
Францын найруулагч, сценарист, продюсер Жан-Жак Анно энэ өдөр төржээ. Түүний кинонууд эртний түүх, дайн, байгаль, шашин, хайр дурлал зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөж, өөр өөр улс орны соёл, газар нутгийг дэлгэцэд өвөрмөц байдлаар буулгадгаараа онцлог.
Анно 1976 онд бүтээсэн анхны бүрэн хэмжээний кино “Black and White in Color”-оороо Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны шагнал хүртсэн. Харин “Quest for Fire”, “The Name of the Rose”, “The Bear” зэрэг бүтээлүүд нь түүнд Францын “Сезар” шагналын гол номинациудын амжилтийг авчирсан юм.
Түүний бүтээлийн нэг онцлог нь үйл явдлыг зөвхөн дүрүүдийн яриагаар бус, орчин, дүрслэл, дуу авиа, байгалийн хүчээр дамжуулан өгүүлдэгт оршино.
QUEST FOR FIRE
“Quest for Fire” нь хүн төрөлхтний балар эртний үеийг өгүүлсэн адал явдалт бүтээл агаад Ж.Х.Ронигийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Кинонд гал нь амьд үлдэх хамгийн чухал нөхцөл болсон эртний хүмүүсийн нэгэн овгийн түүхийг өгүүлдэг.
Овог галын нөөцөө алдах үед гурван залуу дайчин галын эрэлд холын замд гарна. Тэдний аялалын явцад өөр өөр овог аймаг, байгаль орчин болоод амьд үлдэх арга ухаантай нүүр тулна. Киноны онцлог нь харилцан яриаг бараг ашиглалгүйгээр хөдөлгөөн, нүүрний хувирал, дуу авиагаар үйл явдлыг илэрхийлсэнд оршино. Энэхүү бүтээл Аннод олон улсын нэр хүнд авчирсан томоохон бүтээлүүдийн нэг болсон бөгөөд 1982 онд “Сезар”-ын шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртжээ.
Мөн киноны нүүр хувиргалтын ажил Оскарын шагнал болон Британийн кино академийн шагналын хүртсэн байна.
THE NAME OF THE ROSE
Умберто Экогийн ижил нэртэй романаас сэдэвлэсэн “The Name of the Rose” кино нь 1327 онд Италийн нэгэн Бенедиктийн хийдэд өрнөх нууцлаг гэмт хэргийн түүх юм. Шон Коннери лам Гийом де Баскервиллийн дүрийг бүтээж, залуу Адсо фон Мелкийн хамт хийдэд гарсан учир битүүлэг үхлүүдийн учрыг тайлахыг оролдоно.
Түүхэн орчин, шашны зөрчил, инквизицийн үеийн айдас, мэдлэг ба эрх мэдлийн асуудлыг детектив үйл явдалтай хослуулсан нь киноны гол онцлог. Анно дундад зууны Европын хийд, номын сан, шашны орчныг нарийн дүрслэлээр бүтээж чадсан байна.
THE BEAR

Тус кино нь Канадын ууланд ээжээ алдаж, ганцаар үлдсэн бамбарууш ба түүнийг хамгаалах нас биед хүрсэн баавгайн тухай өгүүлдэг. Анно уг бүтээлээрээ хүний ертөнцөөс илүүтэй амьтдын байр суурийг киноны төвд авчирсан юм.
Үзэгчид бамбаруушийн нүдээр байгаль, аюул занал, амьд үлдэх тэмцлийг мэдэрдэг. Кинонд байгалийн зураглал, амьтдын хөдөлгөөн, дуу авиаг чухалчилж, хүний яриаг маш бага ашигласан нь “Quest for Fire”-тай нь ижил төстэй арга барилыг харуулна. Иймээс “The Bear” нь байгаль, амьтан, хүний оролцооны тухай өгүүлсэн сэтгэлзүйн шинжтэй адал явдалт бүтээл болсон юм.
Энэхүү кино Аннод 1989 онд “Сезар”-ын шилдэг найруулагчийн шагналыг дахин авчирсан бөгөөд Франц болон олон улсын кино ертөнцөд өндөр үнэлгээ хүртжээ.
SEVEN YEARS IN TIBET
“Seven Years in Tibet” нь Австрийн уулчин Генрих Харрерын дурсамжаас сэдэвлэсэн түүхэн драм.
Брэд Питт гол дүрийн залуу болох Харрерын дүрд тогложээ. Харрер Төвдөд байхдаа залуу далай ламтай танилцаж, улмаар өөрийн ертөнцийг үзэх үзэл, амьдралын зорилго нь өөрчлөгдөж буйг кинонд өгүүлнэ. Гималайн уулс, Төвдийн байгаль, соёлын орчныг өргөн цар хүрээтэй зураг авалтаар үзүүлсэн нь бүтээлийн дүрслэлийн гол давуу тал юм.
Кино 1997 онд гарч, Анногийн Холливудын томоохон уран бүтээлчидтэй хийсэн хамгийн танил бүтээлүүдийн нэг болжээ.

ENEMY AT THE GATES
“Enemy at the Gates” нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн Сталинградын тулалдааныг өгүүлсэн дайны драм бөгөөд Жүд Лоу, Эд Харрис нар гол дүрүүдэд тогложээ.
Кинонд Зөвлөлтийн мэргэн буудагч Василий Зайцев болон Германы мэргэн буудагч Кёнигийн хоорондох сөргөлдөөнийг үзүүлнэ. Анно Сталинградын сүйрсэн хотыг Германд асар том декораци байгуулан сэргээн бүтээж, дайны орчныг дэлгэцэнд буулгасан байна. Үйл явдал зөвхөн хоёр мэргэн буудагчийн тулаанаар хязгаарлагдахгүй, дайны үеийн айдас, амьд үлдэх тэмцэл зэргийг тод харуулдаг.