
3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /FIBA 3x3 World Cup 2025/ өнөөдөр Монгол Улсад эхэллээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 орны баг оролцож байна.
“FIBA 3x3 World Cup 2025” буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн тоглолт БНХАУ, Австралийн эмэгтэй багуудын тоглолтоор эхэллээ. Тэмцээн долоон хоногийн турш Сүхбаатарын талбайд болно.
Монголын эрэгтэй шигшээ АНУ, Латви, Монтенегро болон Япон улсын шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Манай эрчүүд эхний тоглолтоо өнөөдөр 18:25 цагаас АНУ-ын шигшээ багтай хийнэ. Мөн хэсгийн хоёр дахь тоглолтоо Латвийн багтай 20.00 цагаас хийхээр оноолт гарчээ. Харин Монголын эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Испани, Герман, Украйны багуудтай багтсан. Энэ хэсгийн тоглолт маргааш болно.
Монголын эмэгтэй баг эхний тоглолтоо Бразилын шигшээ багтай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Украйны багтай хийхээр хуваарь гарсан байна.
МОНГОЛЫН БАГИЙН ХУВААРЬ:
Зургаадугаар сарын 23: Монгол-АНУ /эр, 18:25 цагт/
Зургаадугаар сарын 23: Латви-Монгол /эр, 20:15 цагт/
Зургаадугаар сарын 25: Монтенегро-Монгол /эр, 18:00 цагт/
Зургаадугаар сарын 25: Монгол-Япон /эр, 20:15 цагт/
ЭМЭГТЭЙ:
Зургаадугаар сарын 24: Бразил-Монгол /эм, 18:25 цагт/
Зургаадугаар сарын 24: Монгол-Испани/эм, 20:15 цагт/
Зургаадугаар сарын 26: ХБНГУ-Монгол /эм, 18:00 цагт/
Зургаадугаар сарын 26: Монгол-Украйн /эм, 20:15 цагт/