.png)
Хаврын номын баяр Улаанбаатар хотын төв талбайд энэ сарын 15-17-ний өдрүүдэд болно. Та бүхэн номын баярын үйл ажиллагаанд зочилж, бүх төрлийн ном худалдан авах, зохиолчдын гарын үсгийг цуглуулах, дурсгалын зураг татуулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой.
Ингээд уншигчдадаа номын баяраас авах боломжтой, шинээр гарсан онцлох 15 бүтээлийн тухай хүргэе.
CHIMEE PUBLISHING
-660x0.png)
Тө.Бямбасүрэн “УЛАМ ДӨЖРӨМ, ТЭГЭЭД НАМ ГҮМ” /тууж/
Залуу яруу найрагч, эмч Тө.Бямбасүрэнгийн анхны хүүрнэл зохиол. "Үхэл гэдэг үг бидэнд дэндүү ойр, харин тэдэнд бол од эрхэс шиг хол”. Сэхээний тасагт хэдхэн мөчийн дотор хүний хувь заяа шийдэгдэнэ. Амьдрал, үхлийн зааг дээр хүн өөрийгөө ч, бусдыг ч шинээр таньж эхэлнэ. Төв аймгийн Зуунмод хотын Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт өрнөх түүх. Үхлийн тухай эргэцүүлэл, өнчрөл хагацал, амь аврах, амьд үлдэхийн төлөөх тэмцэл...
Сакаи Тошио “МАРКЕТИНГИЙН СЭТГЭЛЗҮЙ - 100”
Та яагаад зарим сурталчилгаанд шууд татагдаж, заримыг нь огт хайхралгүй, эсвэл анзааралгүй өнгөрөөдөг вэ? Яагаад хүмүүс хэрэггүй зүйл худалдан авдаг хэр нь үнэхээр хэрэгтэй зүйл дээр эргэлздэг вэ? Хариулт нь энгийн: Хүн логикоор биш, сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадаг. Энэхүү номд хүний далд ухамсарт нөлөөлдөг, худалдан авах шийдвэрт хүргэдэг сэтгэлзүйн механизмуудыг бодит жишээ, ойлгомжтой тайлбарын хамт нэгтгэн хүргэж байна. Энэ ном бол хоосон онол биш, маргаашнаас шууд хэрэгжүүлж болох практик аргуудын баялаг цуглуулга. Хэрэв та бизнес эрхлэгч, маркетер, эсвэл бусдын шийдвэрт хэрхэн нөлөөлдгийг ойлгож, ямар ч салбар, орчин нөхцөлд давуу талаа бодитоор ашиглахыг хүсэж байвал уг ном танд тус болно.
НОЖО ПАБЛИШИНГ
-660x0.png)
Ч.Галсан “СААРАЛ ГАЗАР” /роман/
Ножо хэвлэлийн газраас өмнө нь Хөдөлмөрийн баатар Чинагийн Галсангийн “Blue Sky” романыг “Хөх тэнгэр сонсож бай!” нэрээр монгол хэлт уншигчдын хүртээл болгосон билээ.
Тэгвэл энэ удаад зохиолчийн гурамсан бүтээлийн дэд дэвтэр болох “Саарал газар” романыг уншигчдадаа хүргэхээр болжээ. Зохиолч нэгэн ярилцлагадаа уран зохиолын хэмжүүр, бичлэг, өгүүлэмжийн хувьд ч дэд дэвтэр нь өмнөхөө давсан хэмээн дурдаж байв.
Д.Оюунчимэг “ЯРУУ НАЙРАГ” /шилмэл шүлгүүд/
Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг шилмэл шүлгийн эмхэтгэл. Тэрээр Борхэс, Венедикт Ерофеев, Ричард Бах, Милорад Павич зэрэг олон сонгодог уран бүтээлчийн номыг дуун хөрвүүлснээс гадна уншигчид түүнийг “Норгой”, “Оройн ганц мод”, “Усгал”, “Тэнгэрийн цаг болоогүй” зэрэг олон арван бүтээлээр нь сайн мэднэ. Харин энэ удаад шүлгийн түүврээр нь уулзах гэж байна.
Түүний яруу найраг хэзээд хүчирхэг байсан билээ. Өдгөө уншигчдын дунд ихээхэн эрэлттэй байдаг “Харанхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэл” зэрэг номууд нь яруу найргийг хэл, бүтэц, сэтгэлгээний түвшинд шинэчлэн бүтээсэн агаад эрчимлэг, зөн совингийн шинжээс гадна монгол ахуйн нарийн тансаг мэдрэмжүүдээр шүлгүүд нь дүүрэн байдаг.
МОНСУДАР хэвлэлийн газар
-660x0.png)
Маркус Зусак “НОМЫН ХУЛГАЙЧ” /роман/
“I Am the Messenger” номын зохиолч Маркус Зусакын ээлжит уран бүтээл болох “Номын хулгайч” романыг Нью-Йорк Таймс сэтгүүл “Амьдралыг өөрчлөх ном” хэмээсэн байдаг. Учир нь юу вэ?
Лизель Мемингер хэмээх Мюнхен хотын ойролцоо аж төрнө. Мэдээж тэр ном хулгай хийдэг. Энэ бол хэзээ ч тэвчишгүй, өөрчилж чадахгүй үйлийн нэг нь. 1939 он, Нацист Герман улс. Бөмбөгдөлт тун хурдан ойртож, үхлийн аймшгийг тэд амьсгаа даран хүлээж байлаа.
Б.Төрмөнх “С.ЗОРИГ” /зурагт ном/
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан сод хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын ээлжит бүтээлд ард түмэн “Ардчиллын алтан хараацай” хэмээн хүндлэн хайрладаг улстөрч С.Зориг агсан, түүний хүсэл мөрөөдөл, тэмцэл үйл хэргийн тухай өгүүлжээ.
Ардчилал, эрх чөлөө гэж юу вэ? Хүмүүс яагаад түүнийг олж авахын төлөө тэмцдэг юм бол? Энэ бүхнийг хүүхдэд ойлгомжтой хэл найруулга болоод зургаар илэрхийлсэн байна. Бид гадаадын сод хүмүүсийн бүтээл туурвил, тэдний гавьяаг шимтэн дуулах номуудыг уншиж, амьдралдаа жишээлэн авч, намтар, эрдэм боловсрол, амьдралын туршлагаас нь суралцахыг эрмэлздэг. Тэгвэл монголчууд бид ч өөрсдийн гэсэн сод хүмүүстэй. Тэдний нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, авьяас билгийг ирээдүйн хүүхэд залуустаа үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэхүү цувралын үнэ цэн оршиж буй юм.
НЭПКО хэвлэлийн газар
-660x0.png)
Үй Хуа “ТУУРВИХ ХИЧЭЭЛ” /эсээ/
Үй Хуа зохиолчтой монгол хэлт уншигчид яруу найрагч, орчуулагч Мө.Батбаярын дуун хөрвүүлгээр танилцсан. Тэгвэл энэ удаад мөн түүний орчуулсан “Туурвих хичээл” бүтээл нь уншигчдад хүрчээ.
Тус ном нь өнгөрсөн онд хэвлэгдсэн агаад ийнхүү 2026 онд монгол хэлнээ орчуулагдаж байна. Уран зохиолын тухай түүний хувийн бодлуудыг багтаасан энэхүү бүтээл нь уран зохиолд хайртай уншигчдад өөр нэгэн харах өнцөг, маргах асуудлуудыг бий болгож чадах нь тодорхой.
Санжийн Баяр ГУРВАН БОТЬ /намтар, дурсамж/
Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баярын анхны ном 2019 онд худалдаанд гарч дараагийн номны хүлээлт үүсгээд байсан бол зохиогч нэг дор 3 боть цувралаа хэвлүүлсэн байна.
Нэпко компаниас эрхлэн гаргаж буй эдгээр цуврал “Жаран хоног” “Далан нөхөөс” “Наян нажид” нэртэйгээр гарч байна. Улс оронд өрнөсөн үйл явдал тэдгээрийн уялдаа холбоо эргэн санах дурсамжуудыг дараалал, эмх цэгцэд оруулан шинэчилсэн нь цувралыг иж бүрэн болгосон байна. Өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн амьдралын өнгийг танихад өнгөрсөн хугацааны шийдвэр гаргачдын болон хувь хүний харилцааны дурсамж уншигчдийн сонирхолд С.Баярын гэх онцлогтой бичлэгээр хүрч байна.
SAYAN паблишинг
-660x0.png)
Д.Нацагдорж “ШУВУУН СААРАЛ” /өгүүллэгүүд/
Монголчууд Д.Нацагдоржоо орчин үеийн уран зохиолчийг үндэслэгч, сэхээтэн, жинхэнэ сод туурвилч гэхчлэн магтдаг. Үүн дотроос орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг нь нэг талаар өрөөсгөл ойлголт. Түүний амьдарч асан цаг үед бичгийн их хүмүүс цөөнгүй байсан бөгөөд тэрээр заримтай нь ойр дотно шадарлаж явсан нь ч бий. Тиймээс үндэслэгчдийн нэг гэвэл илүү ононо.
Тэр ердөө 31 наслахдаа төрийн хар хүн, зохиолч, эрдэмтэн гэх гурван морь хөлөглөсөн нэгэн байв. Цагийн эрхээр аливаа юмс бүдгэрдэг жамтай. Энэхүү үл үзэгдэх мөнхийн зүүний эргэлтэд элэгдэлгүй өнөө цагт үлдэж, ирээдүйд ч үл мартагдах нь Д.Нацагдоржийн уран бүтээл юм.
УЛБАР паблишинг
Ч.Бат-Уянга "АХУЙ"
-660x0.png)
Зохиолч, яруу найрагч, нийтлэлч Ч.Бат-Уянгын ээлжит бүтээл. Тэрээр өмнө нь "Аничда" шүлгийн түүвэр, "Хатгалын тэмдэглэл" зэрэг бүтээлүүдээ уншигчдад хүргэсэн билээ.
Харин удаад "Ахуй" нэртэй зүймэл хүүрнэл бүтээлийн номоо уншигчдад хүргэжээ.
ТАГТАА паблишинг
-660x0.png)
Пак Сэхи “ҮХМЭЭР БАЙНА, ГЭХДЭЭ Л БАС ДОГБУГИ ИДМЭЭР БАЙНА”
Өмнөд Солонгосын зохиолч Пэк Сэхи дистими оноштойгоор 10 жил сэтгэл засалчтай ажилласан туршлагаа эсээ болгон сийрүүлж, хожмоо “Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номынхоо I, II дэвтрийг бичиж, сэтгэл гутралын харанхуй ангалд унасан олон мянган залууст итгэлийн гэрэл тусгаж, халуун яриа өрнүүлж, сэтгэлийн үгээ дэлгэн хуваалцах дотнын найз, зөвлөн чиглүүлэгч нь болж, амьдрах урам зориг хайрласан билээ.
Тагтаа хэвлэлийн газар энэхүү номын II дэвтэр “Үхмээр байна, гэхдээ л бас догбуги идмээр байна” номыг эх хэлнээ хөрвүүлэн уншигчдадаа барьж байна. Өмнө нь номын I дүгээр ботийг мөн монгол хэлт уншигчдад хүргэсэн юм.
BOOBOOKS
-660x0.png)
Тус хэвлэлийн газраас Буковский болон Коллинс нар болон хятадын цагаач ажилчдын яруу найраг зэрэг номуудыг “boopoems” цувралаар хүргэсэн бол энэ удаад Нобелийн шагналт, Польшийн нэрт яруу найрагч Вислава Шимборскагийн бүтээлийг уншигчдадаа хүргэж байна. Тус номыг “Хятадын орчин үеийн яруу найраг” антологийг эмхэтгэсэн Н.Энхбаяр орчуулжээ.
Түүнд “Хүмүүний бодит амьдралд олонтаа тохиолддог түүхэн болон биологийн үзэгдлийг яв цав илэрхийлсэн шүлгүүд бичсэний төлөө” нобелийн шагнал олгосон билээ. Ийнхүү түүний 103 жилийн ой дээр ном нь монгол хэлнээ хөрвүүлэгджээ.
-660x0.png)
Ц.Гончиг “ХАРЗ” /шүлгүүд/
Яруу найрагч, зохиолч Ц.Гончиг шинэхэн шүлгийн түүврээ “Харз” хэмээн нэрлэжээ. Түүний яруу найрагт хүний оршин буй, нүдний өмнө дэлгэрэх байгаль бүхлээрээ, ерөнхий агуулгаараа буудаггүй. Харин түүн доторх хэний анзаараагүй, заримдаа өдөр бүхэн хардаг ч ерөөс тухайлж боддог юмсын шинж чанар оршиж байдаг. Түүнийг яруу найрагчийн гэмээр зөөлөн, уянгалаг мэдрэмжээр шүлгийн мөрүүддээ оршоож чаддаг онцлогтой. Юмс бүхэнд гэгээтэй, гунигтай, эгшиглэнтэй, эмзэглэм шинж бий. Харин тэдгээрийг үгээр мэтгэх нь, эргэцүүлэлд хөтлөх нь түүний чадах хамгийн хайрлам чанар биз ээ.
Д.Даваажаргал “ӨЧИГДӨР МЭТ...” /шүлгүүд/
Яруу найрагч, монгол хэлний багш Д.Даваажаргал анхны шүлгийн түүврээ “Өчигдөр мэт” нэрээр эмхэтгэжээ. Нэрээс нь үүдээд туулж гарсан өдрүүдийнх нь салхитай шүлгүүд таны цээжийг сэвэлзүүлэх вий. Яруу найраг үнэн байхдаа ямагт хүчтэй, амттай байдаг. Яг тийм мэдрэмжээр тэр шүлгүүддээ ханддаг аж. Заримдаа нэг тийм эрчтэй боловч тэрхүү эргэлдэх салхи доторх эмзэглэлүүд, юу юугүй садарчих гээд байгаа, дотроо хүчлэн барьсан нулимстай мөрүүд ч тааралдана. Ер нь шүлгийг тодорхойлох амаргүй. Учир нь хэн хүнд хүрэх мэдрэмж өөр, өөр учраас тэр.
С.Баттогтох “ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ОРХИЛ, ОРЛОЛ” /шинжлэл/
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Ганбатын Баттогтохын “Монгол хэлний холбоосжилт” хэмээх хоёр боть номоо олон жилийн судалгаа, эрэл хайгуулын дүнд бүтээжээ.
Степпе паблиншг ХХК эрхлэн хэвлүүлсэн энэхүү бүтээл нь “Орчин цагийн монгол хэлний холбоос”, “Орчин цагийн монгол хэлний орхил, орлол” хэмээх 2 боть бөгөөд орчин цагийн монгол хэлний холбоосыг эхийн түвшинд утга, үүргийг нь тайлбарлах, орхил ба орлолыг хэрэглэх үндсэн тогтолцоо, утга бүтээх шинжийг нь судлан тайлбарласан байна.