
ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр очсон ч цэрэгт татагдаж, дайнд дайчлагдсан гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас тайлбар өглөө.
Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Нийгмийн сүлжээнд гарсан мэдээллийг харсан. Тухайн иргэний ар гэр нь өнгөрсөн долоо хоногт ГХЯ-нд албан хүсэлт гаргасан. Үүний дагуу ГХЯ-ны зүгээс ОХУ-ын элчин сайдын яамтай холбогдсон. Мөн ОХУ дахь элчин сайдын яам тус улсын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалан яамтай холбогдож, тус иргэний мэдээллийг өгсөн. Тухайн иргэний ар гэрийн төлөөлөлтэй бид тогтмол холбоотой байгаа. Тэрээр хэлний бэрхшээлийн улмаас гэрээнд санамсаргүйгээр гарын үсэг зурсан учир иргэнээ буцааж авъя гэх хүсэлтийг ОХУ-ын талд өгсөн.
Өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр иргэдийг дайны үйл ажиллагаанд татан оруулж байна гэх асуудал нийгмийн сүлжээнд яригдаж байсан. ГХЯ-наас 11 дүгээр сарын 2-ны өдөр албан ёсны сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан.
Энэ бол ганц иргэний асуудал биш. Цаашид ч давтагдаж болзошгүй, өмнө нь ч гарч байсан асуудал. Иргэд өндөр цалин амласан тогооч, тээврийн жолооч зэрэг ажилд бүртгүүлж, ОХУ-руу хил давдаг. Бодит нөхцөл байдал дээр энэ нь анхнаасаа залилан, луйврын шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд оруулахаар ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээдийн зохион байгуулсан ажил байдаг. Үүнийг таслан зогсоохоор ГХЯ тодорхой арга хэмжээ авч ажилласан" гэв.