Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Огцорчихоод ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэж шүүмжилж магадгүй. Энэ хууль өөрөө цаг хугацаа шаардсан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай учраас цаг хугацаа нь ингэж таарлаа. Анх удаа Монгол Улс тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Энэ хууль батлагдвал нэг эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Тэтгэвэр авч байгаа иргэдийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. Одоо бол 20-оос дээш жил ажилласан даатгуулагч ажилласан хугацаанаасаа хамаараад ижил хэмжээний буюу тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчилж 10-аас дээш жил ажилласан иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан суурь тэтгэвэртэй болох юм. Одоогийн тэтгэврийн тогтолцоо бол хоёр дахь тогтолцоо. Дээр нь бид өнөөдрөөс Хувийн тэтгэврийн хуулийг өргөн барихаар боллоо. Ингээд манай улс тэтгэврийн гурван эх үүсвэрийн тогтолцоотой болох юм.

Мөн өнөөдөр Засгийн газар ажил олгогчдын төлдөг НДШ-ийн хоёр хүртэлх хувь, иргэний төлж буй НДШ-ийн дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлал болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн НДШ төлөх хязгаарыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарласан.  ААН-үүдэд ямар нэгэн хязгаар байгаагүй. Тиймээс адилхан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарлана. Ингэснээр ААН-үүд ажилчиддаа өндөр цалин олгосон ч их шимтгэл төлөхөөргүй болж байна.

Хөлсөөр, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын орлогоос НДШ авахгүй.

Ажил олгогчдын төлдөг НДШ-ийг 2.5 хүртэлх хувиар хөнгөлнө. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 5.6 их наяд. Үүнээс ажил олгогчдын төвлөрүүлж байгаа орлого 2.7 их наяд байдаг. Үүний 500 тэрбумыг нь хөнгөлнө гэсэн үг. Энэ бол 4000 айлыг орон сууцны зээлд хамруулах хэмжээний мөнгө.

Оюутнууд ажил хийвэл НДШ-ээс чөлөөлнө.

Сайн дураараа НДШ шимтгэл төлдөг иргэдийн шимтгэл төлөх хугацааг уян хатан болгоно. Хэзээ орлоготой байна, тэр үедээ төлөх боломж олгоно. Манай улсад хувиараа НДШ төлдөг 140 гаруй мянган иргэн бий.

Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө" гэв.