
Австрид лхагва гарагт Словакийн хил орчмын Бад Дойч-Алтенбург тосгонд агаарын температур 41.2°C хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар GeoSphere Austria мэдээлжээ.
Мөн Австри улс хүчтэй ган гачигтай нүүр тулж байна.
Нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 30 хүртэл улсын хэмжээнд хур тунадас олон жилийн дунджаас 27 хувиар бага оржээ. Мөн зүүн бүсийн зарим нутагт хэвийн хэмжээнээс тал хувьтай тэнцэх хур тунадас л орсон аж.
Уур амьсгал судлаач Александр Орликийн хэлснээр зарим бүс нутагт 1885 оноос хойших хамгийн хуурай нөхцөл бүрдсэн байна.
Засгийн газар эрчим хүч хэмнэх зорилгоор парламентын энэ долоо хоногийн хуралдаануудыг хүртэл цуцалсан байна.
Лхагва гарагийн шөнө Будапешт хотын шөнийн хамгийн бага температур 28°C хүрсэн нь тус хотын түүхэн дэх хамгийн дулаан шөнө болжээ.
Германд гол мөрний ус татарч эхлэв
Германд ган гачгийн улмаас Рейн болон бусад томоохон голуудын усны түвшин үргэлжлэн буурч байгаа нь тээвэр, үйлдвэрлэлд ноцтой хүндрэл учруулж эхэлжээ.
Тээврийн сайд Штеффен Билгер холбогдох байгууллагуудтай уулзаж, усны түвшин буурсан нь дотоодын усан замын тээвэр, аж үйлдвэр болон ложистикийн сүлжээнд томоохон сорилт болж байгааг анхааруулсан байна.
Байгаль хамгаалах BUND байгууллага эдийн засгийн нөлөөллөөс гадна гол мөрний усыг ландшафтад хадгалах, гангийн үед усны хэрэглээг багасгах замаар уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй болгохыг уриалжээ.
Францад ой хээрийн түймрийн өндөр эрсдэл хэвээр
Францын зүүн өмнөд хэсгийн Вар мужид гарсан томоохон ой хээрийн түймэр тархалтаа зогсоосон ч дахин дүрэлзэх өндөр эрсдэлтэй хэвээр байгаа тул гал сөнөөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Долдугаар сарын 20-нд эхэлсэн уг түймэр 60 гаруй км² талбайг хамарсан нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тус бүсэд бүртгэгдсэн хамгийн том түймэр боллоо.
Албаныхан хүчтэй салхи болон маш хуурай нөхцөл байдлын улмаас Францын зүүн өмнөд хэсэгт дахин томоохон түймэр гарах эрсдэл маш өндөр байгааг анхааруулжээ.
Балканы орнууд гал түймэр, гангийн эсрэг тэмцэж байна
Пүрэв гарагт Балканы орнуудад халууны давалгаа оргилдоо хүрч, агаарын температур 40°C орчимд хүрсэн байна. Сербид хуурайшилтын улмаас гарсан хэд хэдэн ой хээрийн түймрийг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна.
Томоохон түймрийн нэг нь Белградын баруун хэсгийн нарсан ойг хамарсан бол нөгөө нь төвийн Кральево хотын ойролцоо тархаж, бартаатай газар нутаг гал унтраах ажиллагааг хүндрүүлжээ.
Хөрш Хорватын Дубровник хотод жуулчид Адриатын тэнгисийн эрэг дагуух хэт халуунаас болж өдрийн хамгийн халуун цагаар далайн эрэгт очихоос зайлсхийж, сүүдэр бараадан хоргодож байна.