Монголын нууц товчоонд өгүүлэхээр, Тэмүжин Тайчуудын гараас амь мөлтөс зугатаж ирсний дараа барааны газар байсан найман шарга агтыг нь дээрэмчид тууж одно. Тэмүжин тэдний араас дарги хонгор морио унан мөшгиж яваад хожмын анд Боорчитой таарна. Боорчи өөрийн адууг бэлчээрт нь орхиод Тэмүжиний адууг эрэлцэхээр амь дүйсэн аянд явна. Ононгийн шугуйг бараадан анчин, түүвэрлэгчийн аж ахуйгаар амь зогоож, амь далдалж явсан Тэмүжиний амьдралд энэ эрлээс хойш эрс эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүд гарч, тал нутгийн залуу баатрууд түүнийг хүрээлж эхэлсэн билээ.
Энэ аянаас Наху баяны хүү Боорчи, Тэмүжин хоёрын хооронд эрчүүдийн гүдэсхэн нөхөрлөлөөс гадна ашиг сонирхлын холбоо үүссэн байх боломжтой. Нууц товчоонд өгүүлсэнчлэн, “Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж байсан” учраас тал нутгийн хөрөнгөтнүүд дайн самуунаас залхаж байсан нь лав. Ийм учраас идэр залуу, амбицтай, өндөр угсаатай Тэмүжинд хөрөнгө оруулж, гар газар, хөл хөсөр цаг үеийг авчрахыг хүсжээ. Мэдээж хэрэг суут баатар Тэмүжин хүмүүст сэтгэгдэд төрүүлж байсан нь лав. Тэр хөрөнгө нь мэдээж адуу. Боорчи Тэмүжинтэй нөхөрлөхөөр ирсэн нь Тэмүжиний амбицтай шинэ төсөлд нэгдсэн хэрэг байв. Түүний араас Жарчиудай дархан хүү Зэлмэгээ дагуулан ирсэн. Технологи хөрөнгийг дагадаг. Хэнд адуу буй түүнд хурд буй, хэнд хурд буй түүнд хүч буй. Нууц товчооны зохиогч Тэмүжинг хүчээ олж, улсыг байгуулах хүртэл адууг зөрчлийн нэгэн гол хүчин зүйл болгон ашигласан нь тал нутгийн хууль, тэр үеийн дэлхий ертөнцийн хүчний хуулийг сайтар ойлгосны шинж байв. Морин дэл дээр, моринд тулгуурлан эхэлсэн нөхөрлөл хожим дэлхийн тавиланг өөрчилсөн билээ.
Адууг бидний өвөг дээдэс анх гаршуулаагүйг шинжлэх ухаан нотолсон. 2021 онд Францын палеогенетикч Людовик Орландо тэргүүтэй судлаачдын хийсэн геномын судалгаа, Ижил-Дон мөрний хөндийд 4200 жилийн өмнө анх адууг гаршуулсан гэх дүгнэлтэд хүрсэн билээ. Гэхдээ энэ нээлтэд дух атируулж, хөмсөг буулгаад хэрэггүй юм. Ижилийн тэгш талаас олон зүгт тарсан адууны соёлыг төгс төгөлдөр хөгжүүлсэн хүмүүс бол бидний өвөг дээдэс гэдгийг Макс Планкийн хүрээлэнгийн эрдэмтэн Уильям Тейлор, манай урдаа барьдаг археологичдын нэг Ж.Баярсайхан болон судлаач Т.Түвшинжаргалтай хамтран хийсэн судалгаа батлаад удаагүй байна. Алдарт “Үндэсний газар зүйн нийгэмлэг”- ийн тэтгэлгээр монгол нутаг дахь Буган хөшөө - Хиргисүүрийн цогцолбороос олдсон адууны дурсгалууд дээр хийсэн судалгааны үр дүнд адууны гавал дахь шүднүүд амгай зуусны ул мөрийг тээж байснаас гадна нүүдэлчид адууны шүдийг авч эмчилж байсныг тогтоосон юм. 3000 жилийн өмнө манай өвөг дээдэс адууг өнөөдрийнхөөс ялгаагүй унаж, хэрэглэж байсан нь одоохондоо дэлхийн рекорд. Энэ рекорд цаашид уртасна уу гэхээс өөр газар бууриа сэлгэхгүй биз ээ.
Судлаач Энтони Тэйлор, “Мал эмнэлгийн тусламж үйлчилгээг өрнийн шинжлэх ухааны ололт гэж ойлгож ирсэн. Гэтэл монгол малчид өнөөдөр маш энгийн багаж хэрэгсэл ашиглан чамгүй төвөгтэй ажилбаруудыг гүйцэтгэж байна. Бидний судалгааны үр дүнгээс харахад адууны анатомийг гүнзгий танин мэдэж, адууг хайрлан өсгөдөг уламжлал Хятад эсвэл Газар дундын тэнгисийн суурин иргэншилд бус ахуй амьдрал нь адууныхаа эрүүл мэндээс шууд хамааралтай байсан нүүдэлчдийн дунд тэднээс олон зууны өмнө анх үүсэж, хөгжсөн байна” гэж “Үндэсний газар зүйн нийгэмлэг”-ийн сурвалжлагчид ярьжээ.
Адуу гэдэг амьтан үгүй бол монголчууд хэд хэдэн эзэнт гүрэн байгуулах байтугай төв Азийн энэ хатуу ширүүн уур амьсгалтай тэгш өндөрлөгт өнөөдрийг хүртэл тэсэж амьдрахгүй байжээ. Адуу биднийг төсөөлснөөс маань ч хол аялуулсан анд нөхөр ажгуу.

Үүх түүх дэлгэж суух хооронд, могой жилийн сүүл шувтарч, морин жил төвөргөн айсуй. Монголын түүх бол морин дэл дээр бичсэн түүх. Энэ түүхийг хэмжих сарны тооллын тухай гэвч бас түүх ярилгүй болохгүй нь. Хүн төрөлхтний хамаг ололтыг өмчлөөд зогсохгүй, шавар балгадаа хүртэл ертөнцийн төв гэж зүрхлэн бодож ирсэн манай мөнхийн хөршүүд сарны тооллыг ч өөрсдөдөө хамаатуулдаг. Гэтэл Францын домогт хятад судлаач Эдуард Шаманн энэ ойлголтыг Хятадын өөрсдийнх нь түүхэн тэмдэглэлээс эшлэн үгүйсгэсэн билээ. Монголын тал нутагт оршин байсан түрүү үеийн түрэгүүд он тоололдоо амьтны нэр ашиглаж буйг Хятадын түүх бичээчид “Бэйши” буюу Умардын улсуудын тухай бичмэлдээ гайхан тэмдэглэсэн бөгөөд судлаач үүнээс үүдэн он тооллын системийг хятадууд нүүдэлчдээс авсан гэж үзсэн байна. Гэхдээ Бархасбадь гараг нарыг бүтэн тойрох мөчлөг дээр суурилсан 12 хуваагдал бүхий хийсвэр системийг хятадууд Христийн тооллоос хоёр зууны хулсанд тэмдэглэлдээ бичсэн бөгөөд, торгоны замын эзэн согдууд болон бидний өвөг дээдэс он тооллын энэ ажиглалтыг нь илүү прагматик утгаар өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн гэх хувилбар арай илүү голтой гэдэг дээр дэлхийн эрдэмтэд эдүгээ толгой дохижээ.
Тэгэхээр бидний өвөг дээдэс дорнын сарны тооллыг төгөлдөржүүлж, монгол морьны туурай хүрсэн газар бүхэнд түгээн дэлгэрүүлсэн түүх билээ. Хүннүгээс улбаатай язгуурын төр, Их Монгол улсын “Их засаг” хуульд ертөнц захирагдаж, Монгол хаадын цаг тоолол соёл иргэншлийн хилийг дамнан үйлчилж байсан учраас л сарны тоолол торгоны замын тоосонд тээгдсэн дорнын сонин уламжлалаас хальж, дэлхийн тоолол болсон нь үнэн.
Хятадууд Хүннүгээс эхлээд бидний өвөг дээдсийн тухай асар их мэдээлэл цуглуулж, тэмдэглэн үлдээсний дотор моринд хамгаас их ач холбогдол өгнө. Морины им тамга, цэрэгт хэрэглэх боломжтой хэдэн агттай зэрэг тагнуулын мэдээнүүдээ дурайтал бичиж үлдээжээ. Энэ нь аргагүй. Хань Улсын анхны Хуанди Лю Бон Хүннүгийн Модунь Шаньюгийн 40 түмэн морин цэрэгт 7 хоног бүслэгдэж, амь гарахын эрхэнд хэлсэн бүх шаардлагыг нь зөвшөөрөн бууж өгсөн гутамшигт түүхийг тэд өөрсдөө бичин үлдээжээ. Иймээс хятадууд адуу үржүүлэх боломжтой умард нутгаараа олон түмэн адуу үржүүлэх аж ахуй байгуулж, тэндээ Монголоос элдэв аргаар олзолж аваачсан морьдоо үржүүлж эхэлжээ. Морь ийнхүү стратегийн зэвсэг болов. Бидний өвөг дээдэс ч хөршөө хүчирхэгжүүлэхийг хараад суусангүй. Үе үе уулгалан довтолж, үй түмэн адуу тууж ирдэг байсан нь түүхнээ үлджээ.
Жангарын туульд олон түмэн адуу олзлон тууж ирсэн тухай иймэрхүү өгүүлэмж асар олон байдгийг ажигласан Шинжааны торгууд эрдэмтэн Батмөнхийн Батжаргал нэн сонирхолтой дүгнэлт хийсэн юм. Эртний хятад хэлтэй, манай түүхчдийн ихэвчлэн орос судлаачдаас дам эшлэдэг байсан Хятадын алдарт түүхч Сы Ма Цяний “Түүхэн тэмдэглэл” зэрэг олон хятад эх сурвалжийг монгол хэлнээ орчуулсан энэ эрхэм Жангарын тууль дахь ноёдын дэс дараалал, төрийн зохион байгуулалтаас эхлээд маш олон зүйл Хүннүгийн тухай хятад тэмдэглэл, түүхэн баримтуудтай дүйцэж байгааг судалж бичсэн юм. Өөрөөр хэлбэл “Жангар” Хүннүтэй чацуу, түүнээс ч эрт үүссэнийг нотлох наад захын нотголгоо. Гэтэл энэ нотолгоо оросуудын бидэнд бичиж өгсөн, “Жангарын тууль XVI зуунд үүссэн” гэдэг тодорхойлолттой зөрчилдсөн учраас манай эрдэмтэд Б.Батжаргал гуайд зэрэг өгөлгүй боорлосоор нутаг буцааж санаа амарсан. Алтыг аваад авдрыг нь хаяхын үлгэр ийм. Туульс бол үндэстэн оршин байсны нотолгоо, үндэсний хэлний нотолгоо билээ. Монгол туульсын гүнд морь нь баатрынхаа гэр бүлийн гишүүнээс ч чухал үүрэгтэй.

1991 оны арванхоёрдугаар сарын 24- ны өдөр Ардын их хурлын танхимд хийсэн зохиолч Д.Дожоодорж агсны тэмдэглэлээс монголчууд хоёр мянганы дараа ч морио хэрхэн дээдэлдэг хэвээр үлдсэнийг харж болно. Олон депутатын хувьд эрх чөлөөгөө олно гэдэг адуугаа чөлөөлэй өсгөх боломж мэт харагдаж байсан нь илт. Улсынхаа сүлдийг шинэчлэн батлахаар хуралдсан депутатууд сүлдэндээ морь оруулах гэж хэчнээн их хичээснийг эндээс харж болно.
109 дүгээр тойргийн депутат С.Лхагвасүрэн “...Хөдөө явж байхад хөдөлмөрчид “ээ дээ хүлэг морио сүлдэндээ үлдээгээрэй гэж захисан...”
44 дүгээр тойргийн депутат Ш.Сүрэнжав “...Морь, соёмбо хоёроо орхивол монгол заяа орхигдоно... Ер нь ард түмний сэтгэлийн мэдрэмж энэ танхимд байх ёстой шүү...”
274 дүгээр тойргийн депутат Л.Цог-Очир “Энэ морь чинь бидний алж иддэг, унаж давхидаг тийм морь биш ээ. Цэвэр бэлгэдлийнх байх учраас магадгүй хоёр, гурван толгойтой ч байж болох юм”
271 дүгээр тойргийн депутат Ж.Даргахүү “Морийг сүлдэндээ оруулна. Харин морь далавчтай байх уу, эзэнтэй байх уу гэдгийг ярилцъя”
214 дүгээр тойргийн депутат Д.Доржсамбуу “Элбэгдорж чи үнэхээр хувийн аж ахуйтны холбооны ерөнхийлөгч юм бол морийг сүлдэндээ оруулах талаар ярьж, хөөцөлдөөч...”
Төрийн сүлд зурах шалгаруулалтад Цагаан давааны хогийн цэг дээр амьдардаг нэр бүхий иргэн хүртэл морь зураад ирж байсан гэж депутат Р.Хатанбаатар дурсжээ. Депутатууд НАХЯ-ны дэргэдэх чуулгын тоглолт үзсэн бөгөөд тэр тоглолтон дээр одоогийн гавьяат Э.Бүрнээбаяр, “Тахийн удамт монгол адуу, Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу” хэмээх алдарт хитээ дуулсан нь депутатуудын бодол санааг бүр ч эргэлт буцалтгүй болгосон гэж депутат Д.Балдан-Очир манай сэтгүүлчид ярьсан юм.
Ийнхүү социалист төрийн сүлдэн дэх реалист морь зураач Ц.Ойдовын хийсвэр дүрслэл бүхий абстаркт мориор солигдож, морин эрдэнэ маань Монгол төрийн сүлдэндээ үлдсэн түүхтэй.
1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг Ардчилсан хөдөлгөөнүүд, жагсаалуудыг удирдаж, шаардлага тавьсан эр зоригтой залуусын хүчээр ялсан гэж ярьдаг, боддог нь өрөөсгөл. Монгол хүмүүс дээр Монголын удирдагчдын гараар хийсэн социалист туршилт бүтэлгүйтэж, үр ашиггүй эдийн засгийн тогтолцоо ул суурьнаасаа ч, толгой түрүүнээсээ ч ялзарч дуусаад нурж унасан билээ.
Системийг төвлөрүүлэгч ЗХУ нуран унаж байсан учраас түүнд хамаг баялгаа хэдэн арав дахин хямдаар нийлүүлчихээд хариуд нь зээл нэртэй амь зогоох татаас авч аж төрж байсан Монголын эдийн засаг өнгөн дээрээ оршсоор байсан ч үнэндээ бүрэн нурчихаад байв.
ШУА-ийн Философи, Социологи, Эрхийн хүрээлэнгийн эрдэмтэн Х.Гүндсамбуу 1988 онд “БНМАУ-ын улс ардын аж ахуй 1987 онд” илтгэлдээ социалист эдийн засаг мухардалд орсныг анхааруулжээ.
“Ямар ч хамаагүй үнээр биелүүлдэг төлөвлөгөөжилт, асрамжлан бөөцийлөх, бөөцийлүүлэх зуршил, гүйлгээгүй бэлэн бүтээгдэхүүний хийгээд суурилуулаагүй тоног төхөөрөмж, ашиглагдаагүй материалын үлдэгдэлт хуримтлал, мөн үнэ төлбөргүй болон цохолтын хөрөнгө оруулалт, бүтцийн доголдол, тэнцэл ба балансжилтын зөрөө зэрэгт юуны түрүүнд тусгалаа олж байна” гэж тэрээр дүгнэсэн байна. Мэдээж хэрэг эрдэмтний дүгнэлт хавтсанд мартагдаад систем инерцээрээ уруудсаар үлдсэн.
«Үнэн» сонины 1988 оны № 306 дугаарт социалист эдийн засаг огтоос үр ашигггүй байгаг тов тодорхой бичжээ:
1960 онд улс ардын аж ахуйн үндсэн фонд 3.7 млрд төгрөг байхад хоёр млрд илүү төгрөгийн үндэсний орлого үйлдвэрлэж байсан бол 1987 онд 43.8 млрд төгрөгийн үндсэн фонд эзэмшчихээд найм хүрэхгүй млрд төгрөгийн үндэсний орлого үйлдвэрлэж байв. Товчхондоо 1960 онд 3.7 миллиард зарлага гаргаад 2 миллиардыг олдог байсан бол, 30 жилийн дараа 1990-ээд онд арав дахин ихийг зардаг болсон ч орлого нь ердөө гурав дахин өсөж, улсын өр гэрлийн хурдаас өсжээ. Үр дүнд нь 1990 оны цагаан морин жилтэй золгоход БНМАУ Оросод төлөх 11 тэрбум ам.долларын их өртэй хоцорсон билээ.
Энэ үнэний зах зухаас ардчилсан хөдөлгөөнүүд хэлж, шаардсанаар хувьсгал жам ёсоороо эхэлсэн билээ. Бодлогогүй засаг, худал хуурмаг үзэл суртлыг монголчууд боломж гарах төдийд түрхрэн босож, амар тайван замаар сольж чадсан юм. Харин түүхэн үүргээ гүйцэтгэж, биднийг технологийн эрин үед, эрх чөлөөт нийгэмд хөтлөн оруулаад сүлдэндээ заларсан билээ. Бид өөр хурдатгал, өөр хүчин зүйлд найдах ёстой болов.
Цагаан морин жилээс хойш морин жил гурвантай ирж, хүний амьдралын гурван үе улирхад монгол хүмүүс бүтээж чадна, Монголын эдийн засаг бух шарнуудтай өрсөлдөж чадна гэдгээ нотолж чадсан нь эрх чөлөөний хамгийн том үнэ байлаа.
1989 оны эцэст эдийн засагт эргэлдэж байсан нийт мөнгөний нийлүүлэлт ердөө 5.1 тэрбум төгрөг байсан нь өдгөө бол таван даргын дэргэдэх эрдэнэ ЖиДҮ-гийн зээл хэлбэрээр завшчихдаг, макро эдийн засгийн хувьд хармааны мөнгө байжээ. Эдүгээ Монголын зах зээлд 50 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа нь 1990 оноос 10 мянга дахин өссөн үзүүлэлт. Иргэдийн гадаад валютын хадгаламж 157 сая төгрөгөөс 21.6 их наяд төгрөг болтлоо өссөн нь 30 000 дахин өссөн дүн. Энэ бол цагаан морин жилд монголчуудын хийсэн эрх чөлөөт сонголтын үр дүн билээ.

Макро тоонууд агуу амжилтыг зураглаж байна. Энэ толгой эргэм амжилт нээрээ л бидний толгойг эргүүлжээ. Монголын хөрөнгөтнүүд төрийг ичгүүр сонжуургүйгээр угжих болов. Яг л 1930- аад онд Германы хөрөнгөтнүүд Германы Үндэсний Социалист Ажилчны Намыг угжиж байсан шиг нэг нам, түүнийг тойрсон тойрон хүрээлэгчдийг угжих болсныг 2024 оны сонгуулийн хандивын мэдээ тод харуулсан.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг. Алдагдал нь 2 их наядыг давав. Улсын гадаад өр 2025 оны эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрч, аравхан жилийн дотор хоёр нугалсан амжилт үзүүлээд байгаа дампуу төрд Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг “ард түмэнд хүртээх” нэрээр төрд өгөхөөр болж, гарын үсэг зурж баярлалдацгаав.
Харамсалтай нь энэ их баялаг дөрвөн сая руу дөхөж яваа монгол хүмүүст хүртэхгүй. 2022 онд нэг монгол айл дунджаар 10 сая төгрөгийн зээлтэй байсан бол өнөөдөр 20 сая давсан. Засгийн газар инфляцыг 7 хувьд барина гэж амлаж байгаа ч тэдний амлалт хэрхэн хэрэгждэгийг сүүлийн 10 жил бид харж байгаа. Азийн хөгжлийн банк хэрэглээний үнийн өсөлт 8 хувь давна гэж таамаглаж байгаа ч амьдрал дээр хэрэглээний сагс маань цоорч эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сан 200 тэрбум алдагдалтай он давав. Төрийн зардал ихсэх мөртлөө иргэдэд ирэх өгөөж ууршив. Манай төр, аргацаасан халамжаар төсвөө хавагнуулсны гороор хөрөнгө оруулалт хийх орон зай хумигдаж, уул уурхайн аварга том төрийн өмчит корпорациудад нүүрлэсэн хулгай, иргэдийн нэрийн дансны цөлмөлтийг хувийн хэвшлийн уурхайн ашгаар нөхөхийг оролдож байна. Хойд хормойгоор урд хормойгоо нөхсөн, одоо хойд энгэрээр урд энгэрээ нөхнө. Дараа нь одон зүүх энгэр жирийн монгол хүнд үлдэх болов уу?
Монголчууд морин жилд сэрэх нь баттай болжээ. Сэрэхдээ 1990 оны цагаан морин жилтэй адил эдийн засгийн нуралтаар сэрэх нь ээ. Сүүлийн 10 жилд мөнгөний нийлүүлэлтээ 7 дахин өсгөсөн атлаа бүтээмж нь хорьхон хувиар өссөний үйлийг лайгаа үүрцгээнэ. Яг л социализмын үеийн бүтээмжгүй улс, гэрлийн хурдаар өсөх өр.
Жирийн монгол хүнийг гэрийн өр нь морин жилийн өглөө бүр сэрээнэ. Харин морин сүлдтэй төрийг маань Монголын өр сэрээх нь үү? Сэрэхгүй бол сэрээж чаддаг нь Монголын зан. Татвараа багасгаж, хулгайгаа цэгцлэхээс урьдаар ханцуй дотроо наймаалцаад эхэлвэл монголчууд сэрдэг юм. Цагийн тохироо гэхээсээ хувьсгалын тохироо ч байж мэднэ.
36 жилийн өмнө цагаан морин жилд эдийн засгийн профессор, улсын удирдагч асан Ж.Батмөнхөөс сэтгүүлч Т.Галдан социализмын үед зарцуулсан зээлийн зарцуулалтын талаар асуухад “Авсан зээлээ бид салхинд хийсгээгүй... Ингэж хэлэхдээ би зээлийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байсныг огтхон ч үгүйсгэхгүй” гэж шударга хариулж байсан юм. Ард түмэн нь засаглалд нь дүн тавьчихсан ээдрээт өдрүүдэд тэрээр Засгийн эрх мэдлийг гадаад, дотоодын элдэв өнгөлзлөгөөс хамгаалж, зүй ёсоор нь хойч үедээ хүлээлгэн өгч чадсан гавьяатан билээ. Өвгөн удирдагчид байсан шиг өндөр ноён нурууг өнөөдөр бид хэнээс хүлээх вэ?