
Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Ийгл нюьс телевизийн "Зочны цаг" ярилцлагад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр оролцлоо.
-Засгийн газраас 2026 оны төсөвт хийх тодотгол болон 2027 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна. Урсгал зардлыг 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх санал боловсруулсаны дийлэнх нь цалингийн зардалд зарцуулагдана. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Юун түрүүн 2026 оны төсвийн тодотголыг хөндөн ярьж байгаа гэдгийг тодруулах хэрэгтэй болов уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төсөл дээр гаргасан албан ёсны дүгнэлтээ парламентын веб хуудас дээр тавьсан тул иргэд, судлаачид танилцах боломжтой. Тус зөвлөл өргөн барьж байгаа төсөв нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудад тусгагдсан тусгай шаардлагыг хангаж байна уу гэдэгт дүгнэлт өгдөг. Холбогдох үзүүлэлтүүдийг харьцуулж үзэхэд 2026 оны төсвийн тодотгол үндсэн шаардлагуудыг хангаж байгаа гэсэн дүгнэлт гарсан.
Тодотголоор төсвийн орлогыг 36.1 их наяд, харин төсвийн зарлагыг 33.9 их наяд төгрөг байхаар төсөл орж ирсэн. Үүн дээр нийт төсвийг нэлээн бодож үзэхгүй бол болохгүй. Учир нь 2024 он хүртэл төсвийн өсөлтийн хурдац харьцангуй бага байсан ч сүүлийн хоёр жилд зарлага маш хурдтай өссөн. Ялангуяа 2024 оны сонгуулийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлах явцад төсөвт тодотгол хийж 3 их наядаар нэмсэн. Үүнээс бараг сар хүрэхгүй хугацааны дараа дахиад 2025 оны төсвийг батлахдаа 35 их наяд төгрөгт хүргэсэн. Үндсэндээ нэг жилийн дотор төсвийг 8 их наядаар нэмэгдүүлсэн нь өнөөдөр үүсээд байгаа олон асуудлын суурь болсон. Гэтэл бодит байдал дээр нүүрсний үнэ ханш буурч төлөвлөсөн орлого тасалдах боллоо. 2025-2026 онд Засгийн газар хоёр жил дараалан төсвийг тодотгох санал өргөн барьж байна. Бид төсвийн төсөөллөө боловсруулахдаа бодит байдлаас хэт хол төсөөлж байна. Төсвийн орлогын 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. 10 их наяд төгрөгийн орлогын ихэнхийг нүүрсний экспортоос олж байгаа.
Гүйцэтгэх засаглалын гол алдаа нь нэгдүгээрт төсвийн орлогын төлбөр. Түүхий эдийн үнэ биднээс хамаарахгүй. Нүүрсний үнийг тонн тутамдаа 80 ам.доллар байхаар гэж төсөөлсөн ч гэсэн өнөөдөр бодит байдал дээр 65-70 л байна.
Нөгөө талдаа байнгын төсвийн зарлагын өсөлт бий болгож байгаа нь цалин тэтгэврийн зардал. Олон улсын байгууллагууд ч үүн дээр зөвхөн цалин өсгөх бус бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгтэй гэдгийг сануулдаг. Гэтэл сүүлийн 10 гаруй жил төсвөөс цалин авдаг албан хаагчдынхаа тоог төдийлөн бууруулж чадсангүй. Эсрэгээрээ 100 мянган төрийн албан хаагчийг 150 мянга болгож өсгөсөн.
Өнгөрсөн наймдугаар сард болсон төсвийн хэлэлцүүлгээс салбарын яамд бүгд маш үрэлгэн зардлаар ажиллах сонирхолтой гэдэг нь тодорхой харагдсан. Уг нь улсын төсвөөс мэдээллийн технологийн шинэчлэл хийгээд олон зүйлийг хүний оролцоогүй цахим болгосон ч бодит байдал дээр илүү орон тоотой нүсэр зардалтай ажиллах сонирхолтой байдаг.
-Үе үеийн Засгийн газар данхар бүтцийг багасгана гэж ярьдаг ч төрийн албан хаагчдын цалинг нэмсэнээр нэг талдаа төрийн албанд ажиллах сонирхол нэмэгддэг. Энэ нь хувийн хэвшилд хэрхэн нөлөөлөх бол?
-Олон жил төрийн албыг цомхон, чадварлаг болгох зорилт тавьсаар ирсэн ч бодит байдал дээр дандаа л эсрэгээр явж ирлээ. Төсөв дээр, төрийн өмчит компаниуд ч зардлаа тэлж байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцад ажигласнаар манай төсвийн байгууллагуудад цөөн хүнээр бага зардлаар ажиллая гэсэн ямар ч сонирхол алга. Сайд нар нь ахиу төсөв тавиулахын төлөө л уралдаж байна. Засгийн газар, УИХ дээр ч ялгаагүй. Жишээлбэл хууль зүйн салбарын төсөв нэмэх тухай ярихаар гэмт хэрэг өссөн учраас цагдаагийн орон тоогоо нэмье гэдэг. Гэтэл хууль сахиулах салбарын үндсэн зорилго гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг бууруулахад чиглэгдэх ёстой. Гэтэл үр дагавар болох гэмт хэрэг нь нэмэгдэхээр дагаад төсвийн зардлаа нэмдэг. Эрүүл мэнд дээр ч ялгаагүй өвчлөл нэмэгдээд байгаа учраас эмч, сувилагчийн орон тоо төдийгүй түргэн тусламжийн машиныхаа тоог нэмье гэж дахиад л зардал өсгөх тухай ярьдаг. Энэ мэтээр бид гүйцэгдэхгүй зардлаа хойноос явж байна шүү дээ.
Гал унтраах байдлаар бус бүтцээ зөв тодорхойлохгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй. Маш олон үр ашиггүй бүтэц аль ч салбарт байна. Цалин, оффисын урсгал зардал ч бай эцсийн дүндээ тэр ажил нь ямар нэг үр дүнд чиглэгдсэн байх ёстой. Үр дүн чиглэгдээгүй байдал нь олон жил явсаар байгаад ийм буруу тогтолцоонд хүргэж байгаа юм.
Цалин тэтгэврийг жил болгон инфляцтай уялдуулж нэмэхээр хуульчлаад өгчихсөн. Энэ шийдэл нь өөрөө хэр зөв бэ. Ер нь сүүлийн 2-3 жилд төсөв тодотгохдоо тус зөвлөлийн дүгнэлтийг хэр тусгаж авч байна?
-Хуулиар Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан шаардлагуудад нийцэж байгаа уу гэдэг л гол болохоос техник асуудал биш. Ямар ч байсан бид бол дүгнэлтээ хүргэж байгаа. Гэхдээ үүнийг аудитын дүгнэлттэй адилхан УИХ-аар авч хэлэлцдэггүй нь учир дутагдалтай. Парламентын танхимд асуулт хариултын явцад л Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байр сууриа илэрхийлэх боломж гардаг. Бусад улсын жишгээр ядаж Төсвийн байнгын хороон дээр төсвийн сонсгол хэлэлцүүлэг явуулдаг бол бид гарц шийдлийг хэлэх боломжтой. Олон улсын байгууллагуудаас олон жилийн турш хэлээд байгаа зүйл нь төсвийн орлого түүхий эдээс хамаарсан савлагаатай нөхцөлд байнгын зардлаа өсгөж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл цалин. Цалинг нэг удаа нэмчихсэн бол буцаад тэр хүнийг цомхотгохоос нааш цалин бууруулах боломжгүй. Ийм зардал дээр маш болгоомжтой хандаач гэдгийг удаа дараа хэлж байгаа ч үл хайхардаг. Нэг ёсондоо салбарын яамтай зэрэгцээд нийслэл, дүүрэгт харьяа газартай нүсэр тогтолцоо, бүтцийн гажуудал маань хэвээрээ байгаа юм.
Ямар ажлыг төр хийх ёсгүй вэ гэдгээ шийдэх ёстой. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг одоо цөөрүүлье гэж байгаатай адилаар төсөвт байгууллагууд цаашдаа 10,20 жилээр байх оршин тогтноод байх утгагүй. Зарим ажлуудыг хувийн хэвшилдээ өгөөд төрийн оролцоог багасгана гэдэг чинь энэ шүү дээ.
Хуулиараа төсвийг батлах үүрэгтэй үндсэн үүрэгтэй УИХ төсвөө тухайн салбарын хөгжлийн бодлого, зорилттой нь уялдуулах ёстой.
-Төрийн өмчит компаниудаас төвлөрүүлэх ногдол ашгийн тодорхой хувийг баялгийн санд хуримтлуулж төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр тусгасан байсан. Энэ нь төсвийн бодлогод ямар нөлөө үзүүлэх бол?
-ТӨК-иудын ногдол ашгийн тухайд ерөөсөө л уул уурхайн компани дээр л гол асуудал байгаа. Уул уурхайн салбартай хамааралтай төрийн өмчит компаниудын орлого түүхий эдийн үнийн мөчлөгийг дагаад гэнэт өсөж, буурдаг. 2016 он хүртэл үнэ өссөн хугацаанд үүссэн ноогдол ашгийг төсөвт хамруулаад явдаг байсан. Улс төрчдийн өөрсдийнх нь алдаа бол ТӨК-иудын удирдлагыг олон толгойтой болгосон. Ялангуяа уул уурхайн компаниуд дээр үүсэж байгаа ногдол ашгийг зарцуулах эрхийг Сангийн яам биш ЗГХЭГ, ТӨБЗГ, тухайн компанийн ТУЗ гээд огт өөр толгойнууд шийддэг болчихсон. Өмнө нь мөрдөгдөж байсан Төсвийн тухай хууль болон бусад хуулиар бол ногдол ашгийг нь тооцоод л төсөвт төвлөрүүлэх ёстой байсан. Гэтэл 10 жилийн хугацаанд үүнийг гажуудуулж ирлээ. Энэ бол улс төрчдийн төсвөөс гадуур мөнгө зарцуулах сонирхолтой холбоотой. Цаашдаа үүнийг зөв голдиролд буцааж, төсвөөр дамжих нь зөв. Гагцхүү ямар хэмжээтэй яаж тооцох вэ гэдгийг маш сайн бодох ёстой.
Ер нь Үндэсний баялгийн сангийн тухай гол хуулийн зорилго бол уул уурхайн салбарт үнийн өсөлт болон биет хэмжээнээс бий болж байгаа орлогыг хуримтлуулаад дараагийн үр ашигтай төслийг л санхүүжүүлэхэд чиглэдэг. Манай улсын хувьд нүүрсний үнээс гадна биет хэмжээний өсөлт бууралт гардаг. Төлөвлөсөн хэмжээнээс илүү орлого төвлөрсөн тохиолдолд аль болох их хувийг баялгийн сан руугаа хийх ёстой. Тэгэхгүй давсан орлого гэж нэрлээд нэг бол ТӨК дээр үлдээгээд эсхүл төсөвтөө авч зараад эдийн засгаа улам халаах 2 том сувгийг нээчхээд байгаа юм.
Тодотголоос харахад энэ оны төсвийн орлогод ямар эрсдэл гарч болохоор байна вэ?
Оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл гарсан. Статистик мэдээллээр бол өнгөрсөн оны мөн үеэс төсвийн орлого өссөн. Гэтэл нөгөө талд төлөвлөснөөсөө 2 их наядаар тасарчихсан яваа. Нүүрсний үнэ өсөж жилийн дунджаар 70-75 ам.доллар байна гээд илүү өөдрөгөөр төсөөлсөн гэсэн үг.
Түүхий эдээс орох орлогоо төлөвлөх, гэрээ хийх гэдэг хоёр том асуудал дээр бид одоо болтол яг зөв замаа олж чадаагүй. Ялангуяа нүүрсэн дээр бусад улс орнуудын жишиг түүхий эдийн гэрээ хэлцлийг багц дүнгээр бөөнөөр нь хийж байгаа. Экспорт, импорт дээрээ ялгаагүй. Австрали, Индонез, ОХУ бүгдээрээ Хятадын зах зээл дээр нийлүүлэх нүүрснийхээ том дүнгээр гэрээ хэлцлээ эхлээд хийдэг. Дараа нь дотооддоо аль компани нь хэдийг нийлүүлэх вэ гэдгээ шийднэ. Манайх бол Эрдэнэс Тавантолгой, МАК, Энержи ресурс бүгд тусдаа. Импортлогчид ч ялгаагүй том жижиггүй бүгдээрээ Ангарскт шатахуун авъя гээд очдог. Гадаад худалдаан дээр гэрээ хэлцлээ яаж хийх вэ гэдэгтээ суралцахгүй бол 15 жилийн турш ингээд дотооддоо бие биетэйгээ өрсөлдөж үнээ унагаадаг л бодлогоор явж байна. Үүнийг цаашдаа зөв голдиролд нь оруулахгүй бол зүгээр л хувийн хэвшил мэддэг гээд орхиж болохгүй. Ялангуяа нүүрсэн дээр. Энэ бол бүхэлдээ Монгол Улсын эдийн засгийн тулгуур хүчин зүйл. Орлого нь мэдээж хувийн компанидаа орно. Гэрээ хэлцлээ яаж хийх вэ гэдэг чинь гадаад бодлогын асуудал.
Хоёрдугаарт үнээ бид өөрчилж, удирдаж чадахгүй гэдгийг бүх түвшиндээ ойлгох ёстой. УИХ дээр төсөв хэлэлцэж байх явцад үнийн тухай ярих ямар ч шаардлага байхгүй. Нийт экспорт, импортын өсөлт нь зөв төлөвлөгдсөн үү гэдэг тухай ярихаас биш нүүрс, зэсийн үнийг их бага төлөвлөснөөр маргах утгагүй.
Сая 2027 оны төсвийг өргөн барьсан дараа Сангийн яамны ТНБД-ын хийж байгаа тайлбараас үзвэл оны эцэс рүү нүүрсний биет хэмжээний экспорт нэмэгдэж 100 сая гарах юм байна. Үнээрээ биш гэхэд биет хэмжээгээрээ даваад биелэх юм бол энэ оны төсвийн орлого оны эцэст нэлээн дөхнө. Гэхдээ ирэх жилүүдэд бидний хүсээд байгаа орлого орох уу гэдгийг өнөөдөр маш сайн судлах ёстой. Хэчнээн манай компаниуд 120 сая тонныг олборлож, гаргах хүчин чадалтай байлаа ч хил холболтын төмөр зам нь ирэх онд л ашиглалтад орно. Гэхдээ тээвэрлэлтийн хүчин чадлын хувьд 100 хувь ашиглалтад орохгүй.
Нөгөө талд урд хөршийн явуулж байгаа бодлогыг бид нар маш сайн анхаарах хэрэгтэй. Сая 8 дугаар сарын 10-ны өдөр Хятадын Хөгжил шинэтгэлийн хороо холбогдох 5 яам нийлээд БНХАУ-ын нүүрсний ирэх 5 жилийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг баталсан. Үүнд манай гол нийлүүлж байгаа Өвөрмонголын зах зээл хэрхэх, дотоодын олборлолт нэмэгдэх эсэх, ногоон эдийн засаг технологийн шинэчлэл зэргийг харж байж бид зөв төлөвлөх юм.
Зэсийн үнэ ханш бол харьцангуй сайн байгаа. Нүүрсний үнэ дээр буурч байгаа орлогыг өнгөрсөн 2025, 2026 онд зэсийн экспортын орлогын өсөлтөөр л нөхөөд явж байна.
-2026 оны төсвийн тодотголын төслийн нэг зорилго нь стратегийн бүтээгдэхүүний нөөц хангамж бүрдүүлэхэд чиглэж байна. Шатахуун нөөцлөх сав барих, хүнсний салбарыг дэмжих зэргээр хөнгөлөлттэй зээл олгох нь яг өнөөдрийн түвшинд зөв шийдэл болж чадах уу?
-Үүн дээр богино болон урт хугацааны бодлогын ялгаа л гарч байгаа юм. Ихэнх тохиолдолд бид нэг хоёр жилийн асуудал хардаг учраас л богино хугацаанд зээл олгоод хурдхан шиг шатахуун нөөцлөх саваа барья гэж харна. Гэтэл урт хугацаандаа Монгол Улс түлш шатахууныхаа эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлого хэрэгтэй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн дунд хугацааны 5 жилийн төлөвлөгөөн дээр эх үүсвэрээ төрөлжүүлж, эрчим хүчний найдвартай үүсвэртэй болохоор заасан. Их хурлын анхаарах асуудал чинь энэ. Түүнээс зөвхөн 2026, 2027-ны тухай бодож байгаа бол энэ улс орны хөгжлийн бодлого биш.