Оросын пуужин Киевийг онилсон эхний өдөр 50 гаруй мянган хүн Украиныг орхин гарч байв.
Дөрвөн жилийн хугацаанд 7 сая гаруй украин иргэн Европ болон дэлхийн бусад улсад дүрвэсэн нь дэлхийн II дайнаас хойших хамгийн хурдацтай цагаачлалын хямрал болсон билээ. Энэхүү цагаачлалын урсгал Европын орнуудын нийгэм хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоонд үлэмж ачаа үүрүүлж буй. Үндэс угсаа ойролцоо Польш, Герман улсууд хамгийн олон дүрвэгч хүлээн авсан бол Европын Холбоо тэднийг амин зуулга залгуулах олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин дайны тав дахь жилд дүрвэгчид нутаг буцах, бүрмөсөн үлдэх сонголт дунд амьдралаа шинээр дэнслэх цаг ирлээ.
ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш долоо хоногийн дараа буюу 2022 оны гуравдугаар сарын 4-нд Европын Холбоо түр хамгаалалтын хөтөлбөрийг баталснаар дайнаас зугтаж ирсэн сая сая украинчууд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авах боломж олгосон. Тэгвэл 2025 оны хоёрдугаар хагасаас Европын орнууд украин дүрвэгсдийг хамгаалах хөтөлбөр түр зуурынх гэдгийг сануулж эхэллээ. Хэдийгээр Европын Холбооны Зөвлөл түр хамгаалах хөтөлбөрөө 2027 оны гуравдугаар сар хүртэл сунгасан ч хойшид Украины дүрвэгсэд ямар статустай оршин суух нь туйлын эргэлзээтэй.
2022 онд дайн эхэлсэн тэр өдрүүдэд Европын улс төр, нийгмийн орон зайд украинчуудыг өмгөөлж хамгаалах уур амьсгал давамгайлж байсан бол дөрвөн жилийн дараа аажмаар өөрчлөгдөж, бодлогын илүү прагматик, зарим талаар хатуу хэлбэр рүү шилжиж буй. Дайны эхний саруудад Европын томоохон хотуудын галт тэрэгний буудал дээр украин эмэгтэйчүүд, хүүхдүүдийг сайн дурынхан угтаж, хажуу өрөөндөө үнэ төлбөргүй суулгах өгөөмөр сэтгэлтэн ч олон байлаа. Тухайн үеийн дүр зураг зөвхөн хүмүүнлэгийн үйлс төдий биш, Европ өөрийгөө ямар нийгэм гэж үздэгийг илэрхийлсэн улс төрийн бэлгэдэл байсан гэж болно. Европын Холбоо анх удаа “түр хамгаалалтын” тогтолцоог шуурхай идэвхжүүлж, сая сая хүнд оршин суух, ажиллах, боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх олгосон нь институцийн хувьд урьд өмнө байгаагүй хурдтай шийдвэр болсон юм. Тухайн үед украинчуудын дийлэнх нь нөхцөл байдал намжмагц нутаг буцах мэдүүлэгтэйгээр Европын босгоор нэвтэрсэн. Саяхан Эдийн засгийн стратегийн төвийн (CES) хийсэн судалгаагаар украин дүрвэгсдийн 43% нь буцах талаар бодож байгаа бол 17% нь хэзээ ч гэдрэг буцахгүй гэж хариулжээ.
Тэгвэл Европын Дотоод хэрэг, шилжилт хөдөлгөөний комиссар Магнус Бруннесийн хэлснээр шийдвэр гаргагчид түр хамгаалалтад таван жил хангалттай гэдэгт санал нэгдэж байгаа аж. Түр хамгаалалтын хугацааг сунгасан ч дүрвэгсдийн дэмжлэгийг аажмаар бууруулах санал бодол давамгайлж “Татвар төлөгчдийн мөнгө хаашаа явж байна вэ?” гэсэн асуулт олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болж хувирлаа. Энэ нь Европын нийгэм өөрийн нөөц, улс төрийн тэвчээр, үнэт зүйлсийн хязгаарыг бодитоор тооцоолж эхэлсний илрэл юм.
Украины дайн эхлэхэд Европ хэдхэн сарын дотор дэлхийн II дайнаас хойшхи хамгийн том дүрвэгсдийн урсгалыг хүлээн авсан. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллээр Европын орнууд Украины 5.3 сая дүрвэгчийг хүлээн авсан бол 2025 оны эцсийн дүнгээр 4.35 сая хүн түр хамгаалалтын хөтөлбөрт хамрагджээ. Тэдэнд үзүүлэх нийгмийн халамж Европын Холбоонд 34 тэрбум еврогийн зардал дагуулжээ.
Орогнол хүсэх ердийн процесс олон сар, заримдаа жилээр үргэлжилдэг бол түр хамгаалалтын хүрээнд украин иргэд хэдхэн өдрийн дотор хууль ёсны статустай болж ажил эрхлэн, хүүхдүүд нь үнэ төлбөргүй суралцаж байна. Харин урт хугацаандаа Европын институц ийм хэмжээний хүн амын шилжилтийг тогтвортой удирдах бололцоо улам хумигдсаар.
Уг нь Европ анх удаа дүрвэгсдийн том урсгалтай тулгарч байгаа юм биш. 1990-ээд оны Балканы дайны үед Европ хэдэн зуун мянган дүрвэгч хүлээн авч л байсан. Босни, Косовогийн дүрвэгсдийг түр хугацаанд байршуулж, дайны дараа эх оронд нь буцаасан туршлага бий. Үүнээс Европын бодлого боловсруулагчид дүрвэгсдийн хямрал үргэлж түр байдлаар эхэлдэг ч бодит байдал дээр урт хугацаанд үргэлжилдэг гэх сургамж авсан.
Удаах том сорилт нь 2015 оны Сирийн дүрвэгсдийн хямрал. Тэр үед Европын зарим орон хилээ нээж, олон мянган дүрвэгчийг хүлээн авсан боловч удалгүй улс төрийн томоохон маргаан үүссэн. Цагаачлалын асуудал Европын дотоод улс төрийн гол сэдэв болж, зарим оронд үндсэрхэг үзэл, баруун жигүүрийн намуудын дэмжлэг нэмэгдэхэд хүрсэн билээ.
Харин одоо Европ өмнөх алдаагаа давтахгүйн тулд илүү болгоомжтой бодлого баримтлахыг оролдож буй. Дүрвэгсдийн бодлого ийнхүү өөрчлөгдөж эхэлсэн нь зөвхөн эдийн засгийн хүчин зүйлтэй холбоотой бус үүний цаана Европын дотоод улс төрийн дарамт жин дарна. Сүүлийн жилүүдэд Европын олон оронд цагаачлалын асуудал улс төрийн эмзэг, маргаантай сэдэв болж хувиран баруун жигүүрийн болон популист намууд сонгогчдыг татах гол хөзөр болсон. Инфляц өдөр өдрөөр өгсөж эрчим хүчний үнэ, амьжиргааны зардал нэмэгдэж байхад нийгмийн халамжийн бодлого улс төрийн маргааны төвд орж ирэх нь зүй ёсны үр дагавар. Одоо Европын Засгийн газрууд нэг талаас Украинд үзүүлэх улс төрийн дэмжлэгээ хадгалах нөгөөтэйгүүр дотоод улс төрийн тэнцвэрээ барих хүндхэн сорилттой нүүр туулж буй аж.

Гэхдээ украинчууд ч бас дан халамжаар угжуулж зүгээр суугаагүйг хэлэх хэрэгтэй. Тэдний дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлэж татвар төлөн ажиллах хүч болон хэрэглэгчийн хувьд тэднийг хүлээн зөвшөөрсөн орнуудын эдийн засгийг дэмжиж байна. Ялангуяа эрүүл мэндийн үйлчилгээ, үйлдвэрлэл, логистик, үйлчилгээний салбарууд дахь ажиллах хүчний хомсдолыг тодорхой хэмжээнд нөхөхөд украинчуудын оролцоо бий. Өнгөрсөн оны дунд үеийн мэдээгээр Европын орнуудад оршин сууж буй 20- 64 насны украин дүрвэгсдийн ажил эрхлэлтийн түвшин 57 хувьтай. Хөрш орнуудад суурьшсан украинчуудын ажил эрхлэлт харьцангуй өндөр ч Баруун болон Хойд Европт үзүүлэлт доогуур. Эстони, Унгарт амьдарч буй украинчуудын 70 хувь нь ажил эрхэлдэг бол Швейцар, Норвегид 30 хувь ч хүрэхгүй.
Үүний зэрэгцээ дүрвэгсдийн бараг 60 хувь нь боловсрол, ур чадварын түвшнээсээ доогуур ажил эрхэлдэг. Судлаачдын үзэж байгаагаар ур чадвар болон ажил эрхлэлтийн хоорондох энэхүү зөрүү нь Украины дүрвэгсэд болон уугуул иргэдийн цалингийн зөрүү 40 хувь байгаагийн гол шалтгаан. Гэхдээ энэ ялгааг үл харгалзан Европын багахан цалин ч ихэнх дүрвэгсдийн эх орондоо олох боломжоос давуу. Польш улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор сард 1308 ам.доллар бол Чехэд 1065 ам.доллар байгаа нь дүрвэгч украинчуудын хувьд өндөр хөлсөнд тооцогдоно.
Европын Комиссын тусгай төлөөлөгч Йоханссоны хэлснээр, Европ дахь украинчуудын дунд явуулсан санал асуулгаар дийлэнх нь үлдэхийг хүсэж байгаа аж. Харин Европын Холбооны хууль тогтоомжид цагаачдын оршин суух асуудлыг гишүүн орнуудын үндэсний зохицуулалтын асуудал гэж заасан байдаг. Тэгэхээр түр хамгаалалтын хугацаа дууссаны дараа украинчууд үндэсний оршин суух зөвшөөрөлд шилжих шаардлагатай болох бөгөөд нөхцөл нь оршин суугаа улсаас хамааран өөр өөр байх болно. Гэхдээ нийтлэл үндэслэл нь ажил эрхлэлт, сургалт, гэр бүлийн нөхцөл байдал эсхүл өндөр ур чадвартай ажилчдад зориулсан хөтөлбөр байх нь ойлгомжтой.
Европын Нийгэмлэгийн Төвийн мэдээлснээр, Украины дүрвэгсдийн ойролцоогоор 20 хувь аль хэдийнэ оршин суух өөр статустай болсон тул үлдэх боломжтой. Харин үлдсэн 80 хувь болох ойролцоогоор 3.4 сая хүний ирээдүй хэрхэх нь тодорхойгүй. Дайн дуусах найдвар алсарсаар байгаагийн дээр дөрвөн жилийн хугацаанд Европын амар амгаланд дассан тэдэнд нутаг буцан үнс нурман дундаас шинэ амьдрал эхлүүлнэ гэдэг нэн эрсдэлтэй шийдвэр байх нь мэдээж. Зарим судлаач украин дүрвэгсдийн тодорхой хэсгийг урт хугацаанд суурьшуулах нь Европын хүн амын насжилтын хямралыг тодорхой хэмжээнд зөөлрүүлэх боломжтой гэж үздэг. Гэвч энэ нь нийгмийн интеграц, соёлын зохицол, боловсролын бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Энэ нөхцөлд дүрвэгсдийг буцаах бодлого нь зөвхөн улс төрийн шийдвэр биш, эдийн засгийн стратегийн сонголт болж хувирч магадгүй юм.