
Хүн бүр үр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж, чанартай боловсролыг эрхэмлэдэг болсон нь сайн талтай. Харин чанартай боловсролыг өндөр төлбөртэй, хувийн сургуулиуд л хүүхдэд олгож чадна гэх итгэл үнэмшил өнөөгийн бидний дунд бат нот суужээ. Жил бүр сургалтын төлбөрөө нэмж, хилийн чинадын ямар ч их дээд сургуульд гологдохооргүй чанартай боловсролыг олгоно гэх гоё ганган сурталчилгаа явуулдаг хувийн сургуулиудын зарим нь бусдын хүүхдийн ирээдүйг мөнгө олгох бизнес болгон ашиглаж байгаа талаар иргэд шүүмжилж эхлэв.
Мэдээж хувийн сургуулиудын дийлэнх нь урдаа барьдаг ганц лоозонтой. Тэр нь гадаад хэл. Ихэвчлэн англи юм уу, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Мөн хичээлийн хоёр дахь жилээс эхлэн хоёрдагч орны хэлийн эцэг эхийн эсвээс өөрийн сонирхлыг дагуу суралцагч сонгох боломжтой хэмээн нэг нэгнээсээ өрсөн рекламдаж, түүнийгээ олон танигдсан уран бүтээлчид, инфлүүнсерүүдээр сурталчлуулна. Гэвч бизнес л хойно, ахиухан төлбөр авч, эцэг эхчүүдийн халаас руу ахин дахин өнгийхөөс бус сургалтын чанартаа анхаарч, жил бүр нэмсэн төлбөрийнхөө хэрээр хичээлийн хөтөлбөрөө шинэчилж, сайжруулдаг нь ховор аж. Хамгийн гол нь сургалтын систем, боловсрол олгох ямар ч стандарт байхгүй. Арван хоёр жилийн турш хэдэн зуун сая төгрөгөөр боловсрол эзэмшсэн хүүхэд нь Европын наад захын их сургуульд шалтгал өгөөд тэнцдэггүй. Бөөн, бөөнөөрөө шалгалтад унадаг.
Жил бүр хичээлийн шинэ жилээр цоо шинэ, сайжруулсан хөтөлбөр ярьж, маргааш нь олон улсын боловсролын стандартын талаар барим тавим жишээ хуулж, дараагийн удаад мөнөөх сургууль нь бүхэлдээ гадаад хэлний онцгой орчин болж хувирна. Үүнд хууртсан эцэг, эхчүүд хүүхдийнхээ ирээдүйг бодсондоо тэдгээр сурталчилгааг нь хуримтлалаа хүртэл цуцалж байгаад баталгаажуулж өгдөг. Харин хэдхэн сарын дараа л мөнөөх амлалтуудын зарим нь сураггүй болж, үндсэн хэлний хичээлээ мэргэжлийн бус багшаар нөхөж оруулах, цаг цонхлох нь ихсэх зэргийн харгайгаар хүүхдэд боловсрол олгох бус түүн дээр тоглолт хийж, мөнгө суйлахын тулд сурталчилгаандаа илүүтэй анхаардаг зах зээл бий болчихжээ.
Мэдээж хувийн сургуулиуд нь төрийн сургуулийн ачааллыг бууруулж, шинэ арга зүй туршиж, багшид илүү боломж олгож, хүүхдэд өөр орчин бүрдүүлэх давуу талтай байж болно. Гэвч “хувийн” гэх тодотголыг “чанартай боловсрол” хэмээх үгтэй автоматаар нийлүүлчхэж болохгүй л дээ. Тэгээд ч өндөр төлбөр бол чанарын баталгаа биш, ердөө л үйлчилгээний үнэ шүү дээ. Тиймээс хувийн сургууль учраас чанартай боловсролын системийг угсарсан гэх гэдэг “залхуу ойлголт”-ыг хаях цаг болжээ. Сургууль сонгохдоо хэр өндөр төлбөртэйг нь бус багш нар нь хэр тогтвортой ажилладаг, хүүхдэд ямар хөтөлбөрийн дагуу хичээл ордог, асуудал үүсэхэд сургуулийн зүгээс хэрхэн хариуцлага хүлээдэг зэргийг давхар харгалзан үзэх хэрэгтэй. Адаглаад л сургуулиудын Австралийн, Кэмбрижийн, Колумбын их сургуулийн боловсрол олгоно гэх сурталчилгаанаас илүүтэй үнэхээр тус боловсролын байгууллагын хамт олон нэг арван жилийг төгсгөсөн үү гэдгийг ч нягтлах шаардлагатай.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Зарим хувийн сургуулиудын төлбөр жилийн 70 – аас 100 сая төгрөгт хүрсэн” гэж онцолсон. Мөнхүү 2026 оны өнгөрсөн 6 дугаар сарын 8-нд A/119 дүгээр тушаалыг гаргаж, хувийн сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой харилцааг зохицуулахаар шийдвэрлэсэн. Учир нь эдгээр жил бүр сургалтын төлбөрийг тодорхой үндэслэлгүй, харилцан адилгүй хугацаанд нэмэх болсон нь иргэдийн дунд санхүүгийн хүндрэл, маргаан үүсгэж байгааг үндэслэл болгосон. Мөн яамны зүгээс хувийн сургуулийн чанарыг үнэлэх асуудлыг хэлэлцэхээр тогтож, хувийн сургуулиудад хүүхдийн сурлагын үнэлгээ давхар оруулахаар болсон.
Гэвч бид дахин нэг хичээлийн шинэ жилийн угтахад асуудал урьдын хэвээрээ л байна. Мэдээж хөндөх асуудал нь яам болоод төрийн анхааралд орж, тодорхой шийдвэр, тушаалыг гаргасан ч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд сурчихсан мөнөөх хувийн сургуулиудад нь үйлчилдэггүй бололтой. Мэдээж боловсролын байгууллага бизнес хийж болохгүй гэх дүрэм байхгүй ч бизнесийн логикоор боловсролын зорилгыг залгих учиргүйд гол шалтгаан бий.