“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн билээ. Энэхүү булангийнхаа 31 дэх дугаарт А.Хачатуряны “Спартак” балетын талаар толилуулах гэж байна.
Ленинградын дуурь бүжгийн театрт мэндэлжээ
“Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа драматизмыг нарийн шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг. Тус балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков бичиж, А.Хачатурян 1954 онд хөгжмийг нь бичиж, балетмейстер Л.Якобсон Кировын нэрэмжит Ленинградын Дуурь, бүжгийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх дэглэн тавьж байжээ. А.Хачатурян уг балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд Төрийн соёрхол хүртсэн. Хэдийгээр 1956 онд анх тайзнаа толилуулсан ч алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж тавьж ХХ зууны шилдэг балетын жагсаалтад оруулсан түүхтэй.
Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдрал, зоригт эр Спартакын манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит, эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. Амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг гайхамшигт цогц бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг уг бүтээл нь балетын урлагийг шимтэн үзэгч таны заавал үзэх бүтээлүүдийн нэг билээ.
Монголын тайзнаа Б.Жамъяндагвын найруулгаар амилсан түүхтэй
“Спартак” балет нь Монголын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-нд мэндэлжээ. Тухайн үед ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва тайзнаа хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Төрийн шагналт ардын жүжигчин Ж.Чулуун ажиллаж, тайз чимэглэлийг Ардын зураач Ч.Гунгаасүх хийсэн байна. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллан, тайз чимэглэлийг УДБЭТ-ын ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар хийжээ. Уг балетыг 2012 онд сэргээснээс хойш өнөөдрийг хүртэл тэр хэвээр нь хүргэж буй. Дэлхийн балетчдын мэргэжлийн ур чадварын илэрхийлэл болсон шилдэг балет “Спартак”-ыг Монголын тайзнаа тавьсны 40 жилийн ой өнгөрсөн жил тохиосон бөгөөд таван жилийн дараа тайзнаа толилуулсан нь 2024 оны тавдугаар сарын 6, 7 байсан юм.
“Спартак” балетын либретто
Нэгдүгээр бүлэг
Нэгдүгээр
үзэгдэл
Түрэмгийлэл.
Ромын эзэнт гүрний цэргүүд явсан газар бүхнээ гай
зовлон тарьж, Итали эх нутгаа хүчирхийлэл түрэмгийллийн орон болгон хувиргажээ.
Эзэнт улсын цэргийн жанжин Красс хүн чанараа алдаж зэрлэг араатан шиг авирлана.
Түүний явж өнгөрсөн газарт хот тосгон үнс нурам, хүн ардууд эрх чөлөөгүй боолчууд
болж байлаа. Эзэнт улсын нийслэлийн хэрмийн дэргэд эрх чөлөөгүй боолчуудыг
ичгүүр сонжуургүй доромжлон, эрчүүдийг гянданд хорихоор авч явахад хүчинд
автагдсан Спартак Фригия хоёр хагацна.
Хоёрдугаар
үзэгдэл.
Крассын
зугаа цэнгэл. Красс Фригияг худалдан авч хөөрхий
бүсгүйг давхар зовлонд оруулав. Цусаар ч юм уу, дарсаар ч юм уу будагдсан
алиалагчид Фригияг Крассыи суудалд урьж тохуурхан доромжилно. Красс Фригиягийн
гоо үзэсгэлэнд унаж, шунал хүслээ барьж ядан байхад татвар эм Эгина түүнд саад
болж өөрийнхөө хайр сэтгэлийг Крассад илчилнэ. Энэ мөчийг апгиглан Фригия
оргоно. Алт мөнгө, архи дарс, зугаа цэнгэлд мансуурсан Красс цус үзэж сэтгэлээ
хангахаар шийднэ. Баг өмссөн хоёр гладиаторыг ордонд оруулж ирэх бөгөөд аль
өрсөж нэгийгээ хөнөөсөн нь амьдрах эрх эдлэх ёстой ажээ. Амь өрсөлдсөн урт
тэмцэлдээний эцэст ялж гарсан гладиаторынн багийг авахад Спартак байна.
Спартакийн бодол Би чинь өөр шигээ эрх чөлөөгүй нөхрийнхөө амь насыг хөнөөсөн
яргачин боллоо. Одоо цаашид яах вэ? Гутамшигт боолчлолд өвдөг сөгдөх гэж үү?
Сэтгэл зүрх минь юу шаардаж байна?
Гуравдугаар үзэгдэл
Гладиаторууд
шоронд. Төрөлх нутагтаа эрх чөлөөтэй амьдарч, хайрлаж
дурлахын төлөө гар дахь гав гинжээ тасалж, боолчлол, дарлалын эсрэг босох
хэрэгтэй. Спартак энэ ариун үйлстээ санаа нэгт нөхдөө уриалан дуудахад цөм
үнэнчээр хүчин зүтгэхээ андгайлна. Ингээд гладиаторууд шоронгоос зугатна.
Дөрөвдүгээр
үзэгдэл
Аппиевагийн
замд. Оройн шингэх нарны туяанд Аппиевагийн их замын
дэргэд цаг нөгцөөн амарч байгаа малчид дээр Крассын найрнаас оргож амжсан
Фригияг ирэхэд малчид түүнийг найрсгаар угтаж авна. Фригиягийн араас мөрдөж
ирсэн боолын эзнийг малчид тоглоом тохуу болгон хөөж явуулах үед Спартак
тэргүүтэй бослого гаргасан боолчууд хүрэлцэн ирнэ. Спартак малчдыг эрх чөлөөт
амьдралынхаа төлөө нэгдэн тэмцэхийг уриалахад малчид ч нэгэн дуугаар зөвшөөрнө.
Ийнхүү босогчдын эгнээ зузаарч, эрэлхэг зоригт Спартакийг өөрийн удирдагчаар
өргөмжилнө.

“Спартак” балетын анхны бүрэлдэхүүн
Найруулан дэглэсэн балетмейстер: Б.Жамьяндагва
(БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт)
Удирдаач: Ж.Чулуун (БНМАУ-ын ардын жүжигчин, Төрийн шагналт)
Зураач: Ч.Гунгаасүх
Туслах балетмейстер: Д.Баасанхүү, Т.Баянжаргал
Балетын дасгалжуулагч: О.Ганбаатар (БНМАУ-ын ардын жүжигчин) А.Навчаа (БНМАУ-ын гавьяат жүжигчин)
Төгөлдөр хуурч: М.Б.Сулханянц, С.Д.Любарт
Хувцасны мастер: Ш.Цэвэлмаа
Гэрлийн мастер: Д.Иш
Тайзны ерөнхий машинч: Ж.Цогбат
Жүжиг чимэглэлийн эрхлэгч: Б.Пүрвээ
Туслах найруулагч: Г.Батсүх (БНМАУ-ын гавьяат жүжигчин)
Гол дүрүүд
Спартак О.Ганбаатар (БНМАУ-ын ардын жүжигчин) О.Батсайхан
Красс Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан
Фригия Ю.Оюун (БНМАУ-ын гавьяат жүжигчин) Ж.Цэцгээ
Эгина Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг Гладиатор П.Чинбаатар, С.Төмөрболд
Алиа жүжигчид Ц.Жаргалсайхан, А.Батдэлгэр, С.Төмөрболд, Б.Хүрэлбаатар
Малчид Н.Баатар (БНМАУ-ын гавьяат жүжигчин) Х.Баярманлай, Д.Чойжилсүрэн, Д.Батсүх, Д.Цэдэндамба
Сээхэлзүүр хүүхнүүд Т.Туул (БНМАУ-ын гавьяат жүжигчин) Д.Алтантуяа, Т.Баасанжав, Ц.Оюунчимэг, Б.Энхээ, Б.Цэцгээ, С.Сэржмядаг, Н.Эрдэнэцэцэг, Д.Батбаяр
Ордныхон А.Навчаа (БНМАУ-ын гавьяат жүжигчин) С.Шаравдорж, Г.Дашдулам, Оюунтуяа
Анхны бүрэлдэхүүнийг тайзнаа тавигдсан тухайн жилийн танилцуулгаар хүргэж буй тул уран бүтээлчдийн цол хэргэм энэ үеэр нь бичигдсэн болно.


Хоёрдугаар бүлэг
Тавдугаар
үзэгдэл
Крассын
ордонд. Красс ялалтаа тэмдэглэхээр том найр хийж,
өөрийн татвар эм Эгинагийн хамт зочдоо хүлээнэ. Ромын баячууд, Крассын хүчин
чадал, ялалтыг өргөмжлөн дэвэргэж, алдаршуулан магтаж, найр наадам болж байхад
нь тэдний эзэмшлийг Спартакийн цэргүүд хүрээлэн авсан тухай аймшигт мэдээ ирнэ.
Ромын алдар цуут жанжнууд сандран гүйлдэж, Красс Эгина хоёр аймшигт байдлаас
айж мэгдэн зугтана. Зоригт Спартак хүчирхэг боолчуудын хамт ордныг эзлэн, эзэнт
улсын цэргийг хөөнө. Спартакийн өмнө баривчлагдсан Крассыг авчирна. Красс
өөрийн ордонд болсон тулалдаанд дийлсэн гладиатор Спартак мөн болохыг танина.
Боолчууд Ромын жанжинг алахыг завдахад Спартак хориглон зогсооно. Спартак,
ордондоо боолчуудыг хооронд нь тэмцэлдүүлэн нэгийг нь нөгөөгөөр нь алуулж
байсан Крассыг шударга тэмцэлд дуудаж, хэрвээ Красс дийлбэл амийг нь өршөөхийг
амлана. Босогчид алан хядагчид биш, шударга тэмцэгчид ажээ. Красс дийлж
чадсангүй. Боолынхоо өмнө ингэж шившгээ тарьснаас алж өгөхийг гуйна. Спартак
Крассыг чадал тэнхээгүй, аймхай хулчгар амьтан болохыг ард түмэн үзэг гээд амь
хэлтрүүлэн хөөж явуулна.
Зургаадугаар
үзэгдэл
Хорон
санаа, хуйвалдаан. Красс боолчуудын өмнө өвдөг
сөхрүүлж, шившиг болгосон Спартак болон бусад боолчуудаас өшөө авахаар
тангараглаж байхад Эгина Крассын хорыг маажиж, үзэн ядах үзлийг нь улам
дэвэргэнэ. Красс бүх цэргүүдээ удирдан, босогчдыг хүйс тэмтрэхээр хөдлөхөд
Крассд ухаан жолоогүй дурласан Эгина түүний өмнө гавьяа байгуулахаар шийдэж
спартакчуудын хуарангийн зүг явна. Эгинагийн алхам бүр “Спартак болгоомжил! Уур
хорслоор дүүрэн эмэгтэй хүн юу хийж чаддагийг чи үзэх болно” гэж хэлэх шиг
санагдана. Эгина цэргийн алдарт жанжины элбэг баян эдлэнг захирсан эрх мэдэлтэй
хатагтай болох гэсэн алсын бодлоо биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болжээ.
Долоодугаар
үзэгдэл
Спартакчуудын
хуаран. Үүр тэмдэгрэх үед Эгина сээхэлзүүр хүүхнүүдийн
хамт спартакчуудын майхан руу сэм гэтнэ. Фригия майхнаас гарч ирлээ. Өнөө
шөнийн шийдвэрлэх тулалдааны өмнө эндээс явахыг хүссэн Спартакийн гуйлтыг
Фригия дахин, дахин бодож, хайрт хүнд минь ямар нэгэн гай тотгор бүү учраасай
гэж бурхан тэнгэрт залбирч мөргөнө. Гэсэн ч ямар нэгэн муу совин татах нь
Фригияд аймшиг төрүүлнэ. Спартак бүсгүйг тайтгаруулж хагацашгүй хайраа харилцан
илэрхийлнэ. Фригия Спартактайгаа ямагт хамт байхыг хүсэвч түүний хүслээр арга
буюу явна. Гэнэт бөөн шуугиан дэгдэж хэрэлдэж маргасан спартакчууд майхны гадаа
ирнэ. Тэдний дотор хагарал гарчээ. Чухам юу болсныг Спартак асуухад малчид
голдуу хэсэг цэргүүд Спартакаас салж явах болсноо мэдэгдэнэ. Босогчдын хагарал
ялагдалд хүргэж болзошгүйг сайн ойлгосон Спартак эрх чөлөөгүй амьдарснаас
эрэлхгээр тулалдаж үхсэн дээр гэж үзнэ. Спартакд үнэнч үлдсэн нөхөд нь эцсээ
хүртэл тулалдахаар тангараглана.
Наймдугаар
үзэгдэл
Урвалт,
наргилт. Эгина сээхэлзүүр хүүхнүүдээ дагуулан
Спартакийн хуаранд очиж малчид голцуу хэсэг цэргүүдийг урвуулан архи дарсаар
зочлон зугаацан цэнгэж байна. Гагцхүү Эгина Крассыг хүлээж гунихарна. Красс ирж
урвагч гладиаторуудыг баривчлан авч, юутай ч зүйрлэшгүй гавьяа байгуулсан Эгинаг
өндөр өргөн мандуулж, хөхиүлэн шагнана.
Есдүгээр
үзэгдэл
Сүүлчийн
тулаан. Крассын дайчид Спартакийн бүлгийг бүслэн
авчээ. Хүч тэнцвэргүй тулалдаанд Спартакийн үнэнч нөхөд амь эрсдэнэ. Ганцаараа
үлдсэн Спартак ариун үйлсийн төлөө өвдөг сөхрөхгүй тэмцэлдсээр атаат дайсны
гарт амь үрэгдэнэ. Боолчуудын домогт удирдагчийн шарил дээр Фригия бусад боолын
хамт уй гашуудалтайгаар бөхийн ёсолно. Спартакийн нэр, түүний алдар гавьяа
үеийн үед алдаршин мандаж, үхэшгүй мөнхөд үлдэнэ.