
Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменеи анхны мэдэгдэлдээ дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол гарц болох Ормузын хоолойг үргэлжлүүлэн хаахыг сануулжээ.
Төрийн телевизээр дамжуулсан илгээлтийг Хаменеин өмнөөс хөтлөгч уншиж танилцуулжээ. Дайны эхний өдөр амиа алдсан эцэг Аятолла Али Хаменег залгамжлан Дээд удирдагчаар томилогдсон тэрээр анхны мэдэгдэлдээ мөн цусан өшөө авахаа амлаж, хөрш орнуудаа АНУ-ын бааз байрлуулахаа зогсоохыг анхааруулав.
АНУ-Израилийн хамтарсан дайралтын үеэр Можтаба Хаменеин эхнэр, хүү алагджээ. Түүний ээжийг мөн энэ үеэр амиа алдсан гэж мэдээлж байсан ч Ираны хэвлэл няцаасан байна.
Ройтерс агентлаг Ираны нэрээ нууцалсан албан тушаалтнаас эш татан Можтаба Хаменеи дайралтын үеэр "хөнгөн шархадсан" гэж мэдээлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дээд удирдагч болсноосоо хойш олон нийтийн өмнө харагдаагүй Можтаба Хаменеин гэрэл зураг, видео бичлэг огт нийтлэгдэхгүй байгаа. Ираны төрийн телевизийн мэдээллийн суваг түүнийг "Рамадан сарын дайны ахмад дайчин" гэж нэрлэсэн боловч шархадсан эсэхийг баталгаажуулаагүй байна.
Иран улс дайсныхаа хамгийн эмзэг цэг болсон Ормузын хоолойг хааж, хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэйг Можтаба мэдэгдэлдээ өгүүлжээ. Мөн тус бүс нутаг дахь АНУ-ын баазуудыг үргэлжлүүлэн онилохоо ч санууллаа.
Техран хөрш орнуудтайгаа найрсаг харилцааны бодлого баримталж ирсэн ч Америкийн баазуудаа аль болох хурдан хаахыг анхааруулсан. Түүнчлэн Минаб сургуулийг онилсон халдлагыг хүүхдийн эсрэг үйлдсэн санаатай гэмт хэрэг хэмээн тодорхойллоо.