
Хуягт машин дээрэмдэх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа зэвсэглэсэн этгээдүүд Колумбын Картахена хотын нэгэн супермаркетад орогнож, барьцаалсан хүмүүсийнхээ заримыг суллажээ.
Колумбын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, барьцаанд байсан 25 орчим хүний 10-ыг сулласан байна.
Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэллагийн хэлснээр, хамгаалалтын камерын ажилтнууд дээрэм хийх оролдлогыг анзаарч, цагдаад мэдээлсний дараа дээрэмчид ойролцоох дэлгүүрт орогножээ. Тэд 30 хүнийг барьцаалсан ч өндөр настай 5 эмэгтэйг нь удалгүй сулласан гэдгийг Ерөнхийлөгч де ла Эсприэлла мэдэгдэв.
Нийгмийн сүлжээгээр тархсан дүрс бичлэгт Ла Кастельяна дүүрэгт байрлах “Эксито” супермаркет доторх хүмүүсийг цонхны дэргэд өвдөг сөхрүүлж, гарыг нь хүлсэн байдалтай байгаа нь харагдах аж.
Гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ хэмээн амлаж сонгуульд ялсан Ерөнхийлөгч де ла Эсприэлла улс оронд нь хүчирхийлэл, аюулгүй байдлын асуудал үргэлжилж байгааг харуулсан хэд хэдэн олны анхаарал татсан хэрэг явдалтай нүүр тулж буй энэ үед уг барьцааны хэрэг гарч байна.
Зүүний үзэл баримтлалтай, өмнөх Ерөнхийлөгч Густаво Петро зэрэг улс төрчид уг хэрэг явдалд аль хэдийн байр сууриа илэрхийлж, де ла Эсприэллагийн аюулгүй байдлын бодлого бүтэлгүйтсэний үр дагавар хэмээн буруутгав. “Энэ хүчирхийллийн үндсэн шалтгаан нь аялал жуулчлалын салбар уналтад орсноор хүн ам ядуурсан явдал юм” гэж өмнөх Ерөнхийлөгч Петро нийгмийн сүлжээнд бичжээ.
“Төрийн зөвшөөрөлтэй хүчирхийлэл, тухайлбал цогцсыг гутаан доромжлох явдал, мөн Ерөнхийлөгчийн илтгэл, мэдэгдэлд үхлийг гол сэдэв болгосноор аялал жуулчлалыг сүйрүүлсэн. Ингэснээр өмнө нь гадаадын долоон сая жуулчныг татдаг байсан, эдийн засгийн баялаг бүтээдэг эрч хүчтэй салбарыг үгүй хийсэн” гэж тэрбээр нэмж бичсэн байна.