг байжээ.
Ийм зураг авахын тулд нисдэг тэрэгнүүд харьцангуй давчуу агаарын орон зайд ойрхон нисэх шаардлагатай болдог нь эрсдэлийг нэмэгдүүлдэг.
2007 онд Аризона мужийн Финикс хотод хулгайлагдсан тээврийн хэрэгслийн сэжигтнийг цагдаа нар мөрдөж байх үед таван телевизийн нисдэг тэрэг болон цагдаагийн нэг нисдэг тэрэг агаарт байсан байна. KTVK болон KNXV телевизүүдийн сурвалжилж байсан нисгэгчид мөн сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа бие биенийхээ байрлалыг алдсанаар нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, дөрвөн хүн амиа алджээ. NTSB осолд хэн буруутайг тогтоож чадаагүй байна.
Үүний дараа орон нутгийн телевизүүд шуурхай мэдээний үеэр агаарт ойрхон нисэх нисдэг тэрэгний тоог цөөрүүлэхийн тулд агаараас авсан бичлэгээ хоорондоо хуваалцаж эхэлсэн гэж KNXV мэдээлжээ.