
ОХУ 15 тэрбум юанийн олон нийтийн хадгаламжийг хууль бусаар татсан хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Хятадын иргэнийг эх оронд нь шилжүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны мэдээллээс эш татан тус агентлагийн мэдээлснээр, овгийг нь Шу хэмээн дурдсан сэжигтэн арваннэгдүгээр сарын 5-нд эх орондоо буцсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр, Шу олон нийтээс хадгаламж татахад шаардлагатай мэргэжлийн эрх болон санхүүгийн зохицуулах байгууллагын зөвшөөрөлгүй байжээ. Түүнийг хөрөнгө удирдах үйлчилгээний нэрээр зохиомол бүтээгдэхүүн санал болгож, жилийн өндөр өгөөж амлан хүмүүсээс мөнгө татсан гэж буруутгаж байгаа аж.
Түүнийг эх оронд нь шилжүүлсэн нь өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өмнөд нутгийн Шэньжэн хотод уулзах үеэрээ бүх салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг уриалсны дараа болсон юм.
Хятадын тал Шу-г шилжүүлэн авах хүсэлт гаргажээ. Оросын цагдаа нар Шу-г 2025 оны арваннэгдүгээр сард баривчилсан байна. Түүнийг баривчлах зөвшөөрлийг Хятадын зүүн нутгийн Жэжян мужид явуулсан цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны дараа тухайн оны хоёрдугаар сард гаргажээ. ОХУ есдүгээр сард түүнийг шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ.
Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамны албан тушаалтны хэлснээр, уг шилжүүлэн өгөх ажиллагаа нь гэмт хэрэгтэй хамтран тэмцэх Хятад, Оросын шийдвэр төгс байдлыг харууллаа. Хятад улс гадаадад оргон зайлсан этгээдүүдийг хуулийн хариуцлагад татахын тулд олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж тус яамны мэдэгдэлд онцгойлон дурджээ.