Япон Улсад ур чадварын дадлагажигчаар очоод удаагүй 8 монгол иргэн, мөн үндсэн ажилтнаар ажиллаж буй 3 хүн буюу нийт 11 иргэн 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрныхаа нэг өрөөнд танилцах уулзалт зохион байгуулжээ.
Гэвч уулзалтын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хоорондоо маргалдан, нэгнийхээ биед хүч хэрэглэн танхайрч, ноцтой гэмтэл учруулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Уг хэргийг Японы Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам хүлээн авагч байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Ташрамд дурдахад, бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах зэрэг үйлдлийг Японы Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцож, торгууль оногдуулах, 2-15 жил болон түүнээс дээш хугацаагаар хорих ял ногдуулах зохицуулалттай байдаг.Сүүлийн жилүүдэд эрүүгийн хэргээр Японд ял эдэлж буй монгол иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Иймд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, нэр хүндийг эрхэмлэж, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.