Европын Хүрээлэн буй орчны агентлаг дуу чимээний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулж буй судалгааг хийж танилцуулжээ. Уг судалгаагаар Европ даяар 110 сая гаруй хүн дуу чимээний бохирдлоос болж эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай тулгарч байна. Энэ нь Европын 700 сая гаруй хүн ам дунд долоон хүн тутмын нэг нь дуу чимээний бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгээр өвчилж байна гэсэн үг юм.
Эдгээр хүмүүс сэтгэл санааны хувьд стресстэх, нойргүйдэлд орох зэрэг өвчнөөр шаналж байна.
Үүнээс гадна Европт жил бүр 66 000 хүн дуу чимээний бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байна. Эдгээр хүмүүс дуу чимээний бохирдлын улмаас зүрх судасны өвчин, чихрийн шижин, дерпессээр өвчилж, улмаар амь насаа алдахад хүрч байна.
Европын эдийн засгийн бүсэд оршин суудаг хүн амын 20 хувь нь галт тэрэг, нисэх онгоц, машинаас үүдсэн дуу чимээний бохирдолд өртдөг.
Их Британид л гэхэд хүн амын 40 хувь нь тээврийн хэрэгслээс гарч буй дуу чимээнд хордож байна. Тухайлбал тус улсад 17 сая хүн удаан хугацаанд үргэлжилсэн дуу чимээний бохирдлоос болж уур уцаар ихтэй болжээ. Мөн таван сая хүн нойргүйдэх эмгэг өвчинтэй тулгарч, 15 сая хүүхэд эрүүл мэндэд хортой дуу чимээний бохирдолтой бүсэд амьдарч байна.
Судлаачдын хийсэн дүгнэлтээр дуу чимээний бохирдол тамхи татах, хар тугалгын бохирдол зэргээс илүү эрсдэл дагуулдаг болж байна. Мөн эдийн засгийн алдагдал нь жилд 100 тэрбум еврод хүрэх болжээ.
Европын хүрээлэн буй орчны агентлагийн судлаачийн хэлснээр дуу чимээний бохирдол бидний эрүүл мэндийг сүйтгэж байна. Зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижин, жингийн илүүдэл, хүүхдүүдийн танин мэдэхүй ой тогтоолтыг удаашруулах, оюуны чадамжийг сулруулах зэрэг олон талын бэрхшээлийг дагуулж байна. Эдгээр өвчлөл нь дуу чимээнээс үүдэлтэйгээр уурлаж бухимдах, стресстэх, энэ тааламжгүй байдал нь удаан хугацаанд стресстэх зэргээс шалтгаалж үүсэж байгаа юм.
Судалгаагаар хамгийн их тархсан, хамгийн олон хүнд хүрч өвчлүүлдэг нь тээврийн хэрэгслийн дуу чимээ юм. Үүний дараа хөрш айлууд, шөнийн цэнгээний газруудын хөгжим зэрэг дуу чимээ бохирдолд тооцогдож байна.
Европын 92 сая хүн ам авто замын хөдөлгөөний дуу чимээнд, 18 сая хүн галт тэрэгний чимээнд, 2,6 сая хүн онгоцны дуу чимээний бохирдолд өртөж байна. Европ тивийн орнууд дуу чимээний бохирдлыг бууруулахын тулд төв суурин газарт тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах, чанга чимээтэй дугуй ашиглахыг хориглох, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэх, алхах, дугуй унах зэргийг сурталчилж байна. Гэвч 2017-2022 оны хугацаанд дуу чимээний бохирдол ердөө гурван хувиар л багасжээ.
Цахилгаан автомашины хэрэглээ тээврийн хэрэгсэл, зам тээврийн дуу чимээг багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж судлаачид найдлага тавьж байна.