
Испанийн шигшээ баг Лос-Анжелес хотноо Бельгийн "Улаан чөтгөрүүд"-ийг буулган авснаар, түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа.
Үндсэн цаг дуусахад ердөө хоёрхон минут үлдээд байх мөчид сэлгээгээр талбайд орж ирсэн Микел Мериньо гоол оруулж, багтаа 2-1 харьцаатай чухал хожлыг авчирсан юм. Испани ирэх мягмар гарагт Даллас хотноо болох хагас шигшээгийн тоглолтод Францын хүчирхэг багтай тулна. Францчууд өмнөх шатанд Мароккогийн багийг тэмцээнээс хассан юм.
Эхний гоолыг Испанийн хагас хамгаалагч Фабиан Руис оруулж, багтаа давуу тал авчирсан. Бельгийн шигшээ баг довтолгоогоо идэвхжүүлсний үр дүнд Шарль Де Кетеларе мөргөж, тоог тэнцүүлсэн.Тоглолтын төгсгөл хавьд Бельгийн үндсэн хаалгач Тибо Куртуа бэртэл авч, талбайг чөлөөлөн түүнийг залуу хаалгач Сэнн Ламменс орлож талбайд гарсан. 88 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Микел Мериньо хаалгачийн хааж ойлгосон бөмбөгийг гүйцээж цохин гоолдов. Өмнөх шатанд Португалын эсрэг мөн л төгсгөлийн минутад хожлын гоол оруулж байсан Мериньо энэ удаа дахин багаа аварлаа.
Тоглолтын шилдэг тоглогчоор Испанийн залуу од Ламин Ямаль шалгарчээ.