
Олон улсын олимпын хорооноос Сенегалын Дакар хотод залуучуудын зуны IV олимпын наадмыг аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү наадам нь олимпын хөдөлгөөний түүхэнд Африк тивд болох анхны олимпын наадам гэдгээрээ онцлог болох юм. Наадамд 204 орны 15-17 насны 2700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөнө.
“Дакар-2026” наадамд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч уулзжээ. Энэ удаагийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам ажиллах юм байна.
Монгол Улсаас уг наадамд бокс, дугуй, жүдо, элсний бөх, сагсан бөмбөгийн 3х3, усанд сэлэлт гэсэн зургаан спортын төрөлд нийт 10 тамирчин оролцох юм.
Ташрамд дуулгахад, “Дакар-2026” залуучуудын олимпын наадам нь эрэгтэй, эмэгтэй тамирчдын оролцооны бүрэн тэнцвэрийг хангах зорилт тавьснаараа онцлог бөгөөд Африк тивийн 54 үндэсний олимпын хорооны баг тамирчдын оролцоог хангажээ.
